Хүмүүс бид заавал алдаж байж суралцдаг жамтай гэж. Ажил дээр, амьдрал дээр ч алдаж оносоор, хэдэн жилийн дараа эргээд бодоход арай өөрөөр шийдчихэж болохоор л асуудал байсан харагддаг шүү дээ.
Ханилан суух гэж буй залуус минь, гэр бүлийн цаашдын амьдралдаа юуг анхаарвал зохих тухай эндээс уншаарай. Эртхэн мэдэж авмаар зүйлүүд их бий.
Дуусаж дундаршгүй хайр гэж үгүй
Нөхөр бол таны хүүхэд биш. Үлдсэн амьдралаа хамт өнгөрөөх хүн, нэг ёсондоо хамтрагч гэсэн үг. Та түүнийг өдөр бүр, насан туршдаа хайрлана гэсэн зуун хувийн баталгаа байхгүй. Мөн нөхөр чинь ч тэгнэ гэх баталгаа алга.
Ямар нэгэн маргаан сөргөлдөөн гарахад юун хайр дурлалтай манатай болох үе бий. Гэр бүлийн сэтгэл судлаач тайлбарлахдаа: мөнхийн хайр гэж байдаггүй, хүн анх дурлаж хөөрсөн, сэтгэл догдолсон оргил үе шигээ үргэлж байх боломжгүй гэдэг. Иймээс хайр дурлалдаа шатахаа больсон ч аз жаргалаа хадгалж үлдэхийн тулд харилцаандаа анхаарч, ханийнхаа сэтгэлийг байнга татахыг хичээх ёстой. Гэрлээд 5, 10, 15 жил өнгөрсөн ч ялгаагүй!
Хүүхэд төрсний дараах эхний хоёр жил хамгийн хүнд үе байдаг. Энэ байдлыг цаашид битгий дасал болгоорой.
Мэдээж хэрэг, хүүхэд бол гэр бүлийн маш том баяр баясгалан. Гэхдээ нялх хүүхэд өсгөх нь хосуудын хувьд хамгийн бэрх үе. Амьдралын хэвийн хэмнэл алдагдаж, нойр дутуу явах болж, үзэл бодол ч өөрчлөгдөх нь бий.
Харилцаандаа анхаар гэж хүн бүр зөвлөнө. Гэхдээ тийм амар зүйл биш ээ. Хамгийн гол нь энэ хэмнэлийг цаашдын амьдралдаа хэвээр үлдээж болохгүй. Нөхөр чинь ойлгохгүй, туслахгүй байх шиг санагдаж, гомдол төрөх, сэтгэлээр унах үе бишгүй гарна. Тэсвэртэй байж, асуудлыг хамтдаа шийдэж сурах хэрэгтэй. Ойр дотныхоо хүмүүсээс туслалцаа авч сур. Гомдол, уур хилэн тээж амьдарч болохгүйг анхаар.
Сeксийн хувьд байнга идэвхтэй амьдарна гэж байхгүй
Гал халуун үе шигээ үргэлж ноололдож байхаа болино. Харамсалтай нь, энэ байдлыг шийдэх супер сайн зөвлөгөө алга. Гэхдээ сeксийн хувьд хөрөх нь хоёуланд чинь хамаатай асуудал шүү дээ.
Хүсээгүй үедээ харьцаанд орох шаардлага байхгүй ч, хуучнаа сэргээх гэж ямар нэгэн байдлаар оролдох хэрэгтэй. Сэтгэлзүйн эмчид ханд, хайр дурлалын ном зохиол унш, дур хүсэл өдөөх зураг хөрөг дарж бие биедээ явуул. Ургуулан бодож оролдоод үз. Бууж өгч л болохгүй.
Түүнтэй харьцуулахад та арай илүү идэвхтэй байгаа бол яах вэ? Хүсээгүй үед нь татаж чангаах хэрэггүй. Байдлыг улам муутгана. Харин бусад үед ч ойр байж, зурагт үзэхдээ тэврэлдэх, хамт хоол хийх, утсаар тогтмол ярих, бие биедээ хүрэх зэргээр дотно байдлаа хадгалж үлдээрэй. Энэ бол маш чухал харилцаа.
Жижиг зүйлээр ч баярлуулж байхаа бүү март
Бэлэг сэлт, цэцэг навчны төдий тухай яриа биш юм. Мэдээж хааяа ийм зүйл өгөлгүй яах вэ. Гол нь хайртай гэж хэлж, дуу хоолойг нь сонсох сайхан байна гэдгээ хэлэх хэрэгтэй. Эсвэл гэртээ ирэх замдаа түүнийхээ дуртай жигнэмгийг аваарай.
Энэ бүгд дэндүү нялуун зан шиг санагдаж байна уу? Нялуурч болно шүү дээ. Аз жаргалтай амьдрал гээч нь бага ч атугай таатай хором мөчүүдээс бүрддэг юм. Романтик санаа орж ирмэгц шууд гүйцэлдүүлж байгаарай. Та харамсахгүй.
Дотно харилцаагаа тоолгүй орхиж болохгүй
Гэр доторх асуудлаа зөвхөн нэг нь шийддэг, сэтгэл судлаачийн зөвлөгөөг ганцаараа хичнээн дагадаг байлаа ч нэмэргүй, хоёулаа л хамтарч хөдлөхгүй бол гэр бүлийн харилцаа нуран унана.
Гэр бүл салсан ихэнх тохиолдлыг харвал, эхнэр нөхрийн аль нэг нь ганцаараа гэр бүлээ авч үлдэхээр хичээдэг, харин нөгөөх нь юу ч хийхгүй байсаар эцэстээ салахаас өөр аргагүйд хүрсэн байдаг. Юу ч хийхгүй байсан хүн нь угаасаа ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй байж болно. Эсвэл хүнд тусалж, хэцүү үед гараа сунгаж сураагүй биз. Ямар ч байсан үг дуугүй бууж өгсөн хэрэг.
Мэдээж түүнийг хүссэнээр нь байлгах нэг хувилбар байж болно. Үүнд тэсвэр тэвчээр их орно. Эцсийн эцэст, завийг нэг талаас нь хичнээн сэлүүрдлээ ч огт урагшлахгүй гэдгийг санаарай.
Хүүхдээ асарч гэртээ суугаа хүн ба ажил хийж мөнгө олж байгаа хүний аль нь илүү хөдөлмөрлөдөг тухай бүү маргалд
Энэ талаар огт яриад хэрэггүй. Ялагчгүй маргаан шүү дээ. Хоёулаа ажил ихтэй байгаа ч нэг нэгнийхээ зүтгэлийг олж харахгүй байж болно. Та хоёр яг адилхан, хамаг хүчээрээ ажиллаж байгаа. Бие биедээ туслахыг хичээ. Ганцхан өөрт чинь хамаг ачаалал ирээд байгаа юм биш.
Хэн нь илүү ихийг хийж байгаа тухай хурцадмал сэдвийг сөхөөд ч хэрэггүй. Ханийнхаа хөдөлмөрийг үнэл. Өөрийн нүдээр үр дүнг нь хараагүй ч үнэлж сур. Баярлаж талархдагаа хэл. Яг одоо!