in

Сайн зургийн аппарат авахаар төлөвлөж байна уу? Ямар нь илүү вэ гэсэн төгс шалгуур байхгүй. Юунд камер хэрэг болж байгаагаас бүх зүйл хамаарна

Ямар нь илүү вэ гэсэн төгс шалгуур байхгүй. Юунд камер хэрэг болж байгаагаас бүх зүйл хамаарна.

Юун түрүүнд танд яагаад камер хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Их аялдаг уу? Таны хүүхэд хэрхэн өсөж торниж буйг дүрсжүүлж авахыг хүсэж байна уу? Амьдралаа эрсдэлтэй адал явдалгүйгээр төсөөлөхгүй байна уу? Сэтгэл хөдөлгөсөн, дотор арзайлгам торгон агшнуудаа гэрэл зурагт мөнхөлж, дахин дахин харж байхыг хүсэж байна уу? Эсвэл гэрэл зураг бол таны амьдралын нэгээхэн хэсэг үү?

Ямартай ч энэ бүх зорилго, шаардлагыг хангах төгс гэрэл зургийн аппарат гэж байхгүй. Тиймээс та хүсэл шаардлагадаа нийцүүлэн камераа сонгох хэрэгтэй.

Гэхдээ эхлээд ойлгомжгүй нэр томъёонууд болон зургийн аппаратны төрлүүд зэргийг үзье.

Зургийн аппаратны ямар ямар төрлүүд байдаг вэ?

Авсаархан компакт зургийн аппарат

Савангийн хайрцагны хэмжээтэй жижигхэн хэмжээтэйгээс авахуулаад бараг л мэргэжлийн түвшнийх хүртэл түгээмэл дэлгэрсэн зургийн аппаратууд…

Хямд төсөр, авсаархан зургийн аппарат. Одоогийн байдлаар энэ нь хамгийн энгийн, үнийн хуьд хамгийн хямд төсөр сонголтуудын нэг юм. Ийм зургийн аппаратууд маш жижиг учир хүрэмнийхээ халаасанд эсвэл цүнхэндээ ч хийгээд аваад явах боломжтой, бас тэдгээрийг ашиглаж сурахад нэг их хүч хөдөлмөр орохгүй зэрэг давуу талуудыг дурьдаж болно.

Гэвч дурьдахгүй өнгөрч болохгүй ганц том сул тал бий. Ийм аппаратаар авсан зургийн чанар тийм ч сайн бус. Сүүлийн үеийн ухаалаг утаснууд ийм төрлийн аппаратнаас дутахааргүй сайн зураг авдаг болсон. Заримдаа бүр илүү ч байх нь бий. Тиймээс хэрвээ та мэргэжлийн зураг авахыг хүсэж байвал авсаархан зургийн аппарат сонгоорой.

CASIO Exilim EX-ZS5

Ultrazoom. Ер нь бол дээр дурьдсан компакт зургийн аппаратуудтай ойролцоо. Гэхдээ ийм төрлийн зургийн аппаратны тусламжтайгаар хол зайнаас зураг авч болдгоороо давуу талтай. Мэдээж ultrazoom камерын үнэ арай өндөр.

Panasonic Lumix DC-FZ80/FZ82

Мэргэжлийн компакт зургийн аппарат. Энэ бол зургийн аппарат болгоны давуу талыг шингээсэн олон үйлдэлт зургийн аппарат. Линз нь авагддаггүй боловч матриц ихтэй учраас зураг чанар сайтай гардаг. Түүнчлэн ийм зургийн аппаратууд томруулагч сайтай линзтэй учраас зургийг хол зайнаас авах боломжийг бүрдүүлж өгдөг.

Хэмжээний хувьд гэвэл халаасанд багтахгүй том боловч хэт нүсэр бас биш. Ийм аппаратуудын үнэ бас чамгүй өндөр.

SONY Cyber-shot DSC-RX10 II

 

SLR зургийн аппарат

Ийм аппаратанд толь байдаг учраас толин зургийн аппарат гэж нэрлэдэг. Дурьдсан давуу талын ачаар маш сайн зураг гардаг. Төгс аппаратны хамгийн эхний, хамгийн гол үзүүлэлт бол матриц.

Матриц – энэ камерны нэг хэсэг бөгөөд үүн дээр зураг буудаг. Матриц хэдий чинээ их байна төдий чинээ тод, чанартай зураг гарах болно.

Ийм зургийн аппаратуудын матриц их учраас өндөр чанартай зураг авах боломж бүрддэг. Бас нэг онцлог бол зөөврийн линз.

Толин зургийн аппаратны стандарт бүрдэл хэсгүүдэд камерны их бие, линз ордог. Ийм иж бүрдлийг Kit гэж нэрлэдэг.

Мэргэжлийн зурагчид линзгүй зургийн аппарат авахыг зөвлөдөг ба ингэснээр дараа нь аппаратаа өөрийн хэрэгцээндээ тааруулан тоноглох боломжтой болдог. Ийм төрөл нь Body гэсэн нэртэй.

Уг төрлийн зургийн аппаратнууд том хэмжээтэй, өндөр үнэтэй гэсэн 2 сул талтай. Тиймээс хүн бүр ийм зургийн аппарат худалдаж авч чаддаггүй.

Nikon D5600 Kit

 

SLR-Like

Ийм төрлийн зургийн аппаратууд харьцангуй сүүлийн үед гарч ирсэн ба мөн л матриц ихтэй учраас зургийг маш чанартай авдаг. Хэмжээний хувьд толин зургийн аппаратуудыг бодвол хамаагүй жижиг. Гэхдээ авсаархан зургийн аппарат гэж нэрлэж болохгүй. Учир нь авч явахын тулд тусгай цүнх хэрэгтэй.

Уг камерны сул талуудад цэнэг нь хурдан дуусдаг, өндөр үнэ зэргийг багтааж болно.

Canon EOS M5

Action-camera

Нэрнээсээ л тодорхой байгаа биз дээ? Ийм аппаратууд шүхрээр нисэх, уулнаас цанаар гулгах үед болон машинаар хурдан явж байх үед зэрэг экстрим нөхцөлд зураг авах, видео бичлэг хийхэд зориулагдсан байдаг.

Орчин үеийн эйкшн-камерууд чанар сайтай зураг авдаг боловч гэрэлтүүлэг муутай газар тийм ч сайн зураг авч чаддаггүй.

XRide Full HD (DV6000SA)

Ямар камер сонгох вэ?

Сонирхогчийн түвшний зураг авалт

Танд компакт мэргэжлийн камер яг тохирно. Ийм зургийн аппаратанд сайн чанарын зураг авахад хэрэгтэй бүх зүйл бий. Эхэндээ автомат тохиргоог ашиглаарай. Ашиглаж сурсныхаа дараа тохируулгыг өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Янз бүрийн нөхцөлд зураг авахад зориулсан янз бүрийн тохиргоо бий.

Хэрвээ хүүхдийн зураг авах гэж байгаа бол хамгийн хурдтай автофокус бүхий камер сонгоорой. Тэгэхгүй бол хүүхэд хөдөлгөөнтэй байдаг, мөн өөр тийшээ хардаг учраас өөр төрлийн зургийн аппаратнууд тохирохгүй.

SLR зургийн аппаратнууд ч бас боломжит хувилбар. Дээр дурьдсан эхний түвшний Kit зургийн аппарат сонгоорой. «Эхний» гэсэн үг нь таны зураг муу гарна гэсэн үг огтхон ч биш. Ойр зуурын хэрэглээнд бол ийм зургийн аппарат яг тохирно. Зүгээр л ийм зургийн аппаратнуудад танд хэрэггүй олон янзын нэмэлт функцууд байхгүй.

Мэргэжлийн зураг авалт

Хэрвээ таны мөрөөдөлд хувийн гэрэл зургийн студитэй болох эсвэл сайхан зургуудаар бусдыг гайхашруулах гэх зэрэг багтаж байгаа бол дунд болон өндөр түвшний SLR зургийн аппаратууд сонирхоорой. Энэ бол чанартай зураг авах боломжийг бүрдүүлэхээс гадна хэрэглэхэд маш эвтэйхэн, итгэлтэй багаж хэрэгсэл юм.

Kit аппаратнуудын боломж, үзүүлэлт хангалтгүй байдаг учир фильтр болон линзийг сонгож, турших шаардлага гарч ирдэг. Том хэмжээнээс нь айх хэрэггүй. Тэгээд ч мэргэжлийн хүний гарт жижиг аппарат тийм ч аятайхан харагдахгүй. Том нь сүртэй шүү дээ.

Камераа сонгохдоо мэргэжлийн зураг авалтын гол онцлогуудын талаар санаарай. Матриц ихтэй, линзээ солих боломжтой камер юун түрүүн чухал гэдгийг мартаж болохгүй.

SLR-Like зургийн аппаратнууд ч муугүй сонголт байх болно. Ийм зургийн аппаратнууд SLR зургийн аппаратнаас дутахааргүй авдаг.

Ийм төрлийн техник багагүй мөнгө шаардана гэдгийг мартаж болохгүй.

Аялал

Ээлжийн амралтаа аваад аяллаар явахдаа хүмүүс аль болох чанар сайтай зургуудтай буцаж ирэхийг эрмэлздэг. Тиймээс утасны камер хангалтгүй байдаг.

Аялалд авч явах зургийн аппарат том нүсэр эсвэл хүнд байх ёсгүй. Учир нь хэдэн цагаар том юм бариад явна гэдэг амаргүй. Ялангуяа зуны халуунд бол бүр ч хэцүү.

Тиймээс аялалд ашиглах гэж байгаа бол ультразум эсвэл мэргэжлийн компакт зургийн аппарат сонгоорой. Мэргэжлийн компакт зургийн аппаратаар авсан зураг чанартай байх боловч үнийн хувьд нөгөөдхөөсөө арай өндөр байдаг.

Шагайвчтай камер сонгохыг хичээгээрэй. Учир нь хурц нартай өдөр дэлгэцэн дээрх кадрыг харахад хэцүү байдаг. Хурц гэрэлтүүлэгтэй нөхцөлд зураг авахдаа фильтрийг мартаж болохгүй. Хэрвээ та галт тэрэгний цонхоор эсвэл машины цонхоор зураг авахаар төлөвлөж байгаа бол худалдан авах гэж байгаа зургийн аппарат тань тогтворжуулагч сайтай эсэхийг шалгаарай. Тэгэхгүй бол тод бус, сарнисан зургууд гарах эрсдэлтэй.

Экстрим аялал сонирхдог хүмүүст эйкшн-камер тохиромжтой. Таны авах гэж байгаа эйкшн-камер хөнгөн, ус нэвтэрдэггүй байх хэрэгтэй.

Хэрхэн зургийн аппаратанд илүү мөнгө гарздахгүй байх вэ?

Тодорхой загвар дээр тогтоогүй байхдаа дэлгүүр лүү бүү яв. Сонголт арвин учраас худалдагчаас зөвлөгөө авах шаардлага гарч ирнэ. Тэд танд тохирсон зургийн аппарат сонгож өгч чадна. Гэхдээ танд төлөвлөж байснаасаа 2 дахин их мөнгө төлөх шаардлага л гарч ирэх байх даа.

Тодорхой нэг үйлдвэрлэгч дээр анхаарлаа хэт их хандуулсны хэрэггүй. Зургийн аппаратны үйлдвэрлэгч бүрт амжилттай загвар болон муу загварууд байдаг.

Интернетээс камернуудын тойм, мэдээлэл зэргийг хай. Зургийн аппаратны янз бүрийн загвар болон төрлүүдийг харьцуулсан мэдээллүүдийг хайж ол. Жишээ нь, Digital Photography Review эсвэл DxOMark гэх мэт.

Пикселийн тоонд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй. Ихэнх хүмүүс энэ үзүүлэлтээс зургийн чанар хамаардаг гэж үздэг. Гэвч үнэндээ энэ нь зургийн хэмжээнд л нөлөөлдөг (хэрвээ та зурагнаас зурагт хуудас буюу плакат хэвлэх гэж байгаа бол энэ чухал үзүүлэлт л дээ). Гэрийн зураг авалт болон аялалд 16-20 мегапиксел хангалттай байх болно.

Wi-Fi, NFC болон GPS гэсэн функцууд танд хэрэгтэй эсэх талаар сайн бодоорой. Ихэнх хүмүүс ийм функцуудыг огт ашигладаггүй. Илүү мөнгө төлөх шаардлага юу байна?

Камерны линз Light speed ихтэй байх ёстой. Чухам үүнээс л гэрэлтүүлэг муутай нөхцөл дэх зураг авалтын чанар шууд хамаарна. Оновчтой хэмжээ нь 8 оос f4-ийн хооронд байна.

Видео бичлэгийн чанарт анхаарлаа хандуул. 4K формат ихээхэн түгээмэл болж байгаа. Гэхдээ ийм бичлэгийг утгаар нь үзэхийг, мэдрэхийг хүсвэл танд 4К телевизор, дэлгэц эсвэл проектор хэрэгтэй. Сайн чанарын видео бичлэг хийхийн тулд танд Full HD хангалттай байх болно.

Дэлгүүрт байхдаа юунд анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

Зургийн аппаратыг гартаа барьж үзэхээс бүү залхуур. Учир нь аппарат гарт эвтэйхэн байх ёстой.

Линзийг нь анзаарч ажигла. Линзэн дээр сэв, зураас байх ёсгүй.

Матрицыг нь шалга. Үүний тулд нэг өнгийн фонны зургийг аваад (саарал өнгөтэй байвал илүү сайн), авсан зургаа дэлгэцэн дээр үзүүлэхийг хүс. Зургаа максимум хүртэл нь томруул. Ингэхэд бүх цэг нэг ижил өнгөтэй байх ёстой.

Янз бүрийн тохиргоон дээр хэд хэдэн зураг ав. Zoom хэрхэн ажиллаж байгааг шалга.

Камерны гадаад үзэмжийг хар. Бүх товчлуур нь ажиллаж байгаа эсэхийг шалга.

Сайн зураг авалтын гол үндэс нь сайн камернаас гадна камертайгаа харьцаж чадаж байгаа байдалд оршино. Тиймээс камерны заавартай сайн танилцаж, тохиргоонуудыг өөрчлөн, олон янзын mode туршиж үз. Дараагийн нэг зөвлөгөө бол аль болох олон зураг ав. Ингэснээр та зургийн аппаратныхаа үйлдлүүдийг сайн мэддэг болж, тооноос чанарт шилжих болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *