in

Танай гэрийн агаарыг цэвэршүүлж, тав тухтай орчинг бүрдүүлж өгөх 10 ургамлыг гэртээ тарьж ургуулаарай. Харшилтай хүнд ямар ч аюулгүй

Гэртээ тарьж ургуулж болох, агаар цэвэршүүлдэг гайхам хүчтэй ургамлууд бий. Агаарын чийгшлийг тэнцвэржүүлж хүчилтөрөгчөөр хангах, харшилтай хүнд аюулгүй ямар ургамал байдгийг танилцуулъя.

 

Нөмөргөнө (Spathiphyllum)

Бүсгүй хүний аз жаргалыг бэлгэддэг, цагаан дарвуул ч гэж нэрлэгддэг энэ цэцэг айл гэрт аз жаргал, хайр дурлал авчирдаг гэлцдэг. Илүүдсэн чийгшлийг өөртөө шингээхээс гадна хөгц арилгана. +18ºС хэмд таатай ургана.

Кофены мод (Coffea)

100 шахам төрөл зүйл бий. Тэдгээрээс араб, конголезийн кофены модыг хүмүүс ихэвчлэн тарьж ургуулдаг бөгөөд арабик, робуст сорт гарна. 5-6 жилийн дараа анхны үр соёолдог тул ургаж төлжсөн модыг худалдаж авсан нь дээр. Сайн усалж, нарны туяанаас хол, сүүдэртэй газар байлгах хэрэгтэй. Агаарын хэт чийгшлийг бууруулж, цэцэглэсэн үедээ халуун орны ойн үнэрийг гэрт тараана.

Миртийн мод (Myrtus)

Эе эв, тааламжтай амьдралын бэлгэдэл болсон ургамал. Эрт цагт хүмүүс түүнийг залуу насыг эргүүлж авчирдаг, аян замыг ивээдэг ариун мод гэж шүтдэг байв. Гэрийн агаарыг цэвэршүүлж, навч цэцгээс нь ялгардаг фитонцит нь агаарт хуримтлагдсан нянг устгадаг тул эрүүл мэндэд маш тустай.

Эрхэмсэг лавр (Laurus nobilis)

Эрт галавын үед өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүд лавр идэх дуртай байсан гэнэ. Иймээс махчин үлэг гүрвэл үдийн хоолоо амтлагчийн хамт зооглодог байсан гэсэн үг. Хүмүүс лаврыг алдар хүнд, ялалт, агуу сүр хүчний бэлгэдэл гэж үзсээр иржээ. Халуун орны ургамал учраас чийгтэй агаар, сүүдэр, их хэмжээний бүлээн усалгаанд дуртай. Агаараас хэт чийгшлийг шингээнэ. Навчийг нь хатаагаад хүнсэндээ хэрэглэж болно.

Нимбэг (Citrus limon)

Аль аль талаараа таатай ургамал. Цэцэглэх үедээ агаарт таатай үнэр ялгаруулж, гэрийн илүүдэл чийгийг шингээж авна. Навч нь орчин тойрноо цэвэршүүлж, хоргүйжүүлнэ. Наранд, бага багаар тогтмол усалгаатай, хуурай хөрстэй байвал сайн ургана. Павловскийн сорт нь нэг жилийн дотор үр жимсээ өгдөг.

 

Агар мод (Chamaecyparis)

Япончууд нас нөгчсөн хүмүүсийн сүнс, бурхдын сүнс шингэдэг хэмээн агар модыг ариун мод гэж шүтнэ. Мөнх ногоон энэ ургамал нь гэрийн дотоод засалд өнгө нэмж, агаар чийгшүүлэх ба тоос шорооноос сэргийлж, толгойн өвчнөөс ангижруулна. Байнгын усалгаа, сүүдэр шаардана.

Мөнхрөө (Sansevieria)

Өөрөөр цурхайн сүүл эсвэл хадам эхийн хэл ч гэж нэрлэдэг. Агаар чийгшүүлэх, хүчилтөрөгч их хэмжээгээр ялгаруулах, нийлэг материалаас ялгардаг хорт ууршлыг устгах хосгүй чадалтай. Арчилж тордоход маш амархан. Их хэмжээгээр услах шаардлагагүй, навчиндаа чийг хадгалж байдаг. Гэрийн аль ч буланд тавихад сайхан ургана.

Удамбор (Ficus)

Гэрт ургуулдаг хамгийн түгээмэл ургамал. Агаар чийгшүүлнэ, хүчилтөрөгч ялгаруулна, хорт бодис болон вирус устгана, тоосжилтоос сэргийлнэ. Том зайд, сүүдэрлэг газар ургах дуртай. Тайландын нийслэл Бангкокийн бэлгэ тэмдэг болсон удамбор буюу Британийн ургамал судлаачийн нэрээр нэрлэгддэг Бенжамины удамборыг хүмүүс гол төлөв гэртээ ургуулдаг. Хурдан ургадаг, даарах дургүй энэ ургамлыг их усалж болохгүй.

Циссус (Cissus)

Зарим хүмүүс гэрийн усан үзэм ч гэдэг. Зарим нь, хустай адилхан навчтай болохоор хусхан гэх нь бий. Дөрвөн өнцөгт циссус бас байдаг. Мөлхөө ургамалтай төстэй: гэрэл өөд тэмүүлэхдээ юуг ч хамаагүй ороон ургадаг. Хуурай агаарт хурдан дасаж, аажмаар чийгшүүлнэ. Тогтмол усалж, сүүдэрхэг газар тавьбал зохино.

Зузаалай (Kalanchoe)

Энэ цэцэг олон төрөл зүйлтэй бөгөөд бүгд маш сайхан цэцэглэдэг. Мадагаскараас гаралтай. Хуурай агаартай гэрт илүү тохирно. Навчиндаа чийг хуримтлуулж өрөөний агаарыг хэвийн чийгшилтэй байлгана. Их усалж болохгүй. Наранд байрлуулах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *