Мацаг барихын ач тусыг хүн бүр мэддэг болсон байх. Бидний өвөг дээдэс үргэлж чанартай хүнс идэж чаддаггүй байсан учраас мацаг үүссэн байж ч болох юм. Харин өнөө үед бид өлсөхгүйн тулд цагтаа хооллох гэж хичээдэг болсон билээ.
Сүүлийн үед нэг өдрийн мацаг алдартай болоод байгаа. Мэдээж хэрэг урт хугацааны мацгийг бодвол нөлөө нь харьцангуй бага. Гэсэн ч тодорхой нөхцөлд нэг өдрийн мацгийг долоо хоног бүр барьснаар нөлөөг нь өсгөх боломжтой. Тиймээс нэг өдрийн мацаг барьж сураарай.
Анагаах ухааны профессор Кода Мицуо мацаг барих тухай өөрийн судалгаандаа ийн хэлжээ:
“Хэрэв та долоо хоног бүрийн сүүлд мацаг барьж чадвал урт хугацааны мацаг барилттай адил үр дүнд хүрч чадна. Хагас эсвэл бүтэн жилийн дараа та танигдахын аргагүй болтлоо эрүүл болох болно”.
Эмчилгээний мацгийг ихэнх эмч нар өндрөөр үнэлдэг ба мэргэжилтнүүдийн дунд нилээд сайшаагддаг билээ.
Эмч нар долоо хоног бүрийн нэг өдрийн мацгийн тухай ийнхүү ярьж байна:
- Хэрэв нэг өдрийн мацгийг долоо хоног бүр нэг жилийн турш баривал хүний бие махбодь, биеийн байдлыг сайжруулж өвчнөөс сэргийлэх боломжтой.
- Дотоод эрхтний ядаргаа нь нэг өдрийн мацгаар тодорхой хэмжээгээр тайлагддаг. Хэд хэдэн хоногийн мацгийн үр дүнд нойр булчирхай амарч хөнгөн хэлбэрийн чихрийн шижин эмчлэгдэж байсан олон тохиолдол гарч байсан.
- Нэг өдрийн мацаг нь хүний биеийг 3 сараар залуужуулдаг.
Эрт цагаас л алдартай эмч нар мацгийн тусламжтай өвчтөнүүдийг эмчилдэг байжээ. Өнөө үед мацгийн эмчилгээний механизмыг тайлбарласан олон тооны шинжлэх ухааны тайлбарууд гараад байгаа. Мацаг нь бодисын солилцоог хурдасгаж, биеийг залуужуулж, хөгшрөлтийг зогсоодог. Бүтэн мацаг барих үед бидний хоол боловсруулахад ашигладаг энерги нь биеийн өвчнийг эмчилж цэвэршүүлэхэд зарцуулагддаг байна.
Хувийн туршлагаасаа хуваалцвал би ханиад хүрэх үедээ 2 хоног мацаг барьж эдгэрдэг. Харин хүнд томуугийн үед яагаад ч юм 3 хоногийн дотор эдгэрдэг. Гэхдээ эхний тохиолдолд хөдөлж болж байхад томуугийн үед аймшигтайгаар халуурч нойрмоглож байсан. Хамгийн хачирхалтай нь ийм эмчилгээний дараа яг л СПА салонд орсон мэт л харагддаг.
Учир нь чухам юунд байгааг мэдэхгүй, гэхдээ бие гаднаасаа ч, дотроосоо ч үнэхээр цэвэрлэгддэг юм билээ. Дашрамд хэлэхэд хэрэв та мацгаар биеэ эмчлэх гэж байгаа бол ямар ч тохиолдолд эм ууж болохгүй шүү. Зөвхөн ус л ууж болно – тогтмол бага хэмжээгээр ууна. Өдөрт 1,5-2 литр шингэн уух ёстой. Цэвэр уснаас гадна сахаргүй ногоон цай эсвэл нохой хошууны ханд ууж болно.
Мөн богино хугацааны мацаг нь биеийг цэвэрлэж, гадаад төрхийг гэрэлтүүлэхээс гадна өөр нэг итгэмээргүй үр дүнд хүргэдэг. Тэр нь юу вэ гэвэл сэтгэн бодох болон бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл Битлз хамтлагийн гишүүн Жон Леннон бясалгал хийж мацаг барьдаг байсан. Үүний үр дүнд авъяас, ажиллах чадвараас гадна түүний бүтээлч сэтгэлгээ нь хөгжмийн хүрээнд гайхалтай амжилтад хүрэхэд нөлөөлсөн юм.
Японы парламентын гишүүн асан Т.Тоео иргэдийг эрүүлжүүлэх, сэтгэлгээг дээшлүүлэх зорилгоор долоо хоног бүр нэг өдрийн мацаг барилтыг санал болгодог байжээ. Тэрээр үүнийг зүгээр нэг дэглэм биш, мацаг барьсны ачаар тархи илүү сэргэг, сайн ажиллаж байнга шинэ санаа төрөхөд тусалдаг гэж зөвлөдөг байжээ.
Мартаж болохгүй цорын ганц зүйл бол: мацаг барихын өмнө биеэ цэвэршүүлэх шаардлагатай. Үүний тулд мацаг барих өдрөөс 2 хоногийн өмнө хүнснээсээ амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хасна. Үр тариа, ногоогоор хоолло. Цэс тань янз бүрийн зутан, ногоо, жимсээр баялаг байх ёстой. 1-2 хоногийн мацгаас эхлээд аажим 3 хоногийн мацагт шилжээрэй. Мацаг урт байх тусмаа үр дүн нь сайн байна. Дарааллан нэг, хоёр, гурав хоногийн мацаг барьж болно.
Илүү урт хугацааны мацаг барих бол урт хугацааны завсарлага авах хэрэгтэй. Аажмаар 7 хүртэл хоног мацаг барьж болно. Ийм мацгийг 6 сард 1 удаа барих нь тохиромжтой. Илүү удаан хугацааны мацгийг гэрийн нөхцөлд зөвлөдөггүй (зөв зохистой сураагүй бол).
Хамгийн гол нь өөрийгөө цэвэрлэх явцад өөдрөг байх нь чухал. Өлсөж эхлэх үедээ амжилт гаргахдаа итгэ тэгвэл та гайхалтай үр дүнд хүрнэ. Бие организм ямар ч өвчинтэй өөрөө тэмцэх ба тогтмол мацаг барьснаар зуршил тогтож та өвдөхөө болих болно.
Тураах нөлөө
Хэрэв долоо хоног бүр тогтвортой, чадварлагаар нэг өдрийн мацаг баривал жингээ үр дүнтэйгээр хасаж чадна.
Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сард нэг удаа мацаг барих нь эрүүл мэндэд маш их үр нөлөө үзүүлдэг аж.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар сар бүрийн даваа гаригт мацаг барьдаг хүмүүс зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг 40%-иар бууруулсан ажээ. Харин астмтай өвчтөнүүдийн уналтын тоо багассан гэнэ. Шинжээчдийн мэдээллэж байгаагаар өлсөх үед үүсэх хөнгөн стресс нь дархлаанд сайнаар нөлөөлдөг ба хавдрын гаралтай өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг юм байна. Зарим шинжээчдийн хэлж байгаагаар заавал өдөржин өлсөх шаардлагагагүй гэнэ: өглөөний хоол эсвэл оройн хоолоо алгасаж болно. Хэрэв мацаг барихаар шийдсэн л бол үүнийгээ тогтмол хийж, ус заавал ууж байгаарай.
Юунаас эхлэх вэ?
Сэтгэл хөдлөлөөс эхлэх хэрэгтэй. Мацаг барьж эхлэхэд тухгүй байдал, хөнгөн стрессийн байдал үүснэ, үүнийг давахын тулд хангалттай урам зоригтой байх ёстой.
Мацаг барихын өмнөх өдөр хоол хүнсэндээ анхаарна. Согтууруулах ундаа уухгүй, орой юм их идэхгүй, орой мах махан бүтээгдэхүүн идэж болохгүй.
Өөрийгөө саатуулах зүйл олох гэж хичээ. Цэвэр агаарт, зуслан дээр, ой модонд ямар нэг зүйл хийж сатаарвал илүү тохиромжтой байдаг. Эхний мацаг барилтаа ажил дээрээ битгий эхлүүл. Янз бүрийн таагүй мэдрэмжээр асуудал үүсэж болно – толгой өвдөх, толгой эргэх, сульдах, сэтгэл санаа тавгүй болох, амны эвгүй үнэр зэрэг нь таны эргэн тойрны хүмүүсийн харилцааг сүйтгэж мацгийг ч хүндрүүлэх боломжтой. Та ирээдүйд хэнд ч мэдэгдэлгүй мацаг барьж сурах болно.
Миний мацаг барих арга:
- Ням. 18:00-д хөнгөн оройн хоол, дараа нь эртхэн унтах гэж хичээнэ.
- Даваа. Бүхэл өдрийн турш (18:00 хүртэл) юм идэх хүсэл төрөх тоолонд ус ууна.
- Даваа гаригийн 18:00-д мацгаас гарах. Үрсэн луувангийн салат хийж иднэ (юугаар ч амтлахгүй). Дараа нь зүсэм талх идэж болно. 2 цагийн дараа кааш буцалгаж иднэ (усанд буцалгах ёстой бөгөөд тос нэмж болохгүй).
Нэг өдрийн мацгаас гарах
П.Бреггийн нөхөн сэргэх үеийн хоол тэжээлийн зөвлөмж.
1 өдөр (24 цаг) = хэрэв хүсвэл нэрмэл усан дээр 1/3 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага нимбэгний шүүс нэмээд ууж болно. Ингэснээр ус илүү амттай болохоос гадна биеэс хорыг гадагшлуулна.
Энэ мацгийн эхний хоол нь шинэ ногооны салат байх ёстой. Гол нь үрсэн лууван, байцаа идээрэй. Амтлагчинд нимбэгний шүүс хэрэглэж болно. Ийм хоол нь ходоодонд яг л “шүүр” шиг үйлчилнэ. Дараа нь та жигнэсэн улаан лооль г.м. жигнэсэн ногоо идэж болно. Төрөл бүрийн ногоо идэж болно – бууцай, хулуу, навчит байцаа, цоохор майлз эсвэл шош. Мацаг барьсны дараа өлсгөлөнгөө дарахын тулд амьтны гаралтай бүтээгдэхүүн хэзээ ч идэж болохгүй: мах, бяслаг, загас, самар эсвэл үр. 2 хоногийн турш ямар ч хүчиллэг хүнс идэж болохгүй.