Өнөө үед дэлхий дээрх хүмүүсийн тал хувь нь хараатай холбоотой асуудалтай байна. Залуу үеийнхэний холын хараа муудаж байгаа бол ахмад настнуудад ойрын хараа муудах болон болор цайх өвчин түлхүү тохиолдож байна. Эдгээрээс гадна хуурай нүдний хам шинж, блефарит, кератит, аккомодацийн агшилт, астигматизм, амблиопати, макулодистрофи зэрэг хүнд явцтай маш олон нүдний хүнд өвчнүүд бий.
Хараатай холбоотой асуудлууд бага наснаас эхлэх болжээ. Орчин үеийн хүүхдүүдийн хараанд ирэх ачаалал ихэссэнээс хараа муудах суурь тавигдана. Харин дараа нь том болоод үргэлж зурагтын өмнө цагийг өнгөрөөнө. Эрүүл мэнддээ санаа тавилгүй энгийн дүрмүүдийг мөрдөөгүйн улмаас дараа нь асуудал үүсэхэд юу буруу хийснээ бодон гайхширдаг.
Хүнд ноцтой нүдний өвчнүүдийн эмчилгээ гэдэг тийм ч амархан зүйл биш, тиймээс асуудал хүндрэхээс өмнө заавал нүдний эмчид хандаарай.
Хараагаа хэрхэн нүдний шилгүйгээр сайжруулах вэ?
Бидний ихэнх нь мэс заслын арга ашиглалгүйгээр хараагаа сайжруулж болох уу, цаг хугацаа өнгөрөхөд нүдний шил хэрэггүй болж болох уу гэж асуудаг. Тодорхой дүрмүүдийг мөрдсөнөөр хараагаа сайжруулж нүдний шил зүүхээ больсон маш олон жишээнүүд практик дээр байдаг аж.
Мэдээж хэрэг холын болон ойрын харааны шил харааг 100% зүгшрүүлж чадах ч нүдний шилний тусламжтай харааг тогтоох боломжгүй байдаг гэж үздэг байна.
Шинжээчид хараа сайжруулах хялбар, өвөрмөц дасгалуудыг гаргасан бөгөөд үүгээр та хараагаа тогтоохоос гадна бүрэн эдгээх боломжтой.
Нүдний өвчнийг эдгээхэд хараа сайжруулах дусаалга хэрэглэх шаардлагагүй байдаг. Оронд нь цогц эмчилгээ, амьдралын хэв маягийг өөрчлөх, тогтмол дасгал хийх, мэдээж хэрэг хооллолтондоо анхаарал тавих шаардлагатай байдаг гэдгийг ойлгоорой.
Хараа сайжруулах витаминууд
Бидний хараанд витамин маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд А, Е, С, В2 витамингүйгээр нүдний үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй. Ямар витамин дутагдаж байгааг мэдэхийн тулд тэдгээрийн дутагдлын шинж тэмдгүүдийг мэддэг байх хэрэгтэй.
А витамин. Гэрэл багатай газар харааны чадвар буурах нь А витамин дутагдаж байгааг илтгэж байгаа юм. Эхэндээ хүмүүс өнгө, эд зүйлсийг ялгаж чадахгүй болох ба дараа нь харанхуйд юу ч харж чадахаа больдог. Үүнээс гадна А витамины дутагдал нь холбогч болон эвэрлэг бүрхүүлийн хуурайшилд хүргэдэг. Арьс болон үс хуурайших нь мөн л хүнсэнд А витамин хангалтгүй байгааг харуулна.
Насанд хүрсэн хүн хоногт 1,5 микрограмм А витамин хэрэглэх хэрэгтэй. Нүдэнд их ачаалал өгдөг ажил хийдэг мөн нүдний салстыг цочроодог бодистой ажилладаг хүн энэ нормыг хоёр дахин ихэсгэх ёстой.
Витамин Е. Энэ антиоксидант нь А витамины шимэгдэлтийг дэмждэг бөгөөд нүдний бүхий л өвчнөөс сэргийлдэг. Хоногт 25-30 микрограммыг хэрэглэх нь нормонд тооцогдоно. Биеийн хүнд ачаалалтай ажил хийдэг эсвэл спортоор хичээллэдэг бол энэ хэмжээг ихэсгэх хэрэгтэй.
Витамин В2. Энэ витамин дутагдах үед нүдэнд ачаалал ирэхэд нүд амархан ядарч, нүдээр өвдөж, тод гэрэлд мэдрэг болно. Мөн нүднээс нулимс гарах, нүд тогтмол улайх, зовхи үрэвсэх шинжүүд илэрнэ. Үүнээс гадна эвэрлэг бүрхүүл үрэвсэж болор цайх өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг.
Тухайн хүний хөдөлгөөний идэвхээс хамааран насанд хүрсэн хүний витамин В2-ын хоногийн хэрэгцээ 1,3-2,4 миллиграмм байдаг.
Витамин С. Энэ амин дэм нь нүдний судсыг бэхжүүлдэг. Түүний дутагдлын улмаас хараа муудах, нойргүйдэх, ядрах, сульдах, уруул хөхрөх шинжүүд илэрнэ.
С витаминыг өдөрт 70-100 миллиграмаар уух ёстой гэж үздэг. Гэвч энэ витамин нь биед хуримтлагддаггүй учир өдөр тутмын хоол хүнсэндээ заавал хэрэглэж байх ёстой аж.
Эдгээрээс энгийн дүгнэлт хийвэл – нүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд мөн эмчлэхэд шим тэжээлтэй, витаминаар баялаг хоолыг хэрэглэх нь чухал юм.
Хараа сайжруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд
Харин одоо нүдний витамин их хэмжээгээр агуулдаг бүтээгдэхүүнүүдтэй танилцъя.
Витамин А нь амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Үүнд: сагамхай загасны элэг, гахайн болон үхрийн элэг, далайн тослог загас, өндөг, цөцгий, тос, цөцгийн тос.
Витамин А нь ургамлын гаралтай хүнсэнд цэврээр агуулагддаггүй. Улаан, улбар шар, шар өнгийн бүх ногоо, жимс нь каротиноор баялаг байдаг ба каротин нь хоол боловсруулалтын дүнд А витамин болон хувирдаг юм. Энэ витамин нь хамгийн их хэмжээгээр хулуу, чангаанз, чацаргана, нохойн хошуу, яншуй, амтат чинжүүнд бий.
Каротин нь агаарт исэлдэх чадвартай тул бэлтгэсэн салат, жимсээ тэр дор нь идэх хэрэгтэй шүү.
Витамин Е нь вандуй, шош, сэвэг, шар буурцагны бүтээгдэхүүн, амьтны элэг, өндөгний шар, улаан буудай болон хөх тариан үр, ургамлын тосонд ихээр агуулагддаг. Витамин Е нь гэрэлд хурдан задардаг тул тосоо харанхуй газар хадгалах хэрэгтэй.
Витамин В2-ын гол эх үүсвэр бол сүүн бүтээгдэхүүн, тахианы өндөг, далайн тослог загас, мах, элэг юм. Ургамлын гаралтай хүнснээс цэцэгт байцаа, бууцай, вандуй, укроп, ногоон сонгинод ихээр агуулагдана.
Витамин С нь хар үхрийн нүд, нохойн хошуу, байцаа, цагаан лууван, хурган чих, чинжүүнд бий. Зөвхөн нүдэнд бус бүхий л биед шаардлагатай энэхүү витамин нь ямар ч шинэхэн жимс, ногоонд их хэмжээгээр агуулагддаг. Витамин С нь даршилсан байцаанд маш ихээр агуулагддаг учир даршилсан ногоог угааж хэрэглэхийг зөвлөдөггүй.
Витамин С–г хуурч болгох үед задардаг учир ногоогоо ууранд жигнэж эсвэл түүхийгээр нь идвэл хамгийн тохиромжтой. Хоёр дахин халаасан хоол хүнсэнд аскорбины хүчил бараг үлддэггүй, тиймээс илүү хоол хийж тавих хэрэггүй.
Хараа сайжруулахад өөр юу зөвлөж болох вэ?
Хараанд нэрс, хар үхрийн нүд, чацаргана, мойл, цангис, гүзээлзгэнэ маш тустай байдаг. Тэднийг шинээр нь идэж, харин өвөл нь хөлдөөж коктейл, компот, кисель болон нэгдүгээр хоолонд нэмж хэрэглэх хэрэгтэй.
Ногооноос лууван, байцаа, улаан лооль, сонгино, манжин нь хараанд эерэгээр нөлөөлдөг.
Шар, улбар шар, улаан өнгийн бараг бүх хүнс хараанд тустай байдаг. Тэдний өнгө нь астаксантины агууламж өндөртэйг илтгэдэг – байгалийн антиоксидант. Астаксантин нь нүдний торлогийг хэт ягаан туяанаас хамгаалах, үрэвсэл арилгах зэрэг маш олон цогц нөлөөг үзүүлдэг юм.
Нүдний өвчнийг эмчлэх дараах хэд хэдэн уламжлалт анагаах ухааны зөвлөгөөнүүдийг туршаад үзээрэй.
Хараагаа хэрхэн уламжлалт аргаар сайжруулах вэ?
- Хараа сайжруулахад нохойн хошууны хандыг зөвлөж байна. Дээр нь бага зэрэг зөгийн бал нэмээд цай шиг ууж хэрэглэж болно. Үүнийг бэлтгэхийн тулд хатаасан нохойн хошууг нухаж эсвэл блендерт хийж жижиглээд 2 аяга буцалсан усан дээр 1 хоолны халбага нохойн хошуугаа нэмж 5 минутын турш буцалгаад тагийг нь тавьж 2 цаг хандална. Ийм хандыг өдөрт хэд хэдэн удаа хагас аягаар ууна.
- Зэрлэг гүзээлзгэний хатаасан навч, хар үхрийн нүд, хамхуулыг ижил хэмжээтэй авч холино. Жижиглээд, 1 амны халбагыг 1 аяга буцалсан усан дээр нэмж 30 минут хандална. Энэ хандыг хараагаа сайжруулахын тулд өдөрт 3-4 удаа амны халбагаар уугаарай.
- Болор цайх өвчин болон нүдний үрэвсэлт өвчний үед хэрэглэх жор. Шинэхэн багваахай цэцгийн навчнаас гаргаж авсан 1 амны халбага шүүсийг 1 цайны халбага бөөрөнхий сонгины шүүстэй холиод дээр нь 1 цайны халбага шингэн зөгийн бал нэмж бүгдийг сайтар хутгана. Нүдний үрэвсэлт өвчин болон болор цайх өвчний үед бэлэн болсон холимгоос бага хэмжээгээр зовхин дээрээ тавиарай.
- Бөөрөлзгөний навчны ханд нь нүдэнд маш сайн бөгөөд бэлтгэхдээ 2 амны халбага хуурай жижиглэсэн навчин дээр ½ литр буцалсан ус нэмнэ. Таглаад, хандлаад бүлээнээр нь өдөрт 4 удаа хагас аягаар уугаарай.
- Ойрын харааг хэрхэн сайжруулах вэ? Ойрын хараа муу үед чацаргана буцалгаж уугаарай. Ингэхдээ 1 аяга усан дээр 2 амны халбага чацаргана нэмээд хандыг яг 5 минут буцалгаад хөргөж шүүгээд, өдөрт 3 удаа хоолны өмнө 1/4 аягаар ууна.
- Ойрын харааг сайжруулах өөр нэг жор: амны халбага улаан тэс жимс дээр аяга хүйтэн ус нэмж 5 минут буцалгаад 2-3 цаг хандалж шүүгээд ½ аягаар өдөрт 2 удаа ууна.
- 3 амны халбага хатаасан башгана дээр 1 литр буцалсан ус нэмээд саваа боож хөргөнө. Хандаа шүүгээд нүдэн дээрээ жин тавьж эсвэл нүдээ угааж хэрэглэж болно.