Өргөст хэмхийн усны ашиг тус
Өргөст хэмх – салат хийхэд өргөн хэрэглэгддэг ногоо. Зөвхөн салат бус шөл ч хийж идэхээс гадна грек тарагтай хольж идэхэд маш амттай байдаг.
Өргөст хэмхийг зөвхөн хоол хүнсэнд хэрэглээд зогсохгүй арьс арчилгаанд ч өргөн ашигладаг. Өргөст хэмх нь В, С амин дэмээр баялаг тул арьсыг гайхалтай чийгшүүлдэг. Өргөст хэмхийн маск тавьж үзээгүй эмэгтэй хүн бараг байхгүй биз, нүдний доорх хөx толбыг ч цайруулна. Мөн арьсыг чийгшүүлж, шим тэжээл өгнө.
Шим тэжээл
Өргөст хэмхийн ус нь шим тэжээл ихтэй, А, С, К амин дэмээр баялаг. Мөн кали, кальци, төмөр зэрэг эрдэс бодис агуулдаг байна.
Эдгээр шим тэжээлтэй бодис нь арьс арчилгаанд нэн хэрэгтэйгээс гадна биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ.
Шүлтлэг ундаа
Өргөст хэмх – шүлтлэг шинж чанартай гэдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл, бидний бие махбодийн рН-ийн тэнцвэрт байдлыг хангана – хүчлийн хэмжээг багасгаж шүлтлэгийн хэвийн хэмжээг тэнцвэржүүлнэ гэсэн үг юм.
Аливаа өвчин хүчлэгийн түвшнөөс маш их хамааралтай. Тиймээс шүлтлэг агуулсан хүнс идэх нь эрүүл мэндэд тустай гэж ойлгоно.
Биеэс хорт бодис гадагшлуулж цэвэрлэнэ
Өргөст хэмхийн ус – хоргүйжүүлэх шинжтэй тул хүний эрүүл мэндэд нэн чухал. Биеэс хорт бодисыг гадагшлуулж, цаашид хуримтлагдахаас хамгаална.
Зөвхөн биеэс хорт бодис гадагшлуулаад зогсохгүй шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр шээсээр дамжуулж эрүүл мэндэд гаж нөлөөгүйгээр хорт бодисоо гадагшлуулж чадна гэсэн үг юм.
Байгалийн антиоксидант ихээр агуулдаг
Өргөст хэмх байдлаараа ч тэр, шингэн байдлаараа ч тэр байгалийн гаралтай антиоксидант учраас чөлөөт радикалын гаж нөлөөг багасгана, юуны түрүүнд хүний биед хорт бодис хуримтлагдахаас хамгаална.
Турах, өөх шатаахад тусална
Өргөст хэмхийн усыг байнгын биеийн тамиртай хослуулж чадвал богино хугацаанд илүүдэл жингээ багасгах боломжтой. Өргөст хэмх нь шээс хөөх үйлчилгээтэйг ч мартаж болохгүй.
Өргөст хэмхийн усны үндсэн үйлчилгээ:
- Эрдэс бодис, амин дэмээр баялаг тул шим тэжээлтэй
- Байгалийн гаралтай антиоксидантаар баялаг
- Гаж нөлөөгүйгээр хорт бодисыг гадагшлуулна
- Шүлтлэг ундаа, бидний бие махбодийн рН-ийн тэнцвэрт байдлыг хангана
- Турах, хэвлий орчмын өөх хайлуулахад тусална