Бүх эцэг эхчүүд үр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсэх нь мэдээж хэрэг. Харвардын эрдэмтэд хүүхдээ хэрхэн сайхан сэтгэлтэй, хариуцлагатай, тусч өгөөмөр хүн болгож хүмүүжүүлэх тухай дараах 6 зөвлөгөөг өгчээ.
Хүүхдэд сэтгэл хөдлөлөө барихыг сургах
Уур уцаар, уй гашуу, гомдол цөхрөл хүүхдийг ч тойрч гардаггүй. Гэвч эдгээр мэдрэмжийг хэрхэн давж гарах, дэмий бухимдахгүй байх талаар хүүхдэдээ зааж сургах хэрэгтэй. Тайван байх үед нь дараах аргыг зааж өгөөрэй: хамраараа гүнзгий амьсгаа аваад, амаараа гаргасны дараа 5 хүртэл тоолох арга. Хүүхэд чинь бухимдаад эхлэх үед энэ гурван алхамыг сануулж, хамтдаа хийхээ мартуузай.
Хийсэн зүйлдээ хариуцлага хүлээх ёстойг сургах
Хүүхэд эцэг эхийгээ дуурайж, тэдэнтэй адилхан байхыг хичээдэг. Ухамсар, харилцан туслах, хүрээлэн буй ертөнц, байгаль дэлхийгээ хамгаалах талаар ярьж өг. Мөн өөрийнхөө хийсэн зүйлийн төлөө хариуцлага үүрэх ёстойг нь ойлгуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдөө сайн үлгэрлэж, сайн зүйл хийхэд нь магтаж урамшуулахаа бүү мартаарай.
Сул дорой хүнийг өрөвдөх, туслахыг сургах
Хүүхэд ойр дотны хүмүүс, найз нараа төдийгүй туслалцаа хэрэгтэй өөр хүмүүсийг ч өрөвдөж энэрч сурах нь маш чухал. Өөрөө шинэ ангид орвол ямар байхыг төсөөл дөө гэж хүүхдээсээ асуу. Арай өргөн цар хүрээтэй асуудал хөндөж ярь. Жишээ нь, хоол хүнсгүй суугаа хүүхдүүдэд яаж тусалж болохыг асуугаарай. Бас гэр оронгүй хүүхдүүдэд? Нийгмийн хариуцлагыг нь хөгжүүлэхийг хичээ. Өсөж томрохын хэрээр, бусдад өөрийн чадах чинээгээр туслах боломжийг нь нээж өг.
Талархаж сургах
Таны хүүхэд талархаж баярласнаа хэлэхээс бүү ичиг. Бага юмнаас эхэлж болно шүү дээ. Гоё хоол өгсөн эмээгээ тэвэрч талархах, баярлалаа гэж заавал хэлэх, гэр орны ажилд туслах, ээжийнхээ хийж байгаа зүйлсэд талархах гэх мэт. Талархалаа илэрхийлж чаддаг хүмүүс аз жаргалтай, эрүүл амьдардгийг нотолсон судалгаа бий.
Биеэ зөв авч явах соёлд сургаж, гэр бүлийнхээ эрхэмлэх зарчмыг тодорхойл
Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага, спортын амжилтаар бахархаж, анхаарал тавьдаг. Яагаад ёс зүйн хүмүүжлийг нь анхаарч болохгүй гэж? Гэр бүлдээ мөрдөх эрхэм зүйлийг тодорхойлж, хүүхэд чинь үг, үйлдлээрээ энэ зарчмыг мөрдөж байгаа эсэхийг ажиглаад үз. Биеэ зөв авч явж байна уу? Амлалтаа биелүүлж байна уу? Үеийнхээ хүүхдүүдтэй яаж харьцаж байна? Дээрэлхүүлсэн хүүхдэд яаж хандаж байна? Хүүхэд хамгийн түрүүнд хэнээс жишээ авч үлгэрлэн дуурайдгийг битгий мартаарай.
Хүүхэдтэйгээ хамт байхыг хичээх
Хэрэв хүүхэдтэйгээ зөвхөн сахилга батын тухай ярьдаг бол хангалтгүй. Итгэлцсэн харилцаа тогтоохыг хичээ. Байнга ярилцаж, тоглож, цагийг хамт өнгөрөөж, хамт аялж, эсвэл салхилж, хайртай гэдгээ үргэлж харуулж байхаа мартуузай. Ингэж чадвал таны хүүхэд хайр, хүндэтгэл гэж юу болохыг мэддэг, дараа нь энэ хайрыг бусдад түгээх, сайхан сэтгэлтэй, үнэнч хүн болж өснө.