in

ГоёГоё Юу вэЮу вэ

Эдгээр 10 сонирхолтой тоглоомыг та хүүхдэдээ зааж өгөөрэй. Зуныг зугаатай өнгөрүүлж таблет, гар утасны дэлгэцнээс хүүхдийг холдуулах хамгийн үр дүнтэй арга

Нуугдаж тоглох, чоно тарвагадах, байлдаж тоглох гэхчлэн хүүхэд насыг минь инээд хөөрөөр чимсэн тоглоом олон байжээ. Харин одоо хүүхдүүдээ ямар шинэ зүйлээр гайхашруулж болох бол? Ямар улсын хүүхдийн тоглоом хамгийн хөгжилтэй вэ?

“Луу сүүлдэх” (Хятад)

Оролцогчдын тоо: олуулаа тусмаа хөгжилтэй

Хэрэглэх зүйл: байхгүй

Тоглоомын дүрэм: бүгд шилээ харан жагсаж зогсоод, урдах хүүхдийнхээ мөрөн дээр гараа тавина. Хамгийн урд зогсоо нь лууны толгой, хамгийн арын хүүхэд – сүүл нь болно. Лууны толгой сүүлээ барьж авахаар хөөнө. Сүүлтэй ойрхон хүүхдүүд түүнийг толгойноос бултуулахын тулд туслах ёстой. Хамгийн гол нь хөөцөлдөхдөө лууны бие салахгүй, өнхөрч унахгүй байх хэрэгтэй.

Толгой их л чармайж байж ялах хэрэг гарна.

“Жүржээр төл!” (Гана улс, Африк)

Оролцогчдын тоо: тус бүр 3-4 хүнтэй хоёр баг

Хэрэглэх зүйл: хүн бүр 4 жүржтэй байх

Тоглоомын дүрэм: хоорондоо 10-15 м зайтай параллель хоёр шулуун зураас зураад ард нь багууд байраа эзэлж зогсоно. Зураасан дээр тоглогч бүр өмнөө жүрж овоолж, гурвыг доор нь, нэгийг дээр нь тавина. Ингээд жүржээ өрсөлдөгчийнхөө өмнөх жүрж рүү ээлж ээлжээр шидэж, онож нурааж чадвал багтаа жүржнүүдийг авна. Онохгүй бол шидсэн жүрж нь өрсөлдөгч багт хураагдана. Хураасан жүржээ мөн овоолж тавих бөгөөд үүнийг ч бас нурааж болно. Бүх жүржээ алдсан баг хожигдох ёстой. Жүржийг бөмбөг, шоо гэхчлэн өөр зүйлээр орлуулж болно.

“Кабадди” (Энэтхэг)

Оролцогчдын тоо: хоёр багт хэдэн ч хүн орж болно.

Хэрэглэх зүйл: уушги сайтай байхад хангалттай.

Тоглоомын дүрэм: талбайгаа хоёр хуваана. Нэг багийн довтлогч нь эсрэг багийн талбайд гүйж ороод хэн нэгийг нь цохих эсвэл өшиглөх ёстой. Гэхдээ зүгээр гүйхгүй. Талбайд орохын өмнө амьсгаа авах бөгөөд “кабадди! кабадди!” гэж нэг амьсгаагаар тасралтгүй хэлж өрсөлдөгчөө хөөх ёстой. Амьсгаа авах л юм бол өөрөө золиос болох бөгөөд баригдахгүйн тулд буцаж талбай руугаа зугтана. Баригдалгүй гүйсээр өөрийн талбайд гишгэх юм уу, гараа хүргэж чадвал аврагдана. Ингэж чадвал, түүнд гүйцэгдэж цохиулсан нөгөө багийн гишүүд тоглоомноос хасагдах бөгөөд эхний багаас ахин нэг тоглогч гарч гүйнэ. Харин тоглогч буцаж талбайдаа хүрэлгүй баригдвал хасагдаж, эсрэг багт тоглолт шилжинэ. Тоглогчгүй болсон баг хожигдоно.

Энэтхэгээс гаралтай энэ тоглоом Азийн орнуудад их тархсан байдаг. Кабаддигийн дэлхийн аваргын тэмцээн хүртэл зохиогддог гэнэ.

“Гурван чулуу” (Франц)

Оролцогчдын тоо: 2-4

Хэрэглэх зүйл: атганд багтах гурван чулуу, эсвэл өөр жижиг эд зүйл.

Тоглоомын дүрэм: хоёр оролцогч гараа ардаа барьж, 1-3 чулуу атгаж таалгадаг тоглоом. Чулуугүй хоосон гар ч байж болно. Атгасан гараа нэгэн зэрэг өмнөө гаргаж, хоёулангийн гарт нийлээд хэдэн чулуу байгааг таана. Тус бүр нэг удаа тоо нэрлэх бөгөөд адил тоо хэлж болохгүй. Алгаа дэлгэж хэн нь зөв таасныг шалгаад, таасан бол нэг чулуугаа хаяна. Гурван чулуу нь түрүүлж дууссан хүн хожно.

Гурав, дөрвөн хүн хамт тогловол илүү сонирхолтой. Хамгийн гол нь тоо таахдаа давхардуулж хэлж болохгүй. Энэхүү эртний франц тоглоомоор хүмүүс тоглож наадахаас гадна, мөрий тасалдаг байжээ.

“Төмсөөр байлдах” (Филиппин)

Оролцогчдын тоо: хоёр хүн. Хэдэн ч хос тоглогч байж болно.

Хэрэглэх зүйл: сэрээ, төмс

Тоглоомын дүрэм: хоорондоо 1 м зайнд нэг хөлөө өвдөглөж суугаад, нөгөө хөлөө гараараа барьж, газраас хөндийрүүлж тэнцвэрээ олно. Сул гартаа сэрээнд хатгасан төмс барина. Өрсөлдөгчийнхөө төмсийг газарт унагахыг эрмэлзэнэ. Хүчтэй нь бус, овсгоотой нь ялдаг тоглоом.

Төмс нь унасан, эсвэл өргөсөн хөл нь газарт гурван удаа хүрсэн хүн ялагдал хүлээнэ. Мөн өрсөлдөгчөө түшсэн, түлхсэн бол ялагдана. Арай хялбар болгохын тулд өвдөглөж биш, зогсоогоороо тоглож болно.

“Элчин сайд ирлээ” (ӨАБНУ, Африк)

Оролцогчдын тоо: олон хүн оролцвол илүү удаан тоглоно.

Хэрэглэх зүйл: “үнэт бэлэг” – ямар ч эд байж болно. Жишээ нь: бөмбөг. Өмнөд Африкт үнэд хүрдэг пориж модны өөдсөөр нутгийнхан тоглодог.

Тоглоомын дүрэм: тоглогчид хоёр “тосгон” болж хуваагдаад хол зайд өөд өөдөөсөө харж эгнэж зогсоно. Нэг тосгоны “элчин сайд” үнэт бэлгээ аваад нөгөө тосгон руу гарна. Бэлгээ аваачиж өгмөгц буцаад зугтахад тосгоныхон бүгд араас нь хөөнө. Элчин сайдыг тосгондоо хүрэхээс нь өмнө барьж авч чадвал олзолж авна. Чадахгүй бол нэг хүнээ олзонд үлдээгээд буцна. Ганц хүнтэй үлдсэн “тосгон” ялагдана.

“Сүрэг адуу” (Буриад, ОХУ)

Оролцогчдын тоо: олон хүн оролцох тусмаа сонирхолтой.

Хэрэглэх зүйл: байхгүй

Тоглоомын дүрэм: “адуун сүрэг” тойрч зогсоод гар гараасаа чанга барилцана. Тойргийн дотор хэсэг тоглогчид “унага” болж зогсоно. Тэднийг тойроод нэг тоглогч морь болж, чононоос сүргээ хамгаалж гүйнэ. Хэдэн тоглогч чоно болж, сүргийг задалж унага хулгайлахаар дайрна. Хэрэв хамгаалагч морь нь чононы биед хүрвэл алсанд тооцно. Бүх чоныг “алж” дуустал тоглоом үргэлжилнэ.

“Квинт” (Литва)

Оролцогчдын тоо: 5

Хэрэглэх зүйл: бөмбөг

Тоглоомын дүрэм: газарт 10 м талтай том квадрат зурна. Дөрвөн өнцөгт нь 4 тоглогч зогсоно. Голд нь ойролцоогоор 1,5 м диаметртэй тойрог зурж, тав дахь тоглогч дотор нь орно. Өнцгийн тоглогчид голын тоглогч руу ээлжээр бөмбөг шидэж онохыг оролдоно. Тав дахь тоглогч тойргоосоо гаралгүй бөмбөгнөөс бултах ёстой. Түүнийг оносон хүн оронд нь зогсож тоглоом үргэлжилнэ.

“Хаалт” (Швед)

Оролцогчдын тоо: олуулаа тогловол илүү хөгжилтэй.

Хэрэглэх зүйл: байхгүй

Тоглоомын дүрэм: гурван хүнээс бусад нь хэдэн эгнээ болж зогсоно. Ингэхдээ квадрат үүсгэх бөгөөд нэг эгнээнд орох хүний тоо нь нийт эгнээний тоотой тэнцүү байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн эгнээ байвал нэг эгнээнд дөрвөн хүн зогсоно. Ингэж квадрат болно. Гудамж үүсгэн, эгнээ бүр гар гараасаа барилцана.

Үлдсэн гурав нь: 1-р тоглогч – хөөгдөж яваа хүн, 2-р тоглогч – хөөж яваа хүн, үлдсэн нь хөтлөгч болно. Гудамжаар зугтаж яваа 1-р тоглогчийг 2-р тоглогч барьж авах ёстой. Харин бусад тоглогчид 1-р тоглогчийн талд байна. Түүнийг баригдах дөхмөгц хөтлөгч дохио өгнө. Тоглогчид гараа хурдан тавиад зүүн тийш эргэж, ахиж гар барилцан шинэ гудамж үүсгэнэ. Хөөж яваа хүн нь 1-р тоглогчоос хормын төдийд өөр гудамжаар тусгаарлагдана. 2-р тоглогч багийнхнаас илүү авхаалж самбаа гаргаж 1-р тоглогчийг барих хүртэл энэ хөгжилтэй тоглоом үргэлжилнэ. Тоглогчдоо солиод цааш тоглож болно.

“Чоно” (Уругвай)

Оролцогчдын тоо: 4-өөс илүү хүн байвал сонирхолтой.

Хэрэглэх зүйл: байхгүй

Тоглоомын дүрэм: томхон зайд хоёр параллель шулуунаар хил татна. Нэг хилийн цаана байшин, нөгөө хилийн цаана чонын үүр байрлана. Чоно болох хүнээ сонгоно. Бусад тоглогчид байшин, чонын үүр хоёрын дунд “чоно эзгүй байгаа тухай” дуу зохион дуулж гүйлдэнэ.

Тоглогчид үүрэнд дөхөж ирээд “Чоно чи гарч ирэхгүй юм уу?” гэж асуухад чоно: “Би дөнгөж сэрж байна” гэнэ. Талбайгаар дуулж бүжиглэж яваад ахин дахин ирж асууна. Чоно “нүүрээ угааж байна, хувцаслаж байна, үсээ самнаж байна” гэхчлэн хариу хэлсээр байна. Тэгснээ гэнэт “Та нарыг барина даа!” гээд хөөж эхэлнэ. Байшиндаа хүрч чадсан нь аврагдаж, чононд гүйцэгдсэн нь чоно болж солигдож тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *