Орой унтахаар хэвтэхэд юу ч мэдрэгдэхгүй байсан хүн өглөө сэрээд харахад хавагнасан байх нь элбэг. Энэ тохиолдолд хэрхэн эрүүл байдалдаа эргэн очиж сайхан харагдах вэ?
Хаван бууруулах шалгарсан хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулахаар бэлдлээ.
Алим
Өдөрт 2-4 ширхэг алим идэхэд л та хавагнахаас айх хэрэггүй болно. Дээрээс нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа дэмжигдэж, илүүдэл жингээ хасахад тусална. Алимыг шууд эсвэл жигнэж идэж болно. Мөн өдөрт олноор нь идэхэд долоо хоногт та илүүдэл жингээсээ бага ч гэсэн хэдэн килограмм хасагдсан байхыг анзаарна.
Яншуй
Амтаараа гайхагдаад зогсохгүй шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг байна. Яншуйгаар амталсан ногооны салатыг өглөөний эсвэл оройн хоолойндоо идвэл хаванг буруулах боломжтой. Яншуй нь хөлдөөсөн, хатаасан болон удаан хугацаагаар хадгалсан ч гэсэн шим тэжээлээ алддаггүй нь гайхалтай. Калори, уургийн агууламж бага тул хоолны дэглэм барьж байгаа хүнд яг тохирно.
Жимсгэнэ
Тоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ – кали болон магни ихээр агуулдаг тул биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулна. Шинээр нь хүнсэндээ хэрэглэж чадаж байгаа бол та амьдралын эрүүл дэглэмийг баримталж чадаж байгаа (давсаа багасгаад, ахиухан хөдөлгөөнтэй бол) буюу хаван таныг удаан зовоохгүй.
Гурвалжин будаа
Амттай хувилбар биш ч гэлээ оройн хоолондоо нэг аяга давсгүй гурвалжин будаа идвэл та өглөө ямар сайхан сэрнэ гэж бодож байна. Хоолныхоо цэсэнд нэмж оруулахыг зөвлөмөөр байна.
Хатаасан чангаанз
Хатаасан чангаанз таны биед байгаа гадны бүхий л хэрэггүй бодисыг гадагшлуулна, тэр дундаа ус. Чангаанзны компот нь хэдхэн цагийн дотор хаван бууруулна, бас амттай. Цайны хажуугаар идэх бусад амттануудыг хатаасан чангаанз орлож чадна – та эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг бол энэ хувилбарыг сонгох биз ээ.
Цангис
Нойтноороо ч, хатаасан ч чанараа алдахгүй. Элдэв сахар, амтлагч нэмэлгүй цангисны шүүс хийж ууснаар хавангаа буулгана. Цангис нь шээс хөөхөөс гадна өөр бусад хортой бодисыг гадагшлуулж хүний биед хэрэгтэй амин дэмээр хангана. Жирэмсэн болон 3 наснаас дээш хүүхдийн хоолны цэсэнд заавал оруулахыг зөвлөж байна.
Өргөст хэмх
Шинэхэн шүүслэг өргөст хэмх эрүүл мэндэд тустайгаас гадна гоо сайханд ч сайнаар нөлөөлнө. Шээс хөөнө, ялангуяа өглөө өлөн дээрээ шүүсийг нь уухад хаван бууруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Арьс арчилгааны шалгарсан хүнс гэдгийг та эрхбиш мэдэх биз ээ: өргөст хэмхийн маск нь арьсны өнгө сэргээх ажээ.
Тарвас
Тарвасыг хэн хүнгүй л идэх дуртай. Амин дэмээр тийм ч баялаг биш гэлээ биеийг хорт бодисоос маш сайн цэвэрлэж чаддаг. Гэхдээ тарвасыг хэтрүүлэн идэж болохгүй: мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өдөрт 2,5 кг-аас ихгүй тарвас идэж болох ажээ.
Хаш
Хаш – хавантай тэмцэхэд сайн туслагч болж чадна. Биеэс давсыг гадагшлуулна. Хэрвээ та хавангаа бууруулах гэж хаш сонгосон бол шарж бус харин чанаж эсвэл жигнэж идээрэй. Бүрэн боловсорч зөөлөрсөн хаш хоол хүнсэндээ сонгохгүй байхыг зөвлөж байна. Учир нь хэт зөөлөрсөн хашид алкалоид соланин гэх бодисын агууламж нэмэгдэж хордлогод оруулах аюултай ажээ.
Амтат чинжүү
Амттай, үзэмжтэй мөн калийн агууламж өндөртэй тул биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Ялангуяа улаан өнгийн амтат чинжүү нь ликопин гэх бодис агуулдаг тул хорт хавдар үүсэхээс хамгаалдаг ажээ. Хавангаа бууруулах зорилгоор амтат чинжүү хэрэглэх гэж байгаа бол түүхийгээр нь идээрэй, халуун хэмд болгосон ч гэсэн шим тэжээлээ тэр болгон алдахгүй.
Та бүхэнд санал болгож байгаа эдгээр хоол хүнсийг тогтмол хэрэглэснээр нэг удаагийн хаванг бууруулахаас гадна цаашид хаван үүсэх шалтгааныг таслан зогсооно. Тэгэхээр та толинд өөрийгөө хавагнасан байдалтай дахиж харахгүй болох нь ээ.