in

Яг зөвЯг зөв

Бид гэрээ тохижуулахдаа гаргадаг эдгээр 11 алдаанаас болж гэрийнхээ тав тухыг баллаж орхидог. Чухам юун дээр алдаад байгаагаа сайтар анхаарах хэрэгтэй!

Гэр – эргэж очмоор тийм л газар. Халуун дулаан, тав тухтай, төрсөн гэр. Гэр яагаад ч юм тав тухгүй санагдах үе бий, чухам юу баллаад байгааг сайтар олж харахгүй.

Гэрийн тохижилтод түгээмэл гаргадаг 11 алдааг танилцуулж байна.

Олон өнгийн зөөлөн тавилга

Тод, олон өнгийн зөөлөн тавилга дэлгүүрт гоёмсог харагдаж болно, харин гэртээ авчраад тавихад нэг л зохимжгүй. Аль болох нэг өнгийн тавилга сонгоорой. Өнгө нэмэхийг хүсээд байвал буйдан дээгүүрээ өнгө өнгийн дэр, зөөлөн бүтээлэг хая – сэтгэл хөдлөлдөө тохируулаад өдөр болгон өөрчилсөн ч болно.

Том хүрээтэй нэг төрлийн зураг

Ханан дээр нэг л том зураг, тэгээд бас том хүрээтэй байвал үнэхээр зохимжгүй харагдана. Бүх анхаарлыг өөртөө татах тул өрөөний харьцааг алдагдуулдаг. Зохимжийг нь бодоод нэг төрлийн 2-4 дунд зэргийн зураг тавиарай.

Хэрвээ таны гэр сонгодог загвартай бол нэг том зураг зохино. Ялангуяа зураачийнх нь жинхэнэ бүтээл байвал бүр ч тансаг.

Олон давхар гялалзсан хөшиг

Энэ төрлийн хөшиг зөвхөн сонгодог хэв маягтаа л тохирно. Хэрвээ та орд харшид л амьдраагүй юм бол орчин үеийн байранд зузаан тааран материалтай хөшиг өлгөөрэй. Хананы өнгөндөө уусах ийм хөшиг өрөөг тань улам том харагдуулна.

Хэрэггүй олон тавиур

Замбараагүй байрлуулсан ил тавиур “тав тухтай хадгалах” байрыг бий болгодог гэж үздэг. Үнэн хэрэгтээ ханыг хүндрүүлж тоос шороо цуглуулахаас өөр ид шид байхгүй. Цэвэрлэгээ болгон дээр тавиуруудын тоос шороог арчина гэдэг багагүй тэвчээр шаардана. Тавиур дээр байгаа эд зүйлсээ хийх газар олдохгүй эсвэл та үнэхээр тавиуртай байхыг хүсээд байвал 1-2-ийг нь л үлдээ. Тавиураа байрлуулахдаа ч бодолтой байрлуулна.

Нэг өнгийн засал чимэглэл

Хана, тааз, хөшиг, өөр бусад гоёл чимэглэл бүгд нэг төрлийн өнгө байвал зохицно гэж үзэж байна уу? Аливаа зүйл өөрийн гэсэн зах хязгаартай байдгийг мартаж болохгүй. Тасалгааны бүх зүйлийг адилхан өнгөөр хийвэл хэтэрхий “ариутгасан” амьгүй харагдуулна, яг л зочид буудлын өрөө шиг. Гэрийн тав тухыг мэдрэхийг хүсэж байгаа бол ганц хоёр тод өнгийг нэмэхэд л хангалттай.

Тавилгаа буруу байрлуулах

Юуны түрүүнд тасалгааны хэмжээг харна. Хэрвээ том бол бүх тавилгыг хана дагуулж тавих хэрэггүй. Аль болох төв хэсэг рүү ойртуул – ингээд эргэн тойронд илүү тав тухыг мэдрүүлэх орон зай гарч ирнэ.

Хэрвээ, дунд зэргийн өрөө бол ханаа дагуулж тавилгаа байрлуулах нь зөв шийдэл болно.

Анхны дүрэм – тавилгаа өрөөнийхөө хэмжээтэй харьцуулж сонгох. Ширээ, буйдан, шкаф гэсэн хослол нь ямар ч хэмжээтэй өрөөг жижигхэн болгоно. Зай завсаргүй тавилга тавьсан өрөөгөөр явах гэж тавилганы булан тойрч хөлөө цохихыг хэн ч хүсэхгүй нь мэдээж.

Хангалтгүй гэрэлтүүлэг

Тав тухыг мэдрэхэд гэрэлтүүлэг чухал үүрэгтэй. Хэрвээ байгалийн гэрэл төдийлөн орж ирдэггүй бол цахилгаанд хэмнэлт гаргаад хэрэггүй шүү. Гэрлийн хэд хэдэн эх үүсвэртэй байж өдрийн цагаас шалтгаалан гэрлийн тусгалыг тааруулна. Байнга бүүдгэр орчинд амьдарна гэж юу байх вэ дээ?

Шалаа буруу хийх

Гажиг сонсогдох байх, гэхдээ жижиг өрөөний шалыг уртын дагуу биш харин хөндөлдүүлж хийвэл өрөө илүү том харагдана.

Хананы өнгө

Хэт тод эсвэл бараан өнгийн хана бидний сэтгэл зүйг дарамталдаг. Яагаад ч юм цаанаасаа л тав тухгүй мэдрэмж төрнө. Цайвар өнгийн хана өрөөг том харагдуулаад зогсохгүй илүү тайван мэдрэмжийг төрүүлдэг байна.

Тод өнгийн чимэглэл

Хэт их гоёж чимсэн өрөөнд хүн ороод төөрөгдөлд орох шиг болдог. Анхаарал нь алдагдаж, жирийн нэг зочны өрөөнд бус аварга том музей шиг л санагдана. Хаалганаас зайдуу өрөөний нэг буланд 1-2 тод өнгөөр чимэхэд  зохих тав тухыг мэдрүүлнэ.

Эмх замбараагүй байдал

Ямар ч зөв засал чимэглэлтэй байсан эмх замбараагүй, тоос шороотой л бол тав тухыг мэдрүүлж чадахгүй. Өөрийн үүрээ байнга цэвэрлэж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *