Оюун ухааны эрч хүч, чадлыг хадгалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Хэдэн зуун жилийн тэртээ хүн 50 наслахыг мөрөөдөж байлаа. Аз болж, өнөөдөр бидний ихэнх нь 20-40 насаар илүү урт наслах болжээ. Нас өндөр болох тусам тархины үйл ажиллагаа суларч байгаа нь харин харамсал төрүүлнэ.
Суугаа хэв маяг, буруу зуршил нь бие эрxтэнд тэр дундаа тархинд сөргөөр нөлөөлдөг. Өтөл насанд Альцгеймерийн өвчин тусах магадлал ч нэмэгдсээр.
Саруул ухаантай байхын тулд зарим нэг зөвлөгөөг дагахад л болох ажээ.
Хоолны дадал зуршлаа өөрчил
Эрүүл хоолны дэглэм нь зөвхөн бие галбирт нөлөөлөөд зогсохгүй тархинд ч сайнаар нөлөөлнө. Энгийн зүйлээс эхлүүл. Жишээ нь, аяга кофег ногоон цайгаар солиорой. Кофеины агууламж багатай, антиоксидант тул тархины эсийг гэмтэхээс хамгаална. Утлагат хоол хүнсний хэрэглээг эрс багасгана.
Эрүүл хоол хүнс гэхээр өдөржингөө ногоо, будаа идээд байна гэж ойлгож болохгүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар дундад тэнгисийн хоолны дэглэм буюу ногоо, жимс, оливийн тос, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр тархины эс үхжихээс хамгаалж оюуны чадамжаа хадгалж үлдэхэд нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Өдөр бүр дор хаяж 20 минут спортоор хичээллэнэ
Биеийн идэвхтэй хөдөлгөөн тархины эрүүл мэндэд нэн тустай. Аэробик цусны эргэлтийг идэвхжүүлнэ, ой санамжийг сайжруулж, тархины шинэ эс бий болоход нөлөөлдөг байна.
Спорт нь бага хэмжээний стрессийн эсрэг эмийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг. Биеийн хөдөлгөөн стресстэй тэмцэхэд тусална. Аэробик эсвэл өөрийн сонирхдог спортоороо долоо хоногтоо багаар бодоход 1,5 цаг буюу өдөрт 20 минутаар хичээллэнэ. Зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө үүнийг хийх ёстой.
Тав тухын бүсээсээ гар
Тархиа шинэ, өөр өөр даалгавраар ажиллуулбал залуу байдлаа удаан хадгалж үлдэнэ. Тархи нь нэг л зүйлийг хийхээр програмчлагдаагүй, нөхцөл байдалдаа зохицон өөрчлөгдөх чадвартай. Жишээ нь, улиг домог болсон хуучин дадал зуршлыг шинээр сольж болно. Ингэснээр тархины уян хатан чанарыг хадгалж үлдэх ажээ.
Гадаад хэл үзэх, хөгжмийн зэмсэг дээр тоглож сурах зэрэг нь тархины уян хатан чанарыг хадгалахад нөлөөлнө, мөн мэдрэлийн шинэ холбоосыг үүсгэдэг байна. Өөр мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцах ч мөн үүнд хамаарна. Өөрийн мэдлэгээ ч тэлэхэд тус болно.
Сайн унтаж бай
Унтаж байхад тархи нейро хорт бодисоосоо цэвэрлэгддэг, ялангуяа, бета-амилоид болон тау-уураг нь Альцгеймер өвчний суурь больдог, харин альфа-синуклеинийн хуримтлал нь Паркинсоны өвчлөлд хүргэх эрсдэлтэй.
Тархи цэвэрлэх ажиллагаа нь хугацаа шаардсан ажил. Тийм учраас хүн өдөрт 7-9 цаг унтах хэрэгтэй ажээ.
Нийгмийн идэвхтэй амьдралыг сонгоно
Хүн – нийгмийн амьтан. Нас ахих тусам хүний харилцах хүрээ агшдаг буюу хүнтэй илүү бага харилцаж эхэлдэг. Хүний эрүүл мэндэд найз нөхөд, ойр дотныхны харилцаа нэн чухал. Бусадтай бага харилцдаг хүмүүс илүү нийтэч хүмүүсийг бодвол оюуны чадвар нь 7%-иар буурдаг байна.
Ганцаардмал хүмүүс үл таних хүнээс дандаа аюул занал хүлээж байдаг гэсэн судалгааны дүн байдаг. Бусадтай харилцаж сураагүй хүн энэ мэт биеэ авч явах нь аргагүй биз. Энэ нь байгаль эхээс заяасан бие хамгаалах үйлдэл явагдаж байгаа ажээ.
Хүн амьдралынхаа ихэнх цагийг хайртай хүмүүстэйгээ, өөрийн дуртай хоббигоор оролдож өнгөрөөх ёстой, мөн шинийг эрэлхийлж суралцахаа ч мартаж болохгүй. Ингэж чадвал өндөр насандаа саруул ухаантайгаа үлдэнэ.