Кальци – хоол хүнсэнд заавал агуулагдах ёстой маш чухал элемент юм. Түүний дутагдал нь маш аюултай бөгөөд ноцтой үр дагаварт хүргэдэг. Дараах нийтлэлээс хэрхэн кальцийн дутагдлаа нөхөж асуудал үүсэхээс сэргийлэх тухай олж уншаарай.
Хүний бие дэх кальцийн гол үүргүүд
Насанд хүрсэн хүний биед 1-2 кг кальци агуулагддаг. Түүний томоохон хэсэг (ойролцоогоор 98-99%) нь ясны эдэд харин багахан хэсэг нь цус зэрэг биологийн шингэнээр эргэлдэж байдаг.
Кальцийн үндсэн үүргүүдийг харцгаая:
- Биеийн тулгуур буюу араг яс болон ясны эдийн хэлбэржилт. Зөвхөн кальци нь л шүд болон ясанд шаардлагатай нягтралыг хадгалахад тусалдаг үндсэн элемент юм.
- Булчингийн агшилтыг зохицуулах ба зүрхний булчингийн агшилтын үйл ажиллагааг хэвийн явуулна.
- Кальци нь биед явагдах олон тооны бодисын солилцоонд оролцдог: өөх тосны, нүүрс усны, ус давсны. Энэ элемент нь биеийн дотоод тэнцвэрт байдлыг хадгалж амин чухалурвалуудын хэвийн үйл ажиллагааг хангадаг.
- Зарим даавруудын нийлэгжилтийг дэмжинэ.
- Кальци нь мэдрэлийн импульсийг зөв дамжуулахад тусалдаг бөгөөд зарим мэдрэлийн хариу урвалд оролцдог. Ийм байдлаар энэ элемент нь төв мэдрэлийн тогтолцооны тасралтгүй үйл ажиллагааг хангадаг.
- Кальци нь К витаминтай хавсарч цусны бүлэгнэлтийг тогтворжуулж түүнийг хэвийн түвшинд барихад тусалдаг.
- Энэ элемент нь зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт судасны ханын нэвчимтгий чанарыг бууруулж, ханыг бэхжүүлж, судасны хэлбэр алдагдахаас сэргийлдэг. Хоёрдугаарт кальци нь зарим элементтэй хавсарснаар цусны даралтын түвшинг хэвийн хэмжээнд барьдаг.
- Кальци нь антиоксидант үйлчилгээтэй учир чөлөөт радикалуудын хор хөнөөлийг багасгахад тусалдаг.
- Үрэвсэлт процессуудыг зогсоож халдварын дараах эдийн нөхөн төлжилтөнд нөлөөлж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
- Дархлалын тогтолцоог хэвийн болгоно.
- Кальци нь эсийн мембраны үндсэн элементүүдийн нэг юм. Тэрээр мембраны нэвчимтгий чанарт нөлөөлдөг ба тэдгээрээр нь хүчилтөрөгч болон шим тэжээл зөөвөрлөхөд тусалдаг.
Өдрийн хэрэгцээ:
Кальцийн өдрийн хэрэгцээ нь насанд хүрсэн хүнд 800-1200 миллиграмм байдаг. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй 1500 мг хүртэл ихэсгэнэ. 3 нас хүртэлх бага насны хүүхдэд 300-500 миллиграмм, харин 3-10 нас хүртэл ойролцоогоор 800 миллиграмм байна. Өсөлт болон бэлгийн бойжилт явагдах үед өсвөр насны хүүхдэд 1100-1200 мг хүртэл ихэсдэг. Хэрэглэж болох хамгийн өндөр хэмжээ бол 2,5 грамм юм.
Анхаараарай: биеийн хүчний ажил хийдэг эрчүүд, хөлс ихээр ялгардаг хүмүүс, дааврын эмчилгээнд явдаг хүмүүс, фтор болон фосфат зэрэг хортой нэгдлүүдтэй харьцдаг хүмүүс кальцийн хоногийн хэрэгцээгээ нэмэх хэрэгтэй.
Хэрхэн дутагдлаа нөхөх вэ?
Кальцийн дутагдлаа нөхөхийн тулд хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Хамгийн ихээр кальци агуулагддаг бүтээгдэхүүнүүдийг харцгаая:
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, аарц, тараг, зөөхий гэх мэт
- Шош
- Навчит ногоо, ургамал: яншуй, бууцай
- Брокколи
- Цэцэгт байцаа
- Гүнжидийн үр
- Далайн байцаа
- Дүпү
- Манжин, бөөрөнхий сонгино
- Наранцэцгийн үр, газрын самар, бүйлс
- Тослог, улаан сортын загас, хулд
- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн
- Зарим жимс жимсгэнэ: чангаанз, лийр, хан боргоцой
Анхаараарай: кальцийн бүрэн шимэгдэлтэд витамин Д чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин энэ витамин нь өндгөнд ихээр агуулагддаг ба нарны туяаны үйлчлэлээр биед хуримтлагддаг. Тиймээс нартай өдрүүдээр цэвэр агаарт илүү их цагийг өнгөрөөж байгаарай.
Кальци дутагдлын шалтгаанууд
Кальцийн дутагдал нь янз бүрийн шалтгааны улмаас үүсэж болно:
- Буруу хооллолт (хатуу дэглэм, архи болон кофены хэтрүүлсэн хэрэглээ)
- Хүнсэнд витамин С, D зэрэг бусад чухал бүрэлдэхүүнүүд дутагдах
- Зарим бодис биед илүүдэх: фтор, хар тугалга, кали, төмөр, хлор
- Шээс хөөх эм хэрэглэх (кальци нь шээстэй хам биеэс гадагшилж болно)
- Жирэмслэлт, ялангуяа их хэмжээгээр хордлого өгч байгаа үед
- Бөөрний өвчин
- Ходоод гэдэсний замын зарим өвчнүүд, энэ үед хэрэглэж буй хүнсэн дэх шим тэжээлийн бодисуудын шингээлт алдагддаг
- Бамбай булчирхайн өвчин
- Суулгах эсвэл туулгах эм хэрэглэх (энэ тохиолдолд гэдэсний ханаар кальци шимэгдэх үйл явц алдагддаг)
- Тамxи татах
- Тогтмол стресстэх
Хэрхэн кальцийн дутагдлыг нөхөх вэ?
Кальцийн дутагдал нь ямар ч шинж тэмдэггүй эсвэл оношилгооны үед ч илрэхгүй байж болно. Энэ элементийн цусан дахь хамгийн тохиромжтой хэмжээ 2,2-2,5 ммоль/л байдаг. Хэрэв энэ үзүүлэлт 2 ммоль/л-с доошилбол бие организм дутагдлаа өөрийн хүчээр буюу яснаас болон бусад эдээсээ кальцийг татаж дутагдлыг нөхөх гэж оролдох болно. Харин энэ байдал удаан хугацаагаар үргэлжилбэл аюултай шинж тэмдгүүд илэрнэ:
- Ядарна, сульдана, идэвхгүй болно, сэтгэлээр унана
- Ясны нягтрал буурч яс амархан хугарна
- Шүдний байдал муудна
- Үс, хумс хугарамтгай болно
- Булчин шөрмөс татна
- Хүүхдийн өсөлт удааширна
- Бага насанд рахит үүсэх, гэдэсний хэмжээ томорч үе мөч тахийна
- Үе мөчөөр өвдөнө
- Алхахад хэцүү болж доголно
- Харшлын урвал өгнө
- Нуруу муруйна
- Даралт ихсэнэ
- Амархан стресстэнэ, амархан уурлана
- Өтгөн хатна, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудна
- Зүрхний хэм алдагдана
- Ой тогтоолт, төвлөрөлт муудна
- Хурууны өндөгний мэдрэмж буурна
Кальцийн илүүдэл
Хэдий кальцийн дутагдал түгээмэл үүсдэг ч кальцийн илүүдэл ч бас тохиолдох боломжтой. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол кальци биед орж ирэх эсвэл нэмэлт бүрдэл хэрэглэх, Д витамины илүүдэл, хүнсэн дэх бодисын шимэгдэлт ихсэх зарим өвчний үед ажиглагдаж болно.
Кальцийн илүүдлийн үед хоолны дуршил буурах эсвэл алдагдах, өтгөн хатах, гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих, зүрхний хэм алдагдах, сульдах, анхаарал муудах, хий юм үзэгдэх, бөөрний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Кальци – бие организмд маш чухал үүргүүдийг гүйцэтгэдэг элемент бөгөөд түүний дутагдал нь харамсалтай үр дагаварт хүргэх аюултай. Кальцийн дутагдлаа нөхөж, эрүүл мэндээ дэмжиж, амин чухал эрхтэн тогтолцоонуудынхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд эрүүл зөв хооллоорой.