Артерийн даралт нь хүн бүрийн амин чухал шалгуур үзүүлэлт бөгөөд олон хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгддөг. Артерийн даралтын дундаж норм гэж байдаг. Тиймээс л нормоос хазайсан үзүүлэлт нь эмчид тухайн хүнд эмгэг байгаа эсэхийг сэжиглэх боломж олгодог.
Гэхдээ үзүүлэлтүүд өөрчлөгдөж болдог гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь, өдрийн цаг хугацаа, тухайн хүний наснаас шалтгаалж өөрчлөгдөж болно.
Тэгэхээр артерийн даралт нас бүрт ямар байдаг вэ?
Даралтын норм
Насанд хүрсэн хүний хэвийн даралтыг тайван байдалд байхад нь үзэх хэрэгтэй. Учир нь биеийн болон сэтгэл санааны ачаалал нь үзүүлэлтэд асар их нөлөө үзүүлнэ. Хүний бие махбодь артерийн даралтыг өөрөө хянах чадвартай байдаг бөгөөд дунд зэргийн ачаалал нь үзүүлэлтийг ойролцоогоор 20 мм м.у.б. нэмэгдүүлдэг. Энэ нь үйлд оролцож буй булчин болон эрхтнүүдэд илүү их цусан хангамж шаардлагатай байдгаар тайлбарлагддаг.
Одоогийн байдлаар анагаах ухааны шалгуур үзүүлэлтэд артерийн даралт 91…139/61…89 мм м.у.б. байх нь хэвийнд тооцогддог аж. Артерийн даралт 120/80 мм м.у.б. байх нь хэвийн, 130/85 мм м.у.б. – хэвийн бага зэрэг ихэссэн, 139/89 мм м.у.б. – хэвийн ихэссэн гэж үздэг. 140/90 мм м.у.б.-аас дээш болбол эмгэг гэж үзнэ.
Нас ахихад даралт нэмэгдэх ба үүнийг эргэшгүй өөрчлөлт гэнэ. Хүн хэдий хөгшин байна төдий чинээ артерийн даралтын үзүүлэлт нэмэгдэнэ.
Артерийн даралт: насны норм
Хүн бүрийн норм мэдээж хэрэг өөр өөр байна. Анагаах ухааны номд даралт нормдоо 120/80 мм м.у.б. байхыг хэвийн гэж тэмдэглэсэн байдаг. Ийм үзүүлэлт нь 20-40 насны хүмүүст тохиолдох нь элбэг байдаг.
16-20 насны хооронд артерийн даралт хэвийн үедээ бага зэрэг багассан байж болдог. Энэ нь систол болон диастолын үзүүлэлтэд аль алинд нь хамаатай. Ерөнхийдөө даралт нь тайван үед 100/70 мм м.у.б. байхыг физиологийн норм гэнэ.
Наснаас хамаарах даралтын норм
Хүснэгтээс нас ахихад даралтын үзүүлэлтүүд өөрчлөгддөг болохыг олж харж болно. Гэхдээ үүнийг дундажласан үзүүлэлт гэдгийг санах хэрэгтэй.
Гэхдээ даралт ихсэхээс гадна буурч ч болдог ба энэ нь бие махбодийн үйл ажиллагаа доройтож байгаагийн илрэл юм. Тиймээс тонометр ашиглах чадвар нь бараг бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог. Мөн даралтын үзүүлэлтийн өөрчлөлтийг хянахын тулд хяналтын дэвтэр хөтөлбөл зүйтэй.
Даралтаа хэрхэн зөв хэмжих вэ?
Артерийн даралт хэмждэг тусгай төхөөрөмж байдаг ба үүнийг тономерт гэнэ. Гэрийн нөхцөлд автомат эсвэл хагас автомат төхөөрөмж тохиромжтой байдаг. Учир нь гар тонометр ашиглахад ур чадвар шаардагдана.
Зөв үзүүлэлт гаргахын тулд дараах зөвлөмжийг дагаж мөрдөөрэй:
- Даралтаа хэмжихийн өмнө тайван байх ёстой
- Тамхи татахыг хориглоно
- Артерийн даралтыг хоол идсэний дараа шууд хэмжвэл хариу буруу гаргана
- Тухтай сандал дээр сууж даралтыг хэмждэг
- Нуруу юм налсан байх ёстой
- Даралт хэмжиж буй гар зүрхний түвшинд байх ёстой, өөрөөр хэлбэл ширээний ард сууж хэмжинэ гэсэн үг юм
- Даралтаа хэмжих үедээ хөдөлгөөнгүй суух хэрэгтэй бөгөөд ярьж болохгүй
- Үзүүлэлтийг хоёр гартаа хоёуланд нь үзнэ (10 минутын зайтай нөгөө гарт үздэг)
Нормоос их эсвэл бага гарвал мэргэжлийн эмчид зайлшгүй хандаарай. Бүх шаардлагатай оношлогоог хийсний дараа л эмч эмчилгээг эхлэх болно.
Нормын хазайлт: шалтгаан
Артерийн даралтын өөрчлөлтөд нөлөөлөх маш олон шалтгаан бий. Гэхдээ хамгийн түгээмэл шалтгаан нь:
- Зүрх урьдынх шиг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй болох
- Цусны чанарын өөрчлөлт. Нас ахихад цус илүү өтгөн болдог. Цус хэдий чинээ өтгөн байна төдий чинээ судсаар урсахдаа бэрхшээлтэй болно. Чихрийн шижин эсвэл аутоиммун өвчний улмаас цус өтгөрч болно.
- Цусны уян хатан чанар буурах. Үүнд хоолны зохисгүй хэрэглээ, стресс, зарим нэг эм нөлөөлдөг.
- Цусанд “муу” холестриний хэмжээ ихэссэнээр судсанд судас хатуурлын гаралтай товруу үүснэ.
- Дааврын улмаас цусны судасны дотоод орчин огцом өөрчлөгдөх.
- Дотоод шүүрлийн булчирхайн хямрал.
Даралтаа тогтвортой барихын тулд, мөн эрүүл урт удаан наслахын тулд зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөнтэй байж, стрессээс хол, аль болох тайван байхыг зөвлөж байна.
Эдгээр энгийн дүрмийг мөрдсөнөөр даралтаа хэвийн хэмжээнд нь барих боломжтой юм шүү!