in ,

Шүдээ угаахад буйлнаас чинь цус гардаг бол үүнийг анхааралтай уншаарай. Үүний ард том асуудал нуугдаж байж ч магадгүй!

Буйлнаас цус гарах нь өвчин биш юм. Энэ бол амны хөндийн зарим өвчнүүдийн үед илэрдэг шинж тэмдэг юм.

Энэ шинж тэмдгийг үл тоох хэрэггүй, учир нь үүний ард том асуудал нуугдаж байж болно. Энэхүү нийтлэлээс та буйлнаас цус гарах үед хэрхэн эмчилгээ хийдгийг олж мэдээрэй.

 

Буйлнаас цус гарах шалтгаан

Маш олон төрлийн шалтгааны улмаас шүд угаах үед буйлнаас цус гардаг. Тэдгээр шалтгаануудаас дурдвал:

  • Буйлны зөөлөн эдийн үрэвсэл. Ихэнхдээ амны хөндийг буруу арчилсны улмаас үрэвслийн процесс явагддаг. Хэрэв шүдээ угаахгүй бол шүдэн дээр өнгөр амархан тогтож цаг хугацаа өнгөрөхөд өнгөр хатуурч шүдний чулуу болдог. Шүдний чулуу нь амны хөндийн халдвар үүсэхэд нөлөөлдөг ба энэ нь буйл үрэвсэхэд хүргэдэг.
  • Буйлны механик гэмтэл. Механик гэмтлийн улмаас буйлны бүрэн бүтэн байдал алдагдахад буйлнаас цус гарна. Жишээ нь, хэт хатуу үстэй сойз хэрэглэдэг бол буйл гэмтэнэ. Мөн буйлыг бүрээс, хиймэл шүд, брекет зэрэг төрөл бүрийн гажиг заслын хэрэгслүүдээр шархлуулж болно.
  • Химийн цочруул. Жишээ нь, химийн хортой уур амьсгалснаас буйлнаас цус гарч болно.
  • Зарим өвчнүүд. Амны хөндийн өвчнөөс гадна бусад эмгэгийн үед буйлнаас цус гарч болно: аутоиммун өвчин, цус гоожилтын эмгэг, С болон К витамины дутагдал, цусны хорт хавдар болон бусад.

 

Буйлнаас цус гарах үед юу хийх вэ?

Хэрэв та шүдээ угаахдаа буйлнаас тань тогтмол цус гарч байгааг анзаарсан бол хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол – шүдний эмчид хандах юм. Шүдний эмч цус гаралтын гол шалтгааныг тодорхойлж өгнө.

Эхний шатанд эмч оношилгоо хийж оношийн суурин дээр тохирсон эмчилгээг хийнэ. Буйлнаас цус гарах шалтгаан нь заавал амны хөндийтэй холбоотой байдаггүй. Шүдний эмч таныг өөр бусад мэргэжилтнүүд рүү явуулж магадгүй (жишээ нь, дотоод шүүрлийн эмч). Оношийг зөв тавьсны дараа л өвчний эсрэг эмчилгээг эхэлнэ.

 

Буйлнаас цус гарах үед хийгдэх мэргэжлийн эмчилгээ

Буйлнаас цус гарахад хүргэдэг гол шалтгаан – буйлны үрэвсэл. Зөв эмчилгээ нь цус гарах шинж тэмдэгт биш харин шалтгааныг арилгахад чиглэдэг. Мэргэжлийн эмчилгээ нь хэд хэдэн үе шатаар явагдана:

  • Шүдний чулууг арилгах. Юун түрүүнд эмч шүд угаалтыг хийж буйлан доорх болон шүдэн дээрх чулууг арилгана. Шүдний чулууг шүдний эмчилгээний эмч дээр биш харин шүдний тулгуур эдийн эмч дээр авахуулаарай. Шүдний чулууг авах нь буйлны цус гаралтыг эмчлэх хамгийн чухал шат юм. Шүдний чулуу нь буйлны үрэвслийн гол шалтгаан болдог, тиймээс энэ шатыг алгасаж болохгүй.
  • Үрэвслийн эсрэг эмчилгээ. Үрэвслийн процессын шалтгааныг арилгасны дараа үрэвсэл арилгах эмчилгээг эхэлнэ. Үүнд үрэвслийн эсрэг уусмал болон шавшлага хэрэглэдэг. Үрэвслийн эсрэг курс эмчилгээ 10 хоног үргэлжилдэг. Үрэвслийн зэргээс хамааран эмчилгээг шүдний эмнэлэгт эсвэл гэрийн нөхцөлд хийж болно.

Шүдний эмнэлэгт үзүүлсэн эхний өдөр эмч танд хэрхэн зөв оо, сойз сонгох тухай, хэрхэн амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих тухай болон буйлны үрэвслийг арилгах тухай зөвлөгөө өгнө.

 

Буйлнаас цус гарах үед гэрийн нөхцөлд юу хийж болох вэ?

Шүдний эмнэлэгт мэргэжлийн эмчилгээ хийлгэсний дараа эмч танд гэртээ юу хийх хэрэгтэйг хэлж өгнө. Нөхцөл байдлаас хамааран дараах зүйлсийг санал болгоно:

  • Ам зайлах уусмал. Амны хөндийн үрэвслийн процессыг бууруулахын тулд ам зайлах уусмал хэрэглэх хэрэгтэй. Эмч танд тохирох уусмалыг зөвлөнө.
  • Халдваргүйжүүлэгч. Амны хөндийн нянгийн халдвар болон цоорол үүсгэгч бичил биетүүдийг арилгахын тулд халдваргүйжүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Халдваргүйжүүлэгч хэрэглэхдээ эмчийн зөвлөгөөг ягштал дагаарай. Ийм бэлдмэлийг хэт удаан хугацаагаар хэрэглэснээр бичил биетүүд халдваргүйжүүлэгчид дасал болдог. Ихэвчлэн амны хөндийд халдваргүйжүүлэгчийг 10 хоног хэрэглэдэг.
  • Үрэвсэл шимэгдүүлэх эм. Амны хөндийн халдвартай тэмцэхийн тулд шимэгдүүлэх тусгай эм хэрэглэдэг. Халдваргүйжүүлэх уусмалтай адил шимэгдүүлэх эмийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Эмчийн зөвлөгөөг дагана уу.
  • Эмийн бэлдмэл. Буйлны цус гаралтыг зогсоох бүрдэл эмчилгээнд эмч буйлны хялгасан судаснуудыг бэхжүүлэх эм бичиж өгнө.

 

Буйлнаас цус гарах үед хэрхэн шүдний оо, сойзыг зөв сонгох вэ?

Буйлны үрэвслийг эмчилж, цус гаралтыг арилгадаг “шидэт оо” гэж байдаггүй гэдгийг юун түрүүнд хэлчихье. Дээр дурдсанчлан шүдний чулууг авахуулахаас нааш буйлнаас цус гарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Шүдний чулуугаа түүлгэж, үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэсний дараа оо, сойзоо сонгох хэрэгтэй.

Хүн бүрт хамгийн сайн тохирох шүдний оо гэж байдаг. Рекламанд хууртагдах хэрэггүй шүү. Эмчлүүлэгч эмчийн зөвлөгөөг дагах нь хамгийн зөв арга.

Буйлнаас цус гардаг бол зөөлөн үстэй сойз хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Ийм сойзыг 2 долоо хоногоос удаан хугацаанд хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг. Учир нь зөөлөн үстэй сойз нь дунд зэргийн үстэй сойзыг бодвол шүдний өнгөрийг илүү муу арилгадаг.

 

Буйлнаас цус гарах үед хийх уламжлалт эмчилгээний арга:

Буйлнаас цус гаралтыг эмчлэхдээ буйлны үрэвслийн эсрэг, халдваргүйжүүлэх, цус тогтоох шинж чанартай зарим уламжлалт эмчилгээний аргуудыг хэрэглэж болно. Энэ асуудлыг шийдвэрлэхэд дараах эмийн ургамлууд тусална:

  • Царсны холтос. Царсны холтосны ханд нь буйлны цус гаралтыг эмчлэх хамгийн алдартай аргуудын нэг юм. Царсанд агуулагдах бодис нь буйлыг бэхжүүлж цус гаралт үүсэх эрсдэлийг бууруулдаг. Нэг амны халбага царсны холтос дээр хагас аяга буцалсан ус нэмнэ. Дараа нь усаа зөөлөн гал дээр 6-7 минут буцалгана. Бэлэн болсон хандыг хөргөөд шүүж авна. Бэлэн болсон хандаараа амаа өглөө оройдоо нийт 2 удаа зайлаарай.
  • Балжингарав. 1 амны халбага балжингарав цэцэг дээр (овоолон биш) 200-250 мл халуун ус нэмнэ. Холимгоо хөргүүрт 30-40 минут хөргөнө. Дараа нь шүүж авна. Хоол идсэний дараа балжингаравын хандаар тогтмол амны хөндийгөө зайлаарай.
  • Шар дэр. Буйл болон амны хөндийд шар дэр маш тустай. 2 амны халбага хуурай шар дэрний өвс дээр 400 мл халуун ус нэмнэ. Холимгоо таглаад 30-40 минут тавьж хандална. Бэлэн болсон хандаараа өдөрт 2 удаа өглөө, орой амаа зайлж байгаарай.

Буйлнаас цус гарах үед уламжлалт аргыг дан ганцаар нь хэрэглэвэл үр дүнд хүрэхгүй. Уламжлалт арга нь бүрдэл эмчилгээний үед л хамгийн үр дүн сайтай байдаг. Эмчилгээний ургамал хэрэглэхийн өмнө эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй. Учир нь зарим эмийн ургамал эмчийн зөвлөсөн эмтэй зохицохгүй байж мэднэ.

 

Буйлнаас цус гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө:

Буйлны үрэвслийг арилгах курс эмчилгээг хийлгэсний дараа дахин алдаагаа давтахгүйн тулд буйл болон амны хөндийгөө эрүүл байлгах нь чухал. Үүний тулд дараах зөвлөгөөнүүдийг дагаарай:

  • Шүдээ тогтмол угаа. Шүдний эмч нар юм идсэнийхээ дараа шүдээ угаахыг зөвлөдөг. Шүдээ угаахдаа сойзоо шүдний гадаргуугаас 45 градусын налуутай барих хэрэгтэй. Ийм байрлалд сойз нь шүдний өнгөрийг бүрэн арилгах болно. Хэрэв юм идсэний дараа амаа угаах боломжгүй байдаг бол амаа бүлээн усаар зайлж байгаарай.
  • Шүдний утас хэрэглэ. Шүдний эмч нар шүдний утсыг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Үүний тусламжтай шүдний завсраарх хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэж болно. Шүдний утсыг хоол идсэний дараа болон шүдээ угаахын өмнө хэрэглэхийг зөвлөж байна.
  • Хэрэв та брекеттэй бол. Энэ тохиолдолд танд чанартай ирригатор буюу шүд угаагч хэрэгтэй. Энэ нь хийт бөмбөлгийг устай хамт нарийн сувгаар даралттай цацдаг тусгай төхөөрөмж юм. Энэ нь брекет зүүсэн үед сойзны шүдэнд хүрдэггүй хэсгүүдийн өнгөрийг үр дүнтэй цэвэрлэдэг. Үүнээс гадна ирригаторын тусламжтай буйл шүдний ховилыг цэвэрлэж болдог учир шүдний чулуу, буйлны үрэвсэл үүсэхээс сэргийлнэ.
  • Хэлээ цэвэрлэ. Шүднээс гадна хэлээ арчлах хэрэгтэй. Хэлэн дээр их хэмжээний өнгөр, олон тооны бичил биет хуримтлагддаг. Шүдээ угаахдаа өнгөр, нянгаас салахын тулд заавал хэлээ угааж байгаарай. Шүдний сойзны ихэнх нь хэл цэвэрлэх тусгай бүрхүүлтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *