Цаг хугацааг хэрхэн зохицуулах тухай энэхүү зөвлөгөө таны энэ өдрийг тэр чигт нь өөрчлөх болно!
Бидний чадвар үнэндээ хязгаарлагдмал
Хэрхэн бүхнийг амжуулах вэ? Яаж ч биш!
Тийм ээ та андуураагүй, та бүхнийг амжуулж чадахгүй. Өнөөдөр дэлхий ертөнц таныг хязгаар гэж байхгүй гэж итгүүлж байна. Зар сурталчилгаагаар биднийг чадахаараа хичээж, амьдралаас таашаал авч, болохгүй бүхнийг болго гэж зөвлөж байна. Санаа бүр өөрийн гэсэн тодорхой утгатай байдаг ч энэ бүгд бүхэлдээ худал хуурмаг зүйл юм!
Бид цаг хугацаа, физиологийн хэрэгцээ, ген, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал зэргээр хязгаарлагддаг. Энэ бүхнийг үл тооно гэдэг тэнэглэл.
Тиймээс өнөөдөр хүний чадварын тухай 2 маргаантай асуудлыг ярилцъя.
Цаг хугацаа
Саяхан нэг үйлчлүүлэгч маань ажил дээрээ юу ч хийж амждаггүй, ажлын цаг дууссаны дараа багадаа л 2 цаг суух шаардлага гардаг гэж гомдоллосон юм. Гэтэл гэрт нь нөхөр хүүхэд нь хүлээж байгаа учир эрт харьж олон зүйл амжуулах хэрэгтэй байдаг гэнэ. Мэдээж үйлчлүүлэгч маань “цагийн менежмент” заалгахыг хүссэн юм.
Энгийн ажлын өдөр ямар ажлын үүрэг даалгавар ордог тухай ярилцъя. Түүний хийх ёстой үүргүүд: сургалт явуулах, ажилтнуудыг үнэлэх, вэб сайтад (70 орчим дэлгүүр) шинэ төслийг боловсруулах, корпорацийн ажил төрлийг зохион байгуулах.
Өдрийн хуваарь:
- 9:00-9:30 – удирдлагуудтай уулзах
- 11:00-17:00 – ажилтнуудтайгаа өдөр тутмын сургалт явуулах (нэмэх нь 30 минутын өмнөх болон дараах бэлтгэл)
Заа зогс! Энэ хуваариас асуудал цагийн менежментэд биш харин хурал, сургалт ажлын өдрийн 90%-ийг эзэлж байгаад оршиж байгааг ойлгоход хангалттай мэдээлэл байна! Энэ бол бидний тогтмол гаргадаг алдаа юм.
Өдөрт 24 цаг бий, цаг бүр 60 минут, минут бүр 60 секундтэй. Боллоо. Өдөр дууслаа. Бид цаг хугацааг уртасгах чадваргүй шүү дээ!
Физиологийн хэрэгцээ
Maslow-ын пирамидын хүний хэрэгцээний эхний шатанд физиологийн хэрэгцээ ордог (нойр, ус, хоол, агаар). Бидний сэдвийн хүрээнд энэ юуг илэрхийлэх вэ? Бид олж авсан энергиэ эргүүлэн зарцуулдаг.
Бидний хөдөлгөөн бүрд тодорхой хэмжээний энерги зарцуулагддаг. Түүний хэмжээгээр бид хязгаарлагдсан байдаг. Хангалттай унтаагүй эсвэл хэт ачаалалтай байх үедээ энерги хүрэлцэхгүй, харин энэ үед бид удааширч эхэлдэг, жишээ нь: нийгмийн сүлжээгээр ямар ч зорилгогүйгээр аялдаг.
Гол бэрхшээл нь энергийн түвшинг хэмжих хэцүү байдаг. Учир нь хүн бүрийн бие махбодь өөр өөрийн хэлбэрээр ажилладаг. Хэн нэгэнд 5 цаг унтахад хангалттай байдаг харин өөр хэн нэгэнд 8 цагийн амралт хангалттай байдаг. Бодисын солилцоо түргэн явагддаг хүн өдөрт их хэмжээний илчлэг авснаар бүхэл өдрийн турш сэргэг байж чадна.
Үүнд тодорхой жор байхгүй, зөвхөн нийтлэг зөвлөмжүүд л бий:
- Илүү их хөдлөх
- 22:00 цагт унтах
- Иллэг хийх
- Амьсгалын дасгал хийх
- Цэвэр агаарт гарах
Эдгээр зөвлөгөө бүрийг өөр дээрээ туршиж үзээд аль нь танд илүү их энерги, таашал өгч байна, харин аль нь ямар ч нөлөө үзүүлэхгүй байна гэдгийг ажиглаарай.
Хэрхэн хязгаарыг тооцоолж сурах вэ?
Бидний цаг хугацаа, хүч чадал хязгаарлагдмал тухай ярьж таныг бага зэрэг айлгасан бол одоо нэгэн туршилт явуулж үзье. Долоо хоногийн турш өдөр тутмын ажлын тэмдэглэл хөтлөхийг хүсэж байна. Хийх зүйл бүрийн ард юунаас энерги авдаг мөн юунд зарцуулдаг болохоо тэмдэглэнэ.
Жишээ нь ийм хэлбэрээр:
Цаг хугацаа Хийх зүйлс Энерги авдаг (+) / үрдэг (-)
Даваа гариг
- 23.30-06.00 Нойр +
- 06.00-06.30 Өглөөний дасгал, усанд орох +
- 06.30-08.00 Өглөөний цай, нөхрөө ажилд нь бэлдэх, хүүхдээ сургууль/цэцэрлэгт нь хүргэж өгөх –
- 08.00-09.00 Ажилдаа явах зам –
- 09.00-10.00 Ажил дээрх хурал –
- 10.00-12.00 Багийн тайлан ажил +
- 12.00-13.00 Үйлчлүүлэгчтэй уулзалт хийх –
- 13.00-14.00 Ажилчидтайгаа ярилцах, өдрийн хоол +
- 14.00-17.00 Гэрээ, хэлэлцээрийн ажил –
- 17.00-18.00 Ажилчидтайгаа ярилцаж дараагийн өдрийг төлөвлөх +
- 18.00-19.20 Хүүхдээ цэцэрлэгээс нь авч гэртээ харих –
- 19.45-20.30 Гэр бүлийн оройн зоог +
- 20.30-21.30 Том хүүхдийнхээ хичээлийг шалгах –
- 21.30-22.00 Хүүхдүүддээ ном уншиж өгөх +
- 22.00-23.00 Гэрийн ажил –
- 23.00-23.30 Унтахын өмнө нөхөртэйгөө цай уух +
Үүний тусламжтай та ямар цаг хугацаа болон энергийг аль ажилд их зарцуулдгаа ойлгох болно.
Дараа нь дараах дасгалыг хийгээрэй. Цаас аваад дахин хийхийг буюу засаж хийхийг хүссэн бүх ажлаа бич. Ажил бүрийн ард гүйцэтгэхэд шаардлагатай хугацааг тэмдэглээрэй. “Хэрвээ хүсвэл энэ ажлыг … минут/ цагт ч хийж амжина” гэсэн дүрмээр биш харин “Тайван үедээ энэ ажлыг дунджаар … минут/цагт хийж чадна” гэсэн дүрмийн баримталж бичээрэй.
Эдгээр бүх ажлыг хийхэд нийт хэдий хэмжээний цаг зарцуулахыг тооцоод үз.
Өөрөөсөө дараах асуултыг асуу: надад энэ хугацаа бий юу? Өмнөх долоо хоногийн хуваарийг анхааралтай хараад тооцоолоогүй гэнэтийн нөхцөлд гарч болзошгүй чөлөөт цаг 30%-ийг эзлэх ёстойг санаарай.
Хэрэв танд энэ хугацаа байгаа бол физиологийн хэрэгцээ болон энерги гарчиг руу очоорой.
Хэрэв танд хугацаа байхгүй бол та боломжгүй зүйлийг хүсэж байна гэсэн үг. Харин та боломжгүй зүйлийг хүсэж байгаа бол боломжгүй зүйл хийж чадаагүйдээ өөрийгөө буруутгах болно. Танд дараах хэд хэдэн сонголт байна:
- Боломжгүй зүйлийг хийж чадахгүй байгаадаа өөрийгөө зовоох.
- Та бүхнийг чадагч биш гэдэгтэйгээ эвлэрээд дараах зүйлийг хийх:
- Ажлуудаа хуваана, эхлээд “яаралтай ажил” дараа нь “яаралтай бус чухал” үүний дараа “чухал биш яаралтай биш” ажлаа гүйцэтгэх.
- Ажлаа хуваарилах. Энэ бүх ажлыг зөвхөн та ганцаараа хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Даргатайгаа гол ажлуудаа ярилцаж бусад ажил дээр тусламж авах боломж бий эсэхийг асуухгүй юу? Эсвэл гэр бүлийн хэн нэгэн дунд гэрийн ажлыг өөр дээрээ авах боломжтой хүн бий юу?
Физиологийн хэрэгцээ болон энерги
Өглөө бүр сэргэлэн цовоо сэрэх нь энэ шинэ өдрийг давах хангалттай их хүч чадал байгааг илтгэнэ. Хэрэв та сайхан сэтгэл санаатай сэрж, мөн өөрийн ажлаа амжуулах цаг зав гардаг бол та ер нь энэ нийтлэлийг юугаа хийж уншиж суугаа юм бэ!
Өөрөөр хэлбэл өдрийн туршид зарцуулах болон олж авах энергидээ анхаарлаа хандуул. Хэрэв та бүх л өдөржин яарч, дургүй ажлаа хийж, бүх гэрийн ажлыг өөр дээрээ үүрч, ганц ч минутын чөлөөт цаггүй нэгэн бол, ингэхдээ та өөр ямар нэг зүйл хийж чадахгүй байгаадаа өөрийгөө зэмлэдэггүй бол нэг юм хэлэхэд: та үхэшгүй мөнхийн ганц эвэрт юм байна. Та ингэж өөрийгөө булш руугаа татаж байна – амьдралынхаа эрэмбэ дарааллыг яаралтай нэг хараад үз.
Дахин нэг удаа өнгөрсөн долоо хоногийн өөрийн тэмдэглэлээ хараад бодоод үзээрэй:
Танд юу эрч хүч өгч байна? Та илүү их энерги авахын тулд өөр ямар зүйлийг (илүү цагаар унтах, иллэг, агаарт гарах) нэмэх боломжтой байна?
Юу таны энергиэс хасаж байна? Та алинаас нь татгалзаж чадахаар байна? Гэхдээ үүрэг хариуцлагын хуваарилалтыг санах хэрэгтэй.
Та авах энерги их байхаар харин үрэх нь бага байхаар хэрхэн өөрийгөө болон ойр дотныхныгоо зохион байгуулж чадах вэ?
Эдгээр асуултанд хариулсны дараа дараах зүйлийг хий:
- Хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга, тэгэхдээ бүгдийг шууд өөрчилнө гэдэг хэцүү учир долоо хоногт нэг эсвэл хоёр өөрчлөлт оруулаарай.
- Бусдын туслалцааг авч тэднийг хүндэл: яагаад танд эдгээр өөрчлөлтүүд чухал болохыг тайлбарла, хэрэв тэд эсэргүүцвэл үүнд бэлтгэлтэй байгаарай.
- Жижиг амжилтандаа өөрийгөө шагна (өөртөө юм худалдаж авч өг, өөрийгөө магт), азгүйтлээс болж өөрийгөө бүү зэмлэ. Энэ долоо хоногт хийж чадаагүй бол айх зүйлгүй, дараа долоо хоногт хийгээрэй.
Тэгэхээр найзуудаа, бүх ажлаа амжуулахаар төлөвлөсөн бол үргэлж цаг хугацааны хязгаарлалт болон өөрийн чадамжаа заавал тооцоолж байгаарай. Та бүхнийг яаж ч хийж амжихгүй. Гэхдээ энэ нь таныг гол зүйлээ амжиж чадахгүй гэсэн үг огт биш!
Хэр удаан амьдарна тэр тусмаа амьдралд юу чухал гэдгийг илүү сайн ойлгоно – юу хүсэж байгаагаа сайн мэддэг байх хэрэгтэй.