Давс хүн төрөлхтөний хувьд чухал байр суурь эзэлдгээс гадна өөрийн гэсэн түүхтэй хүнс. Давсыг валют болгон хэрэглэж байсан бөгөөд дайн эхлүүлэх шалтгаан болж байсан ч түүхтэй. Давс бол далайн усны нэг орц. Далайн ус нь хэдэн зуун жилийн тэртээгээс ширгэсэн улс орнууд далайн давсыг дэлхий дахинд нийлүүлдэг. Хоолны давс нь бидний бие махбодийг натригаар хангана. Давсыг зохих хэмжээнд тохируулан хэрэглэх нь зөв, харин хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэсэн давс нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж эхэлдэг байна.
Давсны хэт их хэрэглээ бие эрxтэнд хэрхэн муугаар нөлөөлөхийг мэдэцгээе.
Тархи
Канадад хийсэн нэгэн судалгааны үр дүнгээс харахад натрийн хэт их хэрэглээ нь тархины танин мэдэх чадварыг буруулдаг болохыг тогтоожээ. Суугаа хэв маягийг баримталдаг өндөр настай хүмүүсийн хувьд давсны хэт их хэрэглээ нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Бөөр
Натри нь бие махбодийн шингэний тэнцвэрийг хангадаг. Бөөрөнд шингэнээ хадгалах эсвэл гаргах дохио өгнө. Хэт их натри нь уг үйл ажиллагааг алдагдуулахад хүргэж бөөрний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Үр дүнд нь биеэс бага шингэн гадагшилна. Ингээд л цусны даралт ихэсдэг ажээ.
Яс
Давсны хэт их хэрэглээ нь шээсээр дамжин кальци гадагшлахад хүргэж ясанд муугаар нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдлийн дагуу удаан хугацаагаар кальци алдахад ясны сийрэгжилтэнд хүргэнэ гэжээ.
Зүрх
Давс биеийн шингэнийг тэнцвэржүүлж байгаа, хэт их хэрэглээ нь цусны даралт ихсэхэд нөлөөлдөг. Цусны даралтын өөрчлөлтийн улмаас зүрхний ачаалал нэмэгдэж цаашлаад зүрхний өвчлөл үүсгэхэд хүргэдэг байна. Цусны даралт ихсэх нь насны онцлогтой хамааралтай, хэрвээ та давсны хэрэглээг эртнээс багасгаж чадвал энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна.
Арьс
Илүүдэл давс хавагнахад хүргэнэ. Гар, хөлөөр хавагнах нь биед хуримтлагдсан шингэнээс үүсэлтэй. Хавагнах нь амь насанд аюулгүй ч гэлээ эрүүл мэнддээ анхаарах ёстойн нэг шинж тэмдэг мөн.
Гэдэс
1996 оны эрүүл мэндийн нэгэн сэтгүүлд гарсан нийтлэлд ходоодны хорт хавдрын нас баралт давстай холбоотой болохыг тогтоосон тухай дурджээ. Ходоодны шархтай хүн давс ихээр хэрэглэх дуршлын шалтгааныг эрдэмтэд одоогоор тодорхойлж чадаагүй. Ямартай ч, давс ходоодны ханыг гэмтээдэг гэдэг онол явж байгаа юм. Энэ нь ходоодны шархыг улам гүнзгийрүүлж хүндрэхэд нөлөөлнө гэж үзэх болжээ.
Давс хүний биед хэрэгтэй учраас ор тас татгалзах хэрэггүй. Хэмжээг нь хэтрүүлсэн тохиолдолд таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Эрүүл мэнддээ анхаарал тавихын тулд давсны хэт их хэрэглээнээс татгалзана уу.