Намайг бага байхад өглөө болгон эрүүл мэндийн нэвтрүүлэг явдаг байж билээ. “Хүүхдийн булан”-гаар нэгэн амьтан хоол боловсруулах эрхтний талаар ярьж байсныг санаж байна. Тэр уураг, өөх тос, нүүрс-усны тухай яриад сүүлд нь “Юу идэж байгаа чинь нүүрэн дээр чинь ил байдаг юм шүү” гэж хэлж дуусгаж байсныг сайн санаж байна. Тэр үед л би хоол гэдэг чухал зүйл болохыг ойлгосон юм.
Том болоод хүний бие махбодийн талаар мэдлэгтэй болсон, бид идсэнээрээ бус харин юу боловсруулснаараа харагдана гэдгийг сайн мэдэх болжээ.
Зарим нэг хүмүүс зөвхөн ногоо, гурил будаа эсвэл жигнэсэн махаар хооллож байгаагаа эрүүл хоол гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ хүний хоол боловсруулах эрхтэн харилцан адилгүй тул хүний идэх хоол ч өөр байх нь ойлгомжтой.
Хоолондоо анхааралтай хандана уу
Хоолоо сайн боловсруулж чадаж байх нь эрүүл хоолны адил нэн чухал гэдгийг би 20 настайдаа ойлгосон юм. Идэж байгаа хоолны шингэлтэд миний бие махбодь болон сэтгэл санааны байдал нөлөөлж байгааг анзаарсан. Тиймээс би хоолны дэглэмийг эрс шинэчлэхээр шийдлээ.
Өглөө бүрийг смузигээр эхлүүлж, өдрийн хоолондоо кале байцаатай салат идэж загасны тос ууж байснаас гадна жимс, уурагтай талх идэж байв. Энэ төрлийн хоол нь надад үнэтэй тусаж байснаас гадна бэлдэхэд эрч хүч, цаг хугацаа их орж байлаа. Нэг хэсэгтээ л миний амьдралын хэв маяг: дэлгүүр-гал зуух-хоол идэх-сав суулга угаах-нойр. Энэ тойрог өдрөөс өдөрт шилжинэ.
Ингэж өөрийгөө эрүүлжүүллээ гээд эрүүл мэндэд минь нааштай өөрчлөлт гарсангүй. Би өлсөж байсан учраас шөнийн нэг цагт юм идэхээр (ихэвчлэн зайрмаг, сахартай цай) босож байв.
Тун удалгүй гараар экзем гарч эхэлсэн бөгөөд гараар бадайрч өвдөх болов. Би өөрөө массажист, аз болж үйлчлүүлэгч нар минь экземтэй гарнаас төдийлөн дургүйцсэнгүй. Энэ үед өөртөө итгэх итгэл шалдаа буусан байсан. Энэ өвчин намайг хэдэн жил зовоосон доо.
Нэгэн өдөр хэдэн арван жилийн турш экземтэйгээ тэмцэж байгаа эмэгтэйтэй учирсан юм. Тэр эмэгтэйн хэлснээр бол экзем – идсэн хоолоо шингээж чадахгүй байгаагийн улмаас бие махбодиос үзүүлж буй хариу үйлдэл гэсэн.
Хоол шингэлт – эрүүл мэндийн үндэс
Эцсийн үр дүнд би эрүүл хооллолтын эмчид үзүүлэхээр шийдсэн юм. Эмчийн тайлбарласнаар цөс арьсны хэвийн байдлыг дэмжихэд нэн шаардлагатай өөх тосоо шингээх чадвараа алдсан. Цөсний хүүдий дэх цөсний ялгаруулалтыг тогтворжуулахын тулд хүрэн манжингийн ханд уухыг санал болгов. Төд удалгүй экзем ч арилж би хуучны эрүүл арьстайгаа болсон юм. Миний хувьд жинхэнэ гайхамшиг байлаа.
Энэ үед л би хоол боловсруулалт нь нэн чухал юм байна гэдгийг ухаарсан. Эрүүл байхдаа би ганц сникерс, бяслаг идээд эрч хүчээ сэлбээд гүйдэг байсан бол амжилтгүй хоолны дэглэмээс хойш жигнэсэн хулуунд хүртэл гэдэс ходоод хямардаг болсон байсан. Хоолны сайн боловсруулалт – эрүүл байхын үндэс.
Хоол боловсруулалт доголдож байгаагийн шинж тэмдэг:
- Хоол идсэний дараа хүнд санагдах
- Хоол хэтрүүлсэн мэт мэдрэмж, хоол идсэний дараа гэдэсний доод хэсгээр юм хөдөлж байгаа мэт мэдрэмж
- Байнга ядрах
Хэдий та эрүүл хоолны дэглэм барьдаг ч гэлээ байнга өлсөж, ядардаг бол хоол боловсруулах системдээ анхаарал тавина уу. Биед хортой гэх хоол хүнснээс татгалзсан ч гэлээ эрүүл мэндийн асуудалтай яваа олон хүнийг би мэднэ.
Хоол боловсруулалтанд зөвхөн идэж буй хоол бус мөн идэж байгаа хэмнэл, сэтгэл санаа, бодол зэрэг бүгд нөлөөлнө. Бид өдөр болгон зөвхөн хоол идэхээс гадна мэдээллийг бас дүүртлээ авч байгаа. Хоол боловсруулах эрхтнээ зөв удирдаж сурвал зөвхөн бие махбодь эрүүлжээд зогсохгүй арьсанд ч мөн эерэгээр нөлөөлөх болно.