Өвчний анхны шинж тэмдгийг дарах эсвэл таагүй өвчнөө анагаах гэж, бас өвчнийг хүндрэхээс сэргийлэхийн тулд эм уух арга хэмжээ авдаг. Уусан эм нь зохих эмчилгээг үзүүлэхгүй эмчилгээний хугацаа сунжрах эсвэл бүр гаж нөлөө үзүүлэх тохиолдол ч гардаг.
Үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байгааг эрдэмтэн судлаачид тогтоохоор шийджээ. Өөрөөр хэлбэл ямар нөхцөлд эм үр дүнгээ өгч, ямарт нь гаж нөлөө үзүүлэх эсвэл зохих үр дүнгээ өгөхгүй байна вэ?
Өвчтөнүүдийн эм уухдаа гаргадаг түгээмэл таван алдааг танилцуулж байна.
Эмээ буруу даруулж уудаг
Гарт таарсан зүйлээрээ даруулж уудаг. Эмийн үйлчилгээг сулруулдаг зарим нэг ундааг эмч нар нэрлэж байна, үүнд:
- Кофе (эмийг хурдан уусгадаг)
- Амтат хийжүүлсэн ундаа (эмийг хурдан уусгадаг)
- Цай (эмийн орцыг цусанд шингэх үйл ажиллагааг удаашруулдаг)
- Сүү, сүүн бүтээгдэхүүн (антибиотикийн үйлчилгээг сулруулна)
- Грейпфрутын шүүс (эмийн бодисын солилцоог алдагдуулна, өнөөдөр грейпфруттай зохицохгүй байгаа 85 нэр төрлийн эмийг олж тогтоогоод байна)
Эмийг даруулж уух онцын зааварчилгаа байхгүй бол тасалгааны хэмтэй цэвэр усаар даруулж ууна.
Хоол хүнс
Ихэнх эм хоол идэх цагаар уух заавартай байдаг. Энэ тохиолдолд хоолны цэсэндээ анхаарал хандуулахыг эмч нар зөвлөжээ. Жишээ нь, хоолонд агуулагдах ширхэглэг нь эмийн үйлчилгээг сулруулахад нөлөөлж болзошгүй.
Эмийн эмчилгээний үеэр өвчтөн хоолны дэглэм баримтлах нь маш чухал, тиймээс эм ууж эхлэхээс өмнө эмийн заавартай нарийн танилцаж шаардлагатай бол хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулна.
Эм уух хуваарь
Зарим нэг эм, тэр дундаа антибиотик уух нарийн хуваарь баримтлахыг шаарддаг. Цагтаа уугаагүй эм нь биед хуримтлагдах эсвэл зохих үйлчилгээг үзүүлэхгүй байх талтай.
Мартамхай эсвэл настай хүмүүс эмээ цагтаа ууж байхын тулд эм уух тусгай органайзер ашиглахыг санал болгож байна.
Эмийн коктейль
Таны ууж байгаа эм өөр бусад эмтэй зохицох эсэх талаар тусгай зааварчилгаа байхгүй ч гэлээ та нэг дор олон эм ууж хэрхэвч болохгүй. Мэргэжилтнүүд эм уух хоорондын зай нь 10 минут байх ёстойг анхааруулж байна.
Эмчилгээнээс татгалзах
Бие дээрдэх анхны шинж тэмдгээс эхлээд л хүмүүс эмээ уухаа больдог. Энэ бол маш том алдаа бөгөөд өвчнийг архагшуулах талтай.
Эмийг эмчийн бичиж өгсөн хугацаанд эсвэл зааварт дурдсан хугацааг дуустал ууна. Эм уух нь зөвхөн таагүй шинж тэмдгийг дарах бус өвчнийг бүрэн анагаах зорилготойг мартаж болохгүй.