“Ухаантнуудад хэлэх үг байгаа учраас ярьдаг, харин тэнэгүүд ямар нэгэн зүйл хэлэх ёстой учраас л ярьдаг” – Платон
Бидний амнаас гарах үгийг дөрвөн өнцгөөс авч үзэж болох юм: эерэг, сөрөг, завсрын эсвэл тодорхой бус. Ухаантай, өндөр настай хүмүүс өөрийн үгээ сайтар сонгож, тунгаан бодсоны эцэст үгээ хэлдэг, хэлэх үг нь сөрөг тал багатай, эргэлзээ төрүүлэхээргүй байна.
Бид хэлсэн үгэндээ харамсах үе гардаг. Магадгүй хэн нэгнийг санаатай эсвэл санамсаргүй байдлаар гомдоох үг хэлсэн байж болно. Бид өөрсдөө ч эвгүй үг сонсож л байсан.
Сэтгэл санааны боловсрол (ССБ) гэж “өөрийн сэтгэл хөдлөлөө ухаарах, хянах, илэрхийлэх чадвар, мөн хувь хүн хоорондын харилцааг ухамсартайгаар хянах”-ыг хэлнэ. ССБ-ын түвшинг хэлсэн үг нь бусдад хэрхэн нөлөөлж байгаагаар тогтооно.
Чухам энэ л төрлийн боловсрол (“номын ухаан” эсвэл оюун санааны бус) – юу ярьж хэлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг байна. ССБ нь нийгмийг хүлээн авах чадвартай холбоотой – бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгох, бусдын өмнөөс сэтгэл зовох. Өөрөөр хэлбэл бидний мэдрэг чанар ажээ.
Муу үр дагавартай үг хэлэхэд хүргэх аймшигтай бодол, мэдрэмжээсээ салахын тулд нийтэд ямар үг хэлж болохгүй талаар ойлголттой байх ёстой.
Ухаантай хүмүүс дараах 9 үгийг хэнд ч хэлэхгүй.
“Шударга бус байна”
Амьдрал шударга бус гэдгийг томчууд мэднэ. Танд тохиолдсон зүйл шударга бус. Бидний эргэн тойрон байгаа хүмүүс “үйл явдал”-ыг тэр болгон мэддэггүй, мэдэж байсан ч “шударга бус” байлаа гэж хэлээд асуудлыг шийдэхгүй. Хүнд хэцүү байсан ч хамаагүй асуудал дээрээ анхаарлаа төвлөрүүлж шийдэхийг хичээ. Та тайвширч өөрийн нэр хүндээ авч үлдэж чадна. Бас асуудлаа ч шийдэж чадна.
“Та ядарсан харагдаж байх чинь”
Ингэхэд байна ш дээ: хүний амьдралын тайзны ард юу болж байдгийг хэн ч мэдэхгүй. “Та ядарсан харагдаж байна” гэж хэлснээрээ – сайхан сэтгэлээр хэлсэн ч бай хамаагүй – олон нийтэд түүний асуудлыг ил гаргаж байгаа хэрэг болно. Үүний оронд “Та зүгээр биз?” гэсэн санаа зовсон байдлаар асуувал илүү эелдэг санагдана.
Тохироогүй магтаал
Жишээ нь “Насандаа сайхан харагдаж байна шүү” эсвэл “Эмэгтэй хүн гэхэд та ихийг хийжээ”. Өнөө цагт нас болон хүйсийн асуудал эмзэг хэвээр байгааг та эрхбиш мэдэх байлгүй. Магадгүй таны харилцаж байгаа хүний хувьд эдгээр асуудал хурц сэдэв байж болно. Нарийн нурших хэрэггүй биз. Түүнийг зүгээр л магт.
“Миний урьд нь хэлж байснаар…”
Аливаа зүйлийг мартаж үзээгүй хүн гэж байхгүй. Энэ үгийг хэлснээр өөрийгөө илүү гэж мэдрүүлж байгаа хэрэг болно. Тиймээс аль болох зайлсхийж өөр аргаар ярьсан нь дээр болов уу.
“Чи хэзээ ч …” эсвэл “Чи дандаа л …”
Энэ үгийг ихэвчлэн огцом, өөрийгөө хаацайлах гэсэн байдлаар хэлдэг. Хэн нэгний сэтгэлийг өвтгөх гэж хэлдэг үгнүүд. Бусад хүний хийсэн үйл хэргийг үнэлэхдээ бодолтой байгаарай.
“Энэ надад хамаагүй”
Хэн нэгэн таны саналыг асууж байгаа бол хариу тусламж хүсэж байгаа юм шүү… “Надад хамаагүй” гэдэг үг нь тухайн хүний асуудал танд огтоос хамаагүй эсвэл цаашид холбоо барих ямар нэгэн ашигтай тал байхгүй байгааг илтгэнэ. Хүний асуудлыг тайван сонсож зөвөөр харилцаарай.
“Хүндэтгэн үзвээс”
Таны амнаас гарч байгаа энэ үгээ үнэхээр хүндэтгэлтэйгээр хэлж байна уу? Хэрвээ тийм бол та цааш үргэлжлүүлж болно. Нэгийг санаад авахад буруудахгүй: таны биеийн хөдөлгөөн, хэлсэн үгний өнгө аяс бүгдийг ойлгуулна. Та үнэхээр нөгөө хүнээ хүндэлж байна уу? Өөр талаас нь харвал, энэ үгийг “жижүүрийн” байдлаар асуудлыг хурцатгахгүйн тулд хэлсэн бол яриагаа шууд зогсоосон нь дээр.
“Би чамд хэлсэн биз дээ…”
Өөрийнхөө хүчийг мэдэрсэн үед амнаас гарах үг. Энэ үгийг хэлэхэд элсэн дээр тоглож байгаа хоёр жаахан хүүхдийг төсөөлж байгаарай. “Би чамд хэлсэн биз дээ” – хүүхдийн гэнэн үг. Насанд хүрсэн ухаантай хүн хэзээ ч ингэж хэлэхгүй. Магадгүй та үр дагаврын тухай сануулж байсан байх, гэхдээ одоо тэгж хэллээ гээд асуудлыг шийдэж чадахгүй. Буруу шийдвэр гаргасан хүнтэй хэл амаа ололцож ажлаа цааш үргэлжлүүлэх нь л чухал.
“Би бууж өглөө”
Гэнэн, хоргүй мэт сонсогдох хэдий ч таныг өөдгүй, чадваргүй болгон харагдуулна. Аймшигтай дарга, хүнд даалгавар байсан ч хамаагүй та тэмцэх л хэрэгтэй.
Та бодож байснаасаа илүү хүчтэй, ухаантай, чадвартай. “Би чадна” гэдэг үгийг л та хэлэх ёстой.