Өвчин, зовлон, азгүйтэл гээд энэ бүгд бидний бодол болон үйлдлээс хамаарч бий болдог.
Энэ бүх сөрөг зүйлсээс салах арга байгаа юу гэвэл, байгаа. Өөрт тохиолдох муу муухай бүхнээс ганцхан өдрийн дотор салах боломжгүй ч энэхүү аргын тусламжтайгаар хэдхэн хоногийн дараа л үр дүнг нь мэдэрч эхлэх болно.
Юуны түрүүнд бидэнд ямар ямар муу зуршлууд байдгийг тодорхойлох хэрэгтэй.
Муу зуршил гэдэг нь бидний хүсээгүй нөхцөл байдал үүсэхэд аргагүйн эрхэнд хийдэг үйлдэл юм. Энэ нь цаашид даамжирсаар бидний амьдралын хэв маяг болон хувирдаг. Өөрийнхөөрөө байж чадалгүй айж, санаа зовсноос болж хүн хүсээгүй зүйлээ хийж буруу дадалтай болдог байна.
Мэдээж танд тохиолдож байгаа юм бүхэн таны санаа бодлоос шууд хамааралтай байдаг. Сөрөг бодол тээсэн хүн олон талаараа хохирч байдаг:
- Өөртөө итгэх итгэл (<<би юу ч чадахгүй, би үргэлж л гай болдог, надад найдаад хэрэггүй>>)
- Санхүүгийн талаас (<<надад хангалттай мөнгө байхгүй, мөнгөтэй байх нь аюултай, мөнгө сайн зүйлд хэзээ ч хүргэхгүй>>)
- Нийгэм дэх байр суурь (<<урсгал дагаж явах хэрэгтэй, ингэх ёстой байдаг юм, ингэж болохгүй, хүмүүс юу гэж хэлэх бол>>)
- Юм бүхнийг зөв гэж хүлээн авах (<<амьдрал шударга биш, би үүнийг хийх ёстой, надад сонголт байхгүй, нөхцөл байдал иймээс хойш>>)
- Өөрийгөө үнэлэх үнэлэмж (<<надад боломж байхгүй, би үүнийг хүртэх эрхгүй, зүгээр л болчихно гэж юу байхав дээ>>)
- Сэтгэл хөдлөл (<<хайрыг хүртэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй>>)
Бид ингэж өөрсдийгөө тухгүй нөхцөлд дасгаж сургадаг нь буруу бөгөөд ихэнхдээ бага байхаас эдгээр зуршлууд бий болдог байна. Эцэг эхийнхээ үгэнд орж сайн хүүхэд болох гэсээр байгаад өөрийгөө илэрхийлэх боломжоо алдах нь бий. Энэ нь гэхдээ насанд хүрсэн хүнд ч тохиолдож болдог байна.
Буруу хэвшил болгон далд ухамсарт хадгалагдаж үлддэг бөгөөд бидний амьдралд сэмхэн нөлөөлж байдаг. Хамгийн тод илрэл нь бидний өдөр тутмын асуудлууд юм.
Таны авах ёстой эхний арга хэмжээ бол сөрөг бодлуудаа цаг тухайд нь зогсоох юм. Ингэснээр та тухайн сөрөг бодлыг далд ухамсартаа үлдээхээс сэргийлж байгаа юм.
Харин танд байгаа зуршлуудыг болиулахын тулд тууштай зүтгэх хэрэгтэй.
Хэрхэн өөрт байгаа муу зуршлуудаасаа салах вэ?
Өөрт ямар төрлийн асуудал тулгарч байгаа, мөн яагаад гэдгийг олох. Ингэж тодорхойлох 2 арга бий.
Амьдралынхаа хүндрэлтэй хэсэгт шинжилгээ хийх
Таны амьдралд аль хэсэгт хамгийн их асуудал үүсч байна вэ? Энэ тал дээр арга хэмжээ авахад юу саад болж байгааг олох хэрэгтэй.
Аливаа дутагдалтай бүхнийг ямар ч асуудалгүй, төгс байгаагаар төсөөлөх нь тус болдог. Жишээ нь танд мөнгө хэрэгтэй байгаа бол өөрийгөө хэтэрхий их мөнгөтэй байгаагаар, хувийн амьдрал тань хүндрэлтэй байгаа бол олон хүүхэдтэй гэр бүлтэйгээр өөрийгөө төсөөлөөд үзээрэй.
Дараа нь төсөөлсөн шинэ нөхцөл байдал тань ямар асуудал үүсгэж болох талаар бодоорой. Хэт их мөнгөтэй байхын сул тал болон ойр дотныхон ямар хүндрэл учруулж болохыг та төсөөлөөд үзээрэй. Хэрэв та шинээр үүсгэсэн нөхцөлдөө асуудал олж чадсан бол тэр чинь танд саад болоод байгаа хаалт юм.
Эргэн тойрноо шинжих
Таныг хүрээлж буй хүмүүсийг ажиглаж дүгнэлт хийх нь өөрийгөө таниж мэдэхэд маш чухал. Таны ойр дотныхонд байгаа дутагдал танд ч мөн байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Буруу хэвшлээсээ салах
Цэвэрхэн А4-ийн цаас аваад дээрээс нь доош шугам татан хоёр хуваана.
Зүүн багана дотор өөрт байгаа дутагдлуудаа болон өмнөх хэсгийг уншиж байхад орж ирсэн бодол болгоноо бичих хэрэгтэй.
Үүний дараа зүүн хэсэгт байгаа бүхний талаар хүмүүсийн хэлсэн, сэтгэлийг тань өвтгөсөн үг болгоныг санаад баруун багананд эсрэг утгатайгаар бичээрэй. Жишээ нь <<чи үргэлж л садаа болдог -> чи үргэлж тус болдог>>, <<салан гартай -> алтан гартай>>.
Ингээд цаасныхаа зүүн хэсгийг урж хаяад баруун хэсгийг нь өөртөө үлдээ.
Үлдсэн баруун багана дотор бичсэн бүхнийг та өөрийн болтол давтаж мөн биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Шантрах үе гарвал бичсэн зүйлээ ахиад нэг уншаад үз.
Аз жаргалгүй хүмүүс үргэлж бусдыг дуурайх гэж оролддог
Бид маш сонирхолтой үед амьдарч байгаа. Бүх зүйл нүд ирмэхийн зуур өнгөрдөг ч бид хэзээ ч өөртөө цаг зарцуулж чаддаггүй. Үүнээс болж хүн өөрийгөө ч таниж амжаагүй байж нийгмийн байр сууриа эзлэх хэрэгтэй болдог.
Нэг талаас үүнд хүмүүжил буруутай. Эцэг эхчүүд хүүхдүүдээ бусадтай харьцуулснаас болж хүүхдүүд өөрийнхөөрөө байхаа больдог. Нөгөө талаас хүн хэт олон нөлөө бүхий хүмүүсээс жишээ авсаар юу ч үгүй хоцордог. Үлдсэн нь төгс гэгддэг хийсвэр дүрүүдтэй өөрсдийгөө адилтгасаар урам нь хугардаг байна.
Үлгэр жишээ авна гэдэг нь өөр хүн болно гэсэн үг биш юм
Хэн нэгнийг дуурайснаар өөрийгөө алдах аюул үүсдэг.
Өөр хүний амьдралын зохиолоор явах нь хэзээ ч аз жаргалд хүргэдэггүй. Учир нь таны хийж байгаа үйлдэл болгон таны биш хүний шийдвэр байдаг. Эцэст нь та гаднаа ч дотроо ч тухтай байж чадахгүй өрөвдмөөр байдалд орсон гэдгээ анзаардаг.
Бусдаас жишээ авах нь зайлшгүй зүйл ч энэ нь өөрт байгаа дээрээ нэмэхийг хэлдэг болохоос өөрт байгаагаа хаяад өрөөлийнхийг авна гэсэн үг биш юм.
Загварын талаар ярилцъя л даа. Хэрэв та өөрт юу сайхан харагддагийг болон өөрийн биеэ сайн мэддэг бол шинээр гарч байгаа хувцасны төрлөөс өөрийн гэсэн зүйлийг амархан олох болно. Харин зүгээр л бусдыг дуурайх гэж оролдвол ичмээр аль эсвэл гунигтай нөхцөл байдалд орохыг үгүйсгэхгүй.
Өөрөөрөө байж чаддаг байх нь амжилтын үндэс байдаг
Бусдыг дуурайдаг хүнийг таниж мэдэхэд маш амархан байдаг. Яг л шалгалтан дээр хэн нь хуулж бичсэнийг олж танихтай л ижил. Энэ нь ямар үг хэд давтагдсанаар биш тухайн хүний дотоод ертөнц хэр чөлөөтэй, хэр тодорхой илэрхийлэгдэж байгаагаар хэмжигддэг.
“Ажилд орох 6 арга” номын зохиолч Пол Бойтон хэлэхдээ ажил хайж буй хүмүүсийн хамгийн том асуудал нь өөрөөсөө өөр хүн болж харагдах гэсэн оролдлого гэсэн байдаг. 60,000 хүнтэй ярилцлага хийсэн хүний хувьд тэр энэ тал дээр мэргэжлийн хүний үүднээс дүгнэлт хийсэн гэдэгт итгэлтэй байна. Хуурамч зүйл хэнд ч хэрэггүй.
Тоть шувуу гэгдэх эдгээр хүмүүс өөрсдийнх нь аз жаргалгүй байгаа шалтгаан бусдыг дуурайхад оршдог гэдгийг ч мэдэхгүй явж байдаг нь харамсалтай.
Алдарт хөгжмийн зохиолч Ирвинг Берлин залуу хөгжмийн зохиолч Жорж Гершвинд өгсөн зөвлөгөөг та сонирхуулъя: “Чи авьяаслаг залуу хөгжимчин. Би чамд 3 дахин илүү цалинтай ажил санал болгож чадна, гэхдээ чи миний саналыг хүлээж авах хэрэггүй. Миний санал болгох ажил чамайг хоёр дахь Берлин болгох болно. Гэхдээ чи өөрийнхөөрөө үлдэж чадвал цорын ганц Гершвин болж чадах юм.”
Хэн гэдгээ олж таних нь хамгийн эрхэм зорилго байдаг.