Уушгиа эрүүл байлгахыг хүсвэл юуны түрүүнд эрүүл дадал зуршилтай байгаарай. Тамхи бүү тат, хог хаягдал ихтэй бохир газраас зайлсхий, бага ч гэсэн биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлж дархлааны системээ дэмжээрэй. Энэ бүгд эрүүл уушгитай байхад нөлөөлнө.
Хүний бусад эрхтний л адил уушги өвчлөх эрсдэлтэй, жишээ нь, бронхит, астма, үрэвслийн халдвар зэрэг болно.
Эмчийн бичиж өгсөн эмчилгээнээс гадна дараах байгалийн цэвэр орцтой ундаа уушгины эрүүл мэндийг дэмжихэд нөлөөлнө. Танд ашиг тусаа өгнө гэж найдаж байна.
Өөрийн дуртай аягандаа хийгээд халуунаар нь амтархан уугаарай.
Ганга болон халгайн ханд
Энэ ундаа нь уушги цэвэрлэх, эрүүлжүүлэх хүчтэй ундаа. Яагаад гэвэл:
Ганга нь уушгины эрүүл байдлыг дэмжих анагаах увдистай ургамал. Ганга эмийн ургамалд тооцогдох бөгөөд ханиалга дарахад хэрэглэдэг. Цэр ховхлох зориулалтаар цай чанаж уух эсвэл утаж хэрэглэнэ.
Халгай нь мөн л адил эмийн ургамалд тооцогдоно. Нэн эртнээс эрүүл мэндийн олон асуудлыг шийдэхэд халгайг өргөнөөр ашиглаж иржээ, ялангуяа цус, уушги “цэвэрлэх”-д ашигладаг байна. Амин дэм, эрдэс бодисоор баялаг, жишээ нь төмөр, кальци, магни … Цус багадалтаар шаналж байгаа хүмүүст нэн тохиромжтойгоос гадна хүнд өвчний дараа хөл дээрээ босоход тусалдаг байна.
Орц:
- 30 г ганга
- 30 г хатаасан халгай
- 200 мл буюу стакан ус
- 1 х.х зөгийн бал (30 г)
Хийх арга:
Шууд хэрэглэхэд бэлдсэн ганга, халгайг эмийн сан болон дэлгүүрүүдээр зардаг болжээ. 300-500 граммаар савлагдсан, үнийн хувьд ч өндөр биш.
Юуны түрүүнд стакан усаа буцалгана. Бид шаазан эсвэл шилэн сав ашиглахыг зөвлөж байна, төмөр сав нь эмийн ургамлын шим тэжээлийг бууруулдаг.
Ус буцлангуут нь ганга болон халгайгаа хийгээд 15-20 минут дахин зөөлөн галаар буцалгана. Дараа нь 10 минут хандалж орхино.
Хоолны халбагаар зөгийн балаа хийж хутгаад ууна. Уураар нь амьсгалахыг хичээгээрэй. Өдөрт 2 аягыг ууж болно.
Таван салаа болон гааны навчин ханд
Амттай бас анагаах чадал энэ ундаанд бий. Уушгийг цэвэрлэхэд нэн үр дүнтэй цай болох бөгөөд биеэс хорт бодис гадагшлуулна тиймээс тамхичдад нэн тохиромжтой гэж үзэх ажээ. Мөн халдварт өвчнийг анагаах тул ханиад томууны үед уухад үр дүнтэй цай юм. Эдгээр ургамалтай цай нь ямар ид шидтэйг танилцуулъя:
Таван салаа: Цэр гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас амьсгалын замын өвчний үед утлага хийх, цээжин дээрээ халуун жин болгон тавих боломжтой.
Яншуй, гааны навч: Уушгинаас хорт бодис гадагшлуулахаас гадна бие тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Архаг ядаргаа нь амьсгалын замд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс гааны навчтай цай нь сэтгэл сэргээж ядаргаа тайлах ажээ.
Орц:
- Гааны навч – 20 г
- Таван салаа – 20 г
- Яншуй – 20 г
- Стакан ус – 200 мл ус
- 2 х.х зөгийн бал – 60 г зөгийн бал
Бэлдэх арга:
Юуны түрүүнд стакан усаа буцалгана. Буцлангуут нь ургамлаа нэмнэ: таван салаа, гааны навч болон яншуй. 20 минут орчим зөөлөн гал дээр буцалгаад галаас авч 10 минут хандалж орхино.
Таван салаа нь өөрөө гашуун амттай учраас цай нилээн гашуувтар амттай болно, хэрвээ ууж чадахгүй бол зөгийн балаар амталж уугаарай. Таагүй амттай ч гэсэн өдөрт 3 удаа ууна. Уушги цэвэрлэж, үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлдгийг бүү мартаарай.
Ногоон цай болон липа цэцгийн ундаа
Уушгины аливаа өвчнийг анагаана, үйл ажиллагааг сэргээж дэмжинэ. Нэг төрлийн “амин дэм” гэж хэлж болох бөгөөд өглөөний цайндаа ууж болно. Хэрвээ таны уушги өвчинд амархан нэрвэгддэг бол дараах ургамалтай цайг ууж заншаарай.
Ногоон цай нь антиоксидант гэдгийг олон удаагийн судалгаагаар баталсан. Мөн уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Мэдээж байгалийн цэвэр гаралтай ногоон цайны тухай яригдаж байгаа бөгөөд өдөр болгон цэвэр ногоон цай уухыг зөвлөж байна.
Липийн цэцэг нь эмийн сангуудаар бэлэн хатаасан байдлаар зарагддаг болсон. Тайвшруулж амьсгал жигдрүүлдэг, уушгины хэвийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. Анхилуун үнэртэй, амтны хувьд ч таатай тул өөр бусад ургамалтай гайхалтай зохицно.
Орц:
- Ногоон цай – 20 г
- Липийн навч – 20 г
- Стакан буюу 200 мл ус
- 1 х.х зөгийн бал (30 г)
Бэлдэх арга:
Маш хялбар. Стакан усаа буцалгаад дээрээс нь ногоон цай, липийн навчаа нэмнэ. Бага зэрэг буцалгаад 10 минут хандалж орхино. Аягалаад хоолны халбага зөгийн балаар амталж ууна.
Энэ амтат цайг өглөөний цайндаа уухад маш тохиромжтой.