Бид бүгд эмийг эмчийн жорын дагуу тодорхой хугацаагаар хэрэглэдэг. Гэвч зарим хүнсний бүтээгдэхүүнтэй зохицдоггүй эм байдаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй аж.
Гэтэл энэ маш чухал зүйл шүү дээ! Зарим эм нь хүнстэй нэгдсэнээрээ эмийн идэвхтэй бодисуудыг саармагжуулдаг. Ингэснээр дэмий эм уусан болж таарна. Бүр муугаар бодвол гаж нөлөө, хүндрэл үүсч болно гэсэн үг.
Тэгэхээр яг ямар эмийг “дур зоргоороо” хэрэглэж болохгүй вэ?
Антибиотик (биомицин, тетрациклин, г.м) нь хамгийн их “зөрчилтэй” эмүүдийн нэг юм. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь антибиотикийн үйлчилгээг саармагжуулдаг учир антибиотик хэрэглэж байх үедээ эдгээрээс татгалзах хэрэгтэй. Архинаас зайлшгүй татгалзах шаардлагатай. Аль болох их жимс, ногоо идэхийг зөвлөж байна. Мөн түр хугацаанд хүчиллэг хоолноос татгалзаарай. Үүнд зарим төрлийн жимс, хийжүүлсэн ундаа, жүүс, хуурай дарс, уксус орсон ямар ч төрлийн хоол багтана.
Антидепрессант эмүүдэд моноаминоксидазагийн ингибиторууд агуулагддаг учир бяслаг, хөгцтэй бяслаг, даршилсан байцаа, шар буурцагны сүмс, үхэр, тахианы элэг, хатаасан загас болон мах, тараг, инжир, үзэм, зөөхий идэж болохгүй. Дээр дурьдсан бүх хүнсний бүтээгдэхүүнүүд нь тирамин агуулдаг бөгөөд энэ нь моноаминоксидазын ингибиторуудтай нэгдсэнээрээ цусны даралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Тайлбар: антидепрессант хэрэглэх үедээ архи, ялангуяа улаан дарс хэрэглэхийг хатуу хориглоно.
Антикоагулянт (цус шингэрүүлэгч)-ыг цангис жимсний шүүс, жүүс, цангис жимстэй хамт хэрэглэж болохгүй. Ийм зохицол нь дотуур цус алдалтад хүргэж болно.
Аспирин. Энэ эмийг хэрэглэх үедээ уураг, өөх тос, нуурс-ус бага агуулсан хоол идээрэй. Үгүй бол энэ эмийн үйлчилгээ хоёр дахин багасах болно. Мөн цитрусын төрлийн жүүсийг хэрэглэж болохгүй. Учир нь цитрус нь аспиринтай нэгдсэнээр ходоодны салст бүрхэвчийг хүчтэй цочроодог.
Тайлбар: аспириныг хэзээ ч сүүтэй ууж болохгүй (ийм аргаар ходоодны салст бүрхэвчийг хамгаалж болно гэж үздэг) учир нь сүү нь эмийг бүхэлд нь саармагжуулж эм огт үйлчилгээгүй болно.
Өвчин намдаах эм (пирамидон, амидопирин болон бусад)-ийг тамхитай хамт хэрэглэж болохгүй. Учир нь тамхи бүх үйлчилгээг нь дарангуйлдаг.
Дааврын бэлдмэл. Эдгээр эмүүд нь бодисын солилцоонд нөлөөлдөг учир хүндрэлээс урьдчилан сэргийлж цагаан идээ, хатаасан чангаанз, загас, үзэм, жимсгэнэ, хулуу идэх хэрэгтэй (эдгээр бүтээгдэхүүнүүд нь уураг, калийн давс, амин дэмээр баялаг байдаг).
Төмөр агуулсан бэлдмэлүүд. Эдгээр эмийг хэрэглэх үедээ кофе, цай, гурил, чихэр, сүүн бүтээгдэхүүн, самраас татгалзах хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд төмрийн шимэгдэлтэд саад учруулдаг.
Клофелин (цусны даралтыг бууруулна)-ийг хэрэглэх үедээ архи хэрэглэж болохгүй. Согтууруулах ундаа нь эмийн нөлөөг багасгадаг бөгөөд цусны даралт огцом өсөхөд нөлөөлж болно.
Тайлбар: клофелинийг архитай хамт хэрэглэснээс болж ухаан алдаж ч болно (энэ аргыг таны мэдэх гэмт хэрэгтэй кинонууд дээр луйварчид түгээмэл хэрэглэдэг).
Шээс хөөх эм. Эдгээр эм нь биеэс калийг гадагшлуулдаг. Тиймээс кали ялгаралтыг дэмжихийн тулд ногоон вандуй, бууцай, гүйлс, манжин, сонгино, төмс, алим, лууван идээрэй.
Тайлбар: шээс хөөх эмийг чихэр өвстэй хамт хэрэглэж болохгүй (чихэр өвсний ханд нь цэр ховхолдог, харин чихэр өвсний үндэсний ханд нь туулгах, шээс хөөх үйлчилгээтэй). Чихэр өвсний үндсэнд агуулагдах бодисууд нь глюкокортикоидуудын идэвхжилтийг хаадаг.
Мөн чихэр өвсний үндэс нь шээс хөөх эмтэй хамт кали болон шингэн ялгаралтыг нэмэгдүүлнэ (шингэний дутагдалд хүргэж болно).
Үе мөчний эмүүд. Эдгээр эмүүд ходоод гэдэсний замын салстад хүчтэй нөлөөлдөг. Ийм эм хэрэглэх үедээ хоолны дэглэм чанд сахина: түүхий ногоо, жимснээс татгалз, шарсан хоол, мөөг, мах болон загасны шөлнөөс татгалзана.
Статин (цусан дахь холестериний хэмжээг бууруулна)-ыг бэрсүүт жимс, помело, төрөл бүрийн цитрусын жимстэй хамт хэрэглэхийг хориглоно. Бэрсүүт жимсэнд элэгний ферментийг дарангуйлдаг бодис агуулагдана. Үр дүнд нь биед статины концентрац ихсэж, элэгний үйл ажиллагааг дарангуйлна.
Сульфаниламид (сульфадиметоксин, бисептол, сульфадимезин) – энэ бол нянгийн эсрэг эм бөгөөд үүнийг элэг, бөөр, цангис, ногоо, тостой хоол, элсэн чихэр болон бусад чихэрлэг бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж болдоггүй. Аль болох их шингэн зүйл уухыг хичээгээрэй, ялангуяа шүлтлэг рашаан уугаарай.
Ийм эм уух үед хүчиллэг орчинтой шээсний замын болон бөөрний сувганцарт уусдаггүй талстууд хуримтлагдан бөглөрч шээс ялгарах нь багасдаг. Үүнтэй холбоотойгоор хэвийн үед уудаг усны хэмжээнээс хэд дахин илүү их ус уухыг зөвлөж байгаа юм.
Тос болон элсэн чихэр нь хоол боловсруулалтыг удаашруулснаар сульфаниламидын бүлгийн эмүүдийн үйлчилгээг бууруулдаг.