Хүн болгон ямар нэгэн зүйлийг яаралтай санамаар байдаг, харамсалтай нь нэг л болж өгөхгүй байх тохиолдол байдаг.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бид харсан болгоноо санах боломжтой ажээ. Ой санамжаа арчигдсан мэдээллийг хүртэл бид эргэн санах боломжтой. Зөв утаснаас татахад л ой санамж өөрөө гараад ирнэ.
Бидний үзсэн харсан болгоныг тархи санадаг гэвэл итгэмээргүй байна уу? Шинжлэх ухаан үнэн болохыг нь батлаад байна. 1970-аад оны эхээр Lionel Standing гэх нэгэн алдартай туршилтыг хийжээ. Жирийн хүмүүст 10,000 зургийг хурдан хэмнэлээр харуулсан байна. Нэг зураг дээр жишээ нь Мухаммед Алиг, нөгөө зураг дээр – гантель, дараа нь Нил Армстронгийн саран дээрх мөр, цаашлаад Фридрих Ницшегийн номын нүүр, улаан сарнай … Ингээд нийт арван мянган зураг! (туршилтыг явуулахад бүхэл бүтэн долоо хоног зарцуулжээ)
Ийм их мэдээлэл нэг толгойд багтахгүй гэмээр. Харин хүмүүс харсан зурагныхаа 80%-ийг тогтоосон байна.
Гол учир шалтгаан нь мэдээллийг тархинаас зөв сугалан гаргаж ирэхэд оршино.
Сануулах үе шат дээр зургуудыг хосоор нь үзүүлэв: нэг зураг урьд нь харсан, нөгөө нь хараагүй. Жишээ нь, зүүн талын зураг Мухаммед Али, баруун талынх Alka Seltzer-ийн эм. Туршилтад орж байгаа хүн урьд өмнө нь харсан зургийг таних хэрэгтэй. Ихэнх нь ямар нэгэн хүндрэлгүйгээр харсан зургаа санаж байв.
2000-аад оны эхээр туршилтыг арай хүндрүүлэн давтан хийжээ. Туршилтад оролцогчид бараг адилхан гэрэл зурагнаас урьд нь харсныгаа санах хэрэгтэй: баруун талынх нь 5 доллар байх бол зүүн талын зураг нь боодол долларын зураг байна. Цаашлаад, баруун – ногоон галт тэрэг, зүүн – улаан галт тэрэг, баруун – нарийхан хэлтэй хонх, зүүн – бүдүүн хэлтэй хонх.
Зурагнууд бараг адилхан харагдаж байгаа хэдий ч хүмүүс зурагны 90%-ийг нь зөв хэлжээ.
Бид юуг ч мартдаггүй, хамгийн гол нь ой санамжаасаа зөв мэдээллийг гаргаж ирж чаддаггүйд л гол шалтгаан оршиж байна. Мэдрэл, сэтгэл зүйн судлалд нэгэн гоц хүний бүртгэл байдаг буюу тэрээр өөрийнхөө ой санамжид шууд хүрдэг нэгэн ажээ. 20-р зууны эхээр зөвлөлтийн сэтгэл судлаач Александр Лурия уг хүнийг ажиглаж судалсан байна. Соломон Шерешевский гэх гоц чадвартай хүний талаар эрдэмтэн ном бичжээ.
Шерешевский номын хуудаснаа бичигдсэн бүх мэдээллийг амархан тогтоох бөгөөд дараа нь ямар ч төвөггүй аль ч талаас нь эргэн санаж чаддаг байв. Утга агуулсан үг, утгагүй дуржигнуулж хэлсэн үе зэргийг ч тогтооно. Математикийн мэдлэггүй мөртлөө нарийн томьёог цээжээр мэднэ, итали хэл мэдэхгүй атлаа итали шүлэг цээжээр мэднэ. Цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн Шерешевский бүгдийг санаж байв (үүнээсээ өөрөө их шаналдаг байжээ). 16 жилийн дараа ч гэсэн мэдээллийг яг таг хэлж байсан нэгэн.
Түүний ой тогтоолтын энэхүү чадвар юунд оршиж байв: тэрээр сонссон болгоноо харагдах зүйл болгон тогтоодог байв (харааны ой санамж илүү тогтдог).
Авиа болгон түүний хувьд өөрийн өнгө, бүтэцтэй байхаас гадна заримдаа бүр үнэртэй. Нэг хүний дуу хоолой “шаргал, бутарсан” байх бол, нөгөө хүний дуу хоолойг “дүрэлзэн асаж буй гал шиг л над руу дайрсан” гэж тайлбарлажээ.
Тоонууд нь өөрийн нүүр царайтай: жишээ нь, “нэг” – эгц шулуун бардам хүн, “хоёр” – хөгжилтэй бүсгүй, “дөрөв” – хөл нь хавагнасан хүн, “долоо” – сахалтай хүн, “найм” – маш тарган эмэгтэй эсвэл давхарлаж тавьсан шуудай гэх мэт. “87” гэж сонсонгуут сахлаа эргэлдүүлж байгаа хүний хажууд тарган эмэгтэй зогсоно гэж төсөөлдөг байна.
Шерешевский шүдний өвчнийг ч намдааж чаддаг байв: шүдний өвчнийг улаан утас гэж тэрээр төсөөлдөг байв. Өвчин нэмэгдвэл – утас бүдүүрээд ирнэ. Утсыг нарийсгасаар байгаад агаарт замхран алга болгох тэр үед шүдний өвчин арилна.
Хүний хэлсэн үгийг хормын дотор амархан цээжилж байсан нь түүний төсөөлөх чадварт байв.
Хүн өөртөө дүр төрхийг хийсвэрлэн төсөөлөх хэрэгтэй – энэ нь Шерешевский шиг аливаа зүйлийг амархан тогтоож мартахгүй байхад туслах ажээ.
Шерешевский өөрийн ой санамжаас яаж хүссэн мэдээллээ гаргаж ирж чадаж байсан бэ? Тархинд бид мэдээллийг замбараагүй хадгалдаг учраас жирийн хүн тархинаасаа хүссэн мэдээллээ тэр болгон гарган ирж чаддаггүй байна. Жирийн хүн хэн нэгний нэрийг санах хэрэг гарлаа гэж үзэхэд нэртэй холбоотой нэг сэжүүрийг гаргаж ирэх хэрэгтэй болдог “за байз, “л” үсгээр эхэлсэн билүү” эсвэл нэр нь африктай холбоотой билүү? Аан, нээрээ Лиана гэдэг шүү дээ гэх жишээтэй.
Ой санамж дараалласан шугаман логикийн хуулиар явдаггүй, тийм учраас бид нэг зүйлээс нөгөөг санахад тийм ч амаргүй байдаг байна.
Харин Шерешевскийн толгойдоо бүх мэдээллийг яг л номын сангийн каталог шиг бүгдийг дэс дараатай болгон хадгалдаг. Шинээр авсан мэдээллээ ялгаж салгаад мэдээллийн сандаа шинээр нэмнэ (гэхдээ энэхүү үйлдлийг өөрийн эрхгүй хийдэг). Урт үргэлжилсэн үгийг уншихдаа тэрээр үг болгоныг Москва хотын Горькийн гудамжны дагуу байрлуулан санадаг, мөн өөрийн байрны эргэн тойрны байдлаар дүрслэн тогтооно. Эхнийх – байшингийн хаалга, хоёр дахь – гудамжны гэрэлтүүлэг, гурав дахь – хашаа, дөрөв дэх – цэцэрлэг, тав дахь – дэлгүүрийн лангуу. Бүх эгнээг тогтоохын тулд Шерешевский сэтгэлдээ гудамжаар зугаалж тал бүр тийшээ харан явах ажээ.
Шерешевскийн гоц гэх чадвар бидэнд зүүрмэглэн байж л байгаа. Тэр их мэдээллийг толгойдоо багтаана гэдэг бүтэхгүй мэт санагдах боловч бид орон зайн ой санамжаа хөгжүүлж чадвал хүссэн мэдээллээ хадгалах боломжтой ажээ.
Хэрвээ та Лондонд очвол скутертэй залуучуудыг ажиглаарай, тэд жолооны бариулаасаа хотын газрын зургийг дүүжилсэн байгаа. Тэд бол жуулчид биш, харин ирээдүйн таксины жолооч нар юм. Нийтийн тээвэр жолоодох эрхийг авахын тулд тэд маш хэцүү шалгалтыг давах хэрэгтэй: нэг цэгээс нөгөө цэгт хүрэх хамгийн дөт замыг олохоос гадна замд таарах хотын соёл, түүхийн бүх дурсгалт газруудыг нэрлэх хэрэгтэй. Шалгалтанд бэлдэхийн тулд тэд 2-4 жилийн зарцуулдаг. Энэ хугацаанд хотод байрлуулсан замын хөдөлгөөний 25 000 тэмдгийг тогтооно. Толгойдоо ийм зураглалтай хүн юу хүссэнээ санах нь мэдээж шүү дээ.