Дэлгүүр рүү талх авахаар гараад огтын хэрэггүй тор дүүрэн амттантай орж ирж байсан үе бий юу? Танил дүр зураг байгаа биз? Бид та бүхэнд яагаад ийм зүйл болдог хийгээд хэрэггүй худалдан авалт хийхгүй байхын тулд юу хийх ёстойг танилцуулья.
Дөнгөж дэлгүүрт орж ирэнгүүт маркетингийн уран аргууд таны толгойг эргүүлж эхэлнэ. Үүнийг зар сурталчилгааны сэтгэл зүй хэмээнэ. Илүү их худалдан авалт хийлгэхийн тулд сурталчилгааны менежерүүд ямар арга заль хэрэглэж байна вэ? Ялангуяа хямралын үед тэдний урамшуулал идэвхжиж ирдэг. Энэ бүхний талаар та мэдэж байх ёстой.
Маркетингийн маш их арга заль бий. Тэдний зарим нэгээс дурдвал:
- Худалдан авагч 50%-ийн хямдрал эсвэл дагалдах бэлгийг нь хараад огцом худалдан авалт хийж өөртөө хэрэггүй зүйлтэй болно. Энэ тохиолдолд хэрэггүй зүйлээсээ салсан дэлгүүрийн эзэн л хожно. Ямар ч нөхцөлд байсан тэр орлого олж байгаа юм. Та түүнд нь тусалж өгч байна.
- Үйлчлүүлэгчийг дэлгүүрт удаан хугацаагаар саатуулахын тулд сайхан дуу хөгжим, гэрэлтүүлэг тавьдаг.
- Адил төстэй гэхдээ арай илүү үнэтэй барааг нүдний харааны түвшинд байрлах лангуун дээр өрнө.
- Дэлгүүрээс санал болгосон амталгааг үзсэн худалдан авагчдын 90% нь уг барааг худалдан авдаг, өөртөө хэрэггүй байсан ч хамаагүй.
- Сүүн болон нарийн боовны тасаг дэлгүүрийн захад нь байрладаг, яагаад гэвэл эдгээр хүнс нь нэн тэргүүний хэрэгцээнийх. Хүн тэр тасаг руу явах замдаа маш олон лангуунуудын хажуугаар явж өнгөрнө. Зүгээр явахгүй сагс руугаа хэрэггүй зүйлс шидэлнэ.
- Зарим нэг дэлгүүрүүд хувцсаа өлгүүрт өлгөлгүй тавиур дээгүүр эвхэж тавьдаг. Хоосон зай их байхад яагаад эвхэж тавиад байна? Бас нэгэн арга. Гартаа барьж үзэхээр дэлгэсэн зүйлээ ихэнх худалдан авагч нар авдаг, яагаад гэвэл гарт нь зөөлөн баригддаг ажээ.
Дэлгүүрээс хэрэггүй зүйл худалдан авахаа яаж болих вэ?
- Шаардлагатай худалдан авалтын жагсаалт хийж урьдчилсан төсөв гаргана.
- Төсвөөс хэтрэхгүй мөнгө авч дэлгүүр явна.
- Дэлгүүр явахаасаа өмнө заавал хоолоо идээд гараарай, өлсгөлөн дэлгүүр явахад хэрэггүй зүйл авах магадлал маш ихээр нэмэгддэг.
- Их худалдан авалт хийхээр төлөвлөөгүй бол түрдэг тэрэг авах хэрэггүй, жижиг сагс ав.
- Хадгалах хугацаа нь богино хүнсний бүтээгдэхүүнээс ихээр нь авах хэрэггүй. НҮБ-ийн тооцооноос харахад хүнсний бүтээгдэхүүний ихэнх хувь нь хог дээр хаягддаг ажээ.
- Дугаарлаж зогсож байхдаа өмнөө эгнүүлж тавьсан жижиг сажиг зүйлсийг бүү хар. Өөрийн жагсаалтанд байхгүй бол худалдан авах хэрэггүй. Үүний оронд авсан зүйлийнхээ үнийг бодоод зогсож бай.
Хэрэггүй хувцас авахгүй байх арга
- Хямд үнэ – хэрэггүй хувцас авах шалтгаан биш. Чанарын хувьд эргэлзээтэй хямд үнэтэй хувцасны сайтаар орохоо боль.
- Загвар бүү хөө, өөрийнхөө хэв маягийг дага. Одоо ямар загвартай байх нь хамаагүй өөртөө зохих эсэхийг нь сайн бодоорой.
- Яг одоо энэ хувцас хэрэгтэй эсэхэд эргэлзэж байгаа бол худалдаж авахаа түр азна. Нэг өдөр бодоод үз. Дараа өдөр нь ихэнх хүмүүс худалдан авалт хийхээс татгалздаг юм.
- Худалдан авалт стресс тайлахад тусалж байгаа бол стрессээ тайлах өөр арга ол. Найз нөхөдтэйгөө уулзах, кино үзэх эсвэл спортоор хичээллэж болно.
Цалингаа дэмий зүйлд бүү үр, их бага хэмжээгээр цааш нь хуримтлал үүсгэж нэн чухал худалдан авалтанд л зориул. Бас аялж болно, хадгаламжиндаа хийхийг ч хэн байг гэх вэ.