Цай чанахыг урлаг гэж үздэг хүмүүс – нарийн ажил гэдгийг нь мэднэ. Бид та бүхэнтэй амттай бөгөөд эрүүл мэндэд тустай цай чанах нууцаас дэлгэх гэж байна.
Цайны судалгааны үр дүнгээс харахад цай гэдэг ундаа эрүүл мэндэд тустай гэдэг нь батлагдсаар л байна: ногоон цай нь хөxний хорт хавдраас сэргийлнэ, харин хар цай нь чихрийн шижин өвчинтэй тэмцэхэд тусална. Өөр бусад төрлийн цайнууд таныг дулаацуулахаас гадна таны эрүүл мэндэд тустай болохыг та эндээс үзнэ үү.
Харамсалтай нь бид цайг тэр болгон зөв чанаж чаддаггүй тул цайны амтыг дарж, ашигтай бодисыг нь устгадаг ажээ. Ингээд цайгаа зөв чанаж сурцгаая.
Ус – чухал
Сайн цайг сайн усаар чанана, тийм учраас гоожуураар гоожих усыг шүүхээс бүү залхуураарай. Хатуулагтай ус, эсвэл элдэв бодисын өндөр агууламжтай болон эвгүй үнэртэй ус таны цайны амтыг шууд “үгүй хийнэ”. Хэрвээ гоожуурын усаа цэвэршүүлэх боломжгүй бол дэлгүүрээс цэвэршүүлсэн бэлэн усаар цайгаа чанаарай.
Цайгаа сонгохдоо анхаараарай
Ямар ч нөхцөлд уухаар олон төрлийн цай гэртээ авч тавихыг зөвлөж байна: таны сэтгэлийг сэргээх, эсвэл тайвшруулах, мөн эрч хүчээр сэлбэх цай гэж бий.
- Ханиалганд: астмад гоньдтой цай уувал ханиалга дарна. Зөөлөн амттай уг цайг өөрөө гэртээ чанаад уух боломжтой: шавар цайны гүцэнд 2-3 халбага гоньдны навч хийж халуун усаар 15 минут хандална.
- Арьсны өнгийг сэргээх: ногоон, цагаан цай – эдгээр цайнууд нь өөртөө маш их хэмжээний антиоксидант агуулдаг бөгөөд арьсны өнгийг сэргээж, үрэвслээс хамгаална.
- Эрүүл мэндэд зориулсан цай: ногоон цай – эмчилгээний бүрэн үйлчилгээ үзүүлэх тул байнга ууж байхыг зөвлөж байна.
- Гэдэс өвдөх: гаа, алтан товч цэцэгтэй цай гэдэсний булчинг суллаж өгнө. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж бодисын солилцоог сайжруулна.
- Стрессийн эсрэг: стрессийн гормон болох кортизолын хэмжээг хар цай бууруулна. Шинэхэн гаа нэмээд тайван суугаад цайгаа уугаарай.
Зөв чанах хэрэгтэй
- Цайгаа шаазан эсвэл шавран гүцэнд хандална (төмөр гүцнээс татгалзах хэрэгтэй). Ус хийхээсээ өмнө гүцээ халаасан байна.
- Буцалсан усаар цайгаа хандлахгүй – цайны амт, үнэрийг дарна. Ус буцлах гээд бөмбөлөг хагарах тэр үед нь усаа галаас авч цайны навчин дээрээ хийхэд навч дэлгэгдэж амт, үнэрийн хувьд бүрэн болно.
- Цайгаа зөв хэмжээгээрээ чанах арга: нэг аяганд нэг халбага цай, гүцэнд бас нэг халбага гэж тооцно. Энэхүү зөвлөмжөөс гадна ногоон цайг бусад цайнаас удаан хандална. Харин жижиг навчтай цайг бага хугацаагаар хандална. Цайг овоолон халбагадах хэрэггүй, гүцэндээ цайгаа хийгээд сэгсэрч тараагаарай.
- Цайн дээрээ усаа хийгээд хутгана. Тухайн сортын цайг хэдий хэр хугацаагаар хандлах ёстой тэр зааврын дагуу л хандална. Хар цайг 5 минут орчим, ногоон болон цагаан, улаан цайг 3 минут орчим. Хэрвээ та өвсөн болон холимог цай хандалж байгаа бол хэрхэн хандлах зааврыг уншиж танилцаарай.
Илүү зүйл хэрэггүй
Амттай, аагтай, зөв чанасан цайнд ямар ч нэмэлт орц хэрэггүй. Сахар, сүү цайндаа бүү хий. Сүүнд агуулагдах хүнсний уураг нь цайнд агуулагдах антиоксидантыг бүхэлд нь устгадаг гэж хэлж болно, харин сахарын тухай дурьдаад ч хэрэггүй биз ээ: сахар өөрөө хүний эрүүл мэндэд хортойгоос гадна цайны зөөлөн амтыг дарж орхидог байна. Хэрвээ та чихэрлэг цай уухыг хүсэж байгаа бол багахан зөгийн бал цайндаа хийж хэрчим хар шоколадтай цайгаа уугаарай.
Үргэлж шинэ зүйлийг турш
Жирийн цай танд амтгүй санагдаад эхэлбэл төрөл бүрийн амтлагч нэмж туршилт хийгээрэй: жишээ нь халбага цинамон, хадаасан цэцэг, цагаан гаа… Зүсэм нимбэг хар цайны амтыг нэмнэ.
Үндэстэн болгоны цайг зааврын дагуу чанаж үзэх хэрэгтэй: хэрвээ энэтхэгийн алдартай цай болох масалаг өөрөө бэлдэж үзээгүй бол одоо туршиж үзэх цаг болсон. Магадгүй та мароккогийн гаатай цайнд дурлах ч юм билүү?
Чанасан цайгаа гоёмсог аяганд хийж яаралгүй тайван сууж амтархан уу. “Хүйтний улиралд таныг дулаацуулна, халуунд бол сэрүүцүүлнэ, сэтгэл санаагаар унасан бол – сэргээнэ, сэтгэл хөөрсөн бол тайвшруулна” – гэж английн зохиолч Уильям Гладстон хэлж байсан удаатай.
Цай бол үнэхээр бидний амьдралын салшгүй ундаа учраас амттай цай уухын тулд цаг зав, хүч хөдөлмөрөө бүү харамлаарай. Цайны амтыг мэдэрч эрүүл амьдарцгаая.