Шүд авахуулах – таагүй мэс ажилбар бөгөөд олон хүнд аймшиг төрүүлэм. Мэдээ алдуулах тарианы үйлчилгээ дуусангуут өвчтөн аймшигтай өвчин мэдрэн айн суух тэр л таагүй дүр зураг.
Мэс ажилбарын дараа эмч аливаа хүндрэл гарахаас урьдчилан сэргийлж ариутгах, үрэвсэхээс хамгаалах эмчилгээ бичиж өгнө.
Үүнээс гадна шүд авсан шарх хурдан эдгэхэд нөлөөлөх зарим нэг удирдамжийг өвчтөн дагах ёстой ажээ. Шүд авсны дараа юу хийж болохгүйг та мэдэж байх ёстой. Үүнийг та энэхүү нийтлэлээс олж уншина.
Шүд авахуулсны дараа хийж “болохгүй” ба “болох” зүйлс
Шүд авсны дараа эмч шархан дээр тампон тавьж хэсэг хугацааны дараа авах ёстойг хэлнэ. Дунджаар 10-30 минутын дараа буюу цус тогтож байгаа байдлыг харгалзан тампоныг авна. Тампоныг болгоомжтой авна, нөжирсөн цустай нь авбал цус алдах эрсдэлд оруулж болзошгүй. Мэдээж тампон байгаа үед өвчтөн ус уухгүй, тамхи татахгүй. Цаашид авах арга хэмжээг дараах байдлаар авч үзнэ:
- Шүд авахуулснаас хойших эхний цагуудад хийхийг хориглох зүйл
- Шүд авахуулснаас хойших нэг хоногт хориглох зүйл
Шүд авахуулснаас хойших эхний цагуудад хийхийг хориглох зүйл
Шүд авахуулсны дараах эхний 1 цагт хацартаа мөстэй жин тавина. Энэ нь хавагнах, цус алдахаас сэргийлэх ажээ. Мөн:
- 1 цагийн турш шингэн зүйл уухгүй
- 2-3 цагийн турш хоол идэхгүй
- Амаа зaйлахгүй
- Халуун усанд орохгүй
- Биеийн хэт их ачаалал авахгүй
- Бүлээн, халуун жин тавихгүй
- Хэл, гараараа шaрхыг оролдохгүй, мөн шүдний сойз зэргээр оролдохгүй
- Тамxи татах xориотой
- Аспирин зэрэг цус шингэлэх эм тaриа хэрэглэхгүй
Шүд авахуулснаас хойших 1 хоногт хориглох зүйл
Шүд авахуулсан эхний цагуудын адил хэд хоногтоо биеийн тамираар хичээллэхээс татгалзана. Үүнээс гадна өндөр хэмтэй аливаа зүйлийг хэрэглэхгүй: саун, ванн, халуун жин, халуун усанд орох – энэ бүгд шарх эдгэхэд сөргөөр нөлөөлж хүндрэл учруулна.
- Хэд хоногийн дараанаас шархны цусны улаан нөж саарал өнгөтэй болно – энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд шарх эдгэж байгаагийн шинж.
Зүрх судасны өвчлөлтэй бол эмчийн зааврын дагуу цусны даралт тогтворжуулах эмийг болгоомжтой хэрэглэнэ. Учир нь зарим нэг энэ төрлийн эм шархнаас цус шүүрэхэд хүргэж мэдэх ажээ.
Мэс ажилбарын дараа хэд хоногтоо халуун, хатуу хоол идэхээс татгалзана. Энэ төрлийн хоол хүнс шархыг хөндөж эдгэрэлтийг удаашруулах талтай.
Аль болох тамхи, архинаас татгалзана.
Мэс заслын дараа шархыг хэл, гар зэрэг ямар нэгэн зүйлээр оролдохыг хориглоно. Ам зайлахын хувьд хоёр дахь өдрөөс зөвшөөрөх бөгөөд амаа маш болгоомжтой зөөлөн зайлна. Ширүүн зайлсан тохиолдолд шархыг таглаж байгаа цусны нөж салж цус алдахад хүргэж болзошгүй.
Зарим нэг тохиолдолд эмч нар ам ариутгах тусгай бодис санал болгодог, гэхдээ зайлах бус зөвхөн амандаа хэсэг байлгахыг зөвлөнө.
Шүдээ цэвэрлэхдээ ч маш анхаарал болгоомжтой хандана. Ам зайлах бодисоос хэд хоногтоо ор тас татгалзсан нь дээр болов уу.
- Хэрвээ цус алдах, хүчтэй өвдөх, халуурах, ялангуяа эдгээр шинж тэмдэг шүд авснаас 2 хоногийн дараа илэрсэн бол шүдний эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай. Эмч үзлэг хийж үрэвсэл дарах арга хэмжээ авна.
Шүд авахуулахад эмчийн өгсөн зөвлөгөөг хэтрүүлж болохгүй. Эмчийн өгсөн зөвлөгөөнөөс эргэлзээтэй зүйл байвал тухайн үед заавал лавлаж асууна. Шаардлагатай гэж үзвэл эмчид цаг алдалгүй дахин үзүүлэх ёстойг бүү мартаарай.