in ,

Аав хүн өөрийн хүүдээ заавал зааж сургах ёстой 8 чухал зүйл

Хэдийгээр ээж нар хүүхдийн амьдрал, хүмүүжилд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг боловч аав нарын ээж нараас илүү хийж чаддаг хэд хэдэн зүйл байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхэд хүмүүжүүлж байгаа бол…

Бодоод үз л дээ. Хамгийн эхлээд цэцэрлэгт цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид дан эмэгтэй хүмүүс байдаг. Дараа нь сургуульд багш нарын 90% нь мөн л эмэгтэй багш нар байдаг. Эмэгтэй хүмүүсийн гар дээр өсч торнидог болохоор эрэгтэй хүүхдэд эр хүний хүмүүжүүлэх арга барил дутагддаг.

Бид та бүхэнд хүүхдэд зөвхөн аав нь л өгч чадах 8 зүйлийг хүргэж байна.

 

1. Ялж, ялагдахын чухлыг тайлбарлах

Янз бүрийн уралдаан, хөдөлгөөнт тоглоомуудад найзуудаас нь гадна хэн хамгийн сайн хамтрагч байдаг билээ? Мэдээж аав. Энэ бол эр хүний зан чанарт сургах муугүй дасгал сургуулилт юм. Ийм тоглоомуудар дамжуулан хүүхэд ялалтын амтыг мэдэрч, ялалтанд хүрэхэд ямар их хүч зарцуулах ёстойг ойлгоно.

Харин эцгийн хувьд ийм тоглоомнууд «гэмтлээс зугтах аргагүй, хэрвээ чи унасан бол босоод үргэлжлүүлэх хэрэгтэй, ялагдлаас ичих хэрэггүй» гэдгийг тайлбарлах сайхан боломж болж өгдөг.

 

2. Эмэгтэй хүмүүст зөв хандахыг ойлгуулах

Эмэгтэй хүмүүстэй яаж харьцах нь зүйтэй вэ гэдгийг ээж тайлбарлаж өгч чадна л даа. Гэхдээ зөвхөн аав л үүнийг хүүдээ өөрийн үйлдлээрээ харуулж чадна. Эмэгтэй хүний талаарх бүх чухал зүйлийг ааваасаа мэдвэл хамаагүй дээр байх болно. Эхнэртээ цэцэг авахдаа хүүгээ дагуулж явах хэрэгтэй. Мөн дэлгүүр лүү хүүтэйгээ хамт явж, түүний дэргэд худалдагч эмэгтэйтэй хүндэтгэлтэй ярьж, танихгүй эмэгтэй хүнтэй ичиж санаа зоволгүйгээр харьцахад хүүгээ сургах.

 

3. Хайрын тухай эр хүн эр хүнтэйгээ ярьж байгаа юм шиг л ярилцах

Энэ хэсэг 2 дахь зөвлөгөөнөөс урган гарч ирж байгаа юм. Цаг нь ирэхэд хүү тань энэхүү хүчтэй мэдрэмжийн талаар эрчүүдийн чин сэтгэлийн ярианаас мэдэж аваг. Өсвөр насны хүүгийн хувьд хэрвээ эцэг нь түүнд анхны дурлалынхаа талаар, анхны болзоонуудынхаа тухай, найз бүсгүйтэйгээ кафед орж байсан талаараа ярьвал энэ нь үнэт бэлэг байх болно. Бас яарах хэрэггүй зарим зүйлсийн талаар, сэтгэлд оч асаах тэр л эмэгтэйг хүлээх хэрэгтэй талаар… Тэгээд ч иймэрхүү халуун дотно яриа хүү тань аавдаа итгэх итгэлийг төрүүлэхэд тус болно.

 

4. Няцаалт хийх, хариу цохилт өгөхөд сургах

Зөвхөн аав л хүүгээ чанга хатуу, хүчтэй байхад мөн өөрийхөө зөв байр суурин дээр бат зогсоход сургаж чадна. Ямар тохиолдолд доромжилж, гомдоож байгаа хүнийг дахиж ойртохооргүйгээр зандрах, хашгичих хэрэгтэйг, ямар тохиолдолд өдөөн хатгалганд анхаарал хандуулахгүйгээр чимээгүйхэн, тайван холдох хэрэгтэй гэдгийг ялгаж салгах чадварт аав л хүүгээ сургаж чадна. Эелдэг байна гэдэг гэдэг сул тал биш гэдгийг хүүдээ тайлбарлаж, өөрийн биеэр харуулах нь аавын ажил.

 

5. Өөрийн гэсэн өртөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд туслах

Үүний тулд нэг их зүйл хийх шаардлагагүй, ердөө үе үе хүүтэйгээ илүү ойр байж, түүнтэй ярилцдаг байх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд шаардлага тавьдаг ээжээс гадна ондоо арга барилтай өөр нэг хүн байгаа гэдгийг ойлгодог.

Мэдээж эцэг эхчүүд хүмүүжлийн талаарх асуудлууд дээр нэг байр суурьтай байх ёстой боловч ертөнцийг үзэх үзлийн тухайд бол тэдний философи огт өөр байж болно. Энэ нь хэвийн үзэгдэл. Эцгийнхээ тусламжтайгаар хүүхэд нэг үзэгдэл, үйл явдалд өөр өөр байдлаар хандаж болдог гэдгийг харж, дүн шинжилгээ хийж, аливаа зүйлст хандах өөрийн үзэл бодлоо бий болгох болно.

 

6. Хүүхдийн туршлагыг шинэ мэдрэмжүүдээр баяжуулах

Хүүхэд жаахан байх үеэс л бүх зүйл эхэлнэ. Бүр 6 сартай нярай ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайраа илэрхиийлж байгаа арга хэлбэрийн ялгааг мэдэрч чадна. Ээжүүдээс ялгаатай нь аавууд илж, өхөөрдөхийн оронд шидэх, эргүүлэх мэтийн эрэгтэйлэг тоглоомнуудыг илүүд үздэг. Ээжүүд энэ бүхнийг халаглан харж суудаг. Гэвч эдгээр тоглоомнууд нь харааны, сонсголын болон хүрэлцэх мэдрэмжүүдийг хүүхдэд мэдрүүлж, өөрийн орон зайн байрлалынхаа талаар шинэ туршлагыг өгч байдаг.

 

7. Эрчүүдийн хийдэг зүйлд сургах

Зөвхөн эрчүүд л эзэмшсэн, эмэгтэй хүний нүдээр ид шид шиг харагддаг хэд хэдэн юм бий. Жишээ нь, гал асаах, эрэг (гайк) эргүүлэх, машин засах гэх мэт. Таны хүүхэд 100% «хотынх» байлаа ч гэсэн гал асааж чаддаг байх нь түүний ирээдүйд хэрэг болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ядаж л шорлог хийх мангаал асаахад… Таны хүү дээр дурьдсан чадваруудыг эзэмшсэн байхад ямар ч хамт олон дотор 100 оноо авнаа л гэсэн үг.

 

8. Ойр зуурын ажилд суралцахад нь туслах

Мэдээж үүнд зангиа зангидах, сахлаа хусах, цамцаа индүүдэх гэх зэрэг зүйлүүд багтана. Одоо үед дурын асуултынхаа хариултыг интернетээс олж болох боловч хэрвээ энэ бүхнийг хүү ааваасаа мэдвэл хамаагүй дээр байх болно. Өөр хэн ч биш, зөвхөн эцэг хүн л хүүдээ эрэгтэй хүн ч бас хоол хийж болдог, чаддаг гэдгийг харуулах болно. Ядаж л турж үхчихгүйн тулд хоолоо хийгээд идчихдэг байх хэрэгтэй гэдэг түвшинд ч хамаагүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *