Жинхэнэ мөнгөн дэвсгэрт нь серийн дугаар, усан тэмдэглэгээ зэргээрээ хуурамчаас ялгардгийг бид мэднэ. Гэхдээ ялгаа үүгээр дуусахгүй: технологийн хөгжилтэй хөл зэрэгцэн жинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгах ялгаа нэмэгдсээр байна.
Өнөөдөр та бүхэнд эдгээр ялгаануудыг танилцуулж байна. Эдгээр ялгаа нь бараг бүх үндэстний мөнгөн тэмдэгт дээр адил хэрэглэгддэг ажээ.
Еврионы од эсвэл Омроны цагираг
Еврионы од буюу өөрөөр хэлбэл Омроны цагираг – 5 удаа давтагдах адил тоонууд бөгөөд хувилах төхөөрөмжийн тусламжтайгаар мөнгөн дэвсгэртийг таних боломжтой. Зарим нэг өнгөт принтер эдгээр цагиргийг хэвлэх хүчин чадалгүй: хараар эсвэл хоосон гарна. Омрон цагиргийг америк болон канадын доллар, евро, британийн фунт, иен болон өөр бусад улс орны мөнгөн дэвсгэрт дээр харж болно.
Микро хэвлэл
Дуурайлган хийхэд амаргүй микро хэвлэл юм. Үүнийг тусгай принтер, чернилээр үйлддэг. Хэрвээ ийм тексттэй мөнгөн дэвсгэртийг хувилах төхөөрөмжөөр явуулахад хуулбар дээр текст бүүдгэр болно. Уг технологийг доллар, фунт, евро болон оросын рубль зэрэг мөнгөн дэвсгэрт дээр ашигладаг байна.
Товгор эсвэл урсах тэмдэглэгээ
Мөнгөн дэвсгэртээс гадна виз, паспорт зэрэг дээр ашигладаг. Энэхүү тэмдэглэгээг хараагүй хүмүүс ашиглахад дөхөм.
Товгор тэмдэглэгээ нь тухайн мөнгөн дэвсгэртийн тоог илэрхийлсэн байх тул мөнгөн дэвсгэрт болгон дээр адилгүй товгор хээ тавигдана. Жишээ нь, 10-тын евро дээр яг 10 шиг тэмдэглэгээ байх ажээ. Мөн канад долларын дэвсгэрт дээр Брайлын шрифтээр тэмдэглэсэн байдаг.
Тусгай цаас
Мөнгөн дэвсгэртийг тусгай цаасан дээр хэвлэдэг. Цаасны бүтэц нь бидний өдөр тутам хэрэглэдэг цааснаас өөр. Жишээ нь, америк долларын ¾ нь хөвөн, ¼ нь таар байх учир уг мөнгөн дэвсгэртийг “даавуун цаас” (rap paper) гэх нь бий.
Сүүлийн үед чийг, бохирт өөрчлөгдөхгүй цаасаар мөнгөн дэвсгэрт хийдэг болсон. Ийм төрлийн цаасыг дуурайлгаж хийхэд маш хэцүү. Дуурайлгаж хийлээ гэхэд тэмтэрч үзэхэд болхи байдаг ажээ.
Хуурамчийг ялгаж мэдэх бас нэгэн арга – иодтой тусгай харандаагаар зурна. Хэрвээ хуурамч бол зурсан хэсэг цэнхэртээд ирдэг ажээ.
Өнгө нь өөрчлөгдөх
Дэлхийн ихэнх улс орон өөрийн мөнгөн дэвсгэртээ энэ технологиор хэвлэдэг. Гэрлийн тусгал, өнцгөөс шалтгаалж өнгө нь өөрчлөгдөнө. Жишээ нь, 1000 рублийн мөнгөн дэвсгэрт дээрх сүлд нь гэрлийн тусгал, өнцөг зэргээс хамааран улаанаас алтан-ногоон болон хувирдаг. Харин 50 долларын дэвсгэртийн “50”-ын тоо нь зэсэн өнгөнөөс тод-ногоон болон хувирна.
Энэ төрлийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх боломжгүй. Дэлхий дээр маш цөөн тооны компани л өнгө нь хувирдаг мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэх эрхтэй ажээ.
Хамгаалалтын утас
Өнгө өнгийн утасны өөдөс мөнгөн дэвсгэртэд санаандгүй хавчуулагдсан мэт харагдана. Мэргэжлийн хүмүүс хуруугаараа тэмтрээд л цаасны бүтэц, хамгаалалтын утас зэргийг таниж чадна. Хамгаалалтын утас хэт ягаан гэрэлд гэрэлтдэг байна.
Өнгөт цэгүүд
Хэт ягаан туяанд гэрэлтэх бас нэгэн хамгаалалтын элемент – “planchettes” хэмээгдэх өнгөт цэгүүд. Эдгээр өнгөт цэгүүдийг хуурамчаар үйлдэхэд амаргүй. Канад доллар дээрээс та өнгөт цэгүүдийг харах боломжтой.
Нууц дардас
Нууц дардас нь хуучирсан арга хэдий ч Хятад зэрэг зарим нэг улс орнууд ашигласаар байна. Зоосон мөнгийг хуурамчаар үйлдэхээс анх ашиглаж байгаад дараа нь цаасан дэвсгэрт дээр ашиглах болжээ. Мөнгөн дэвсгэртийг нууц дардастай шууд хэвлэдэггүй, харин банкууд дардас дардаг тул мөнгөн дэвсгэрт болгон дардастай байхгүй. Банк болгон өөрийн гэсэн “нууц дардас”-тай байна.
Нэвт гэрэлтэх хэсэг
Полимер цаас хэрэглээнд гарснаас хойш мөнгөн дэвсгэртийг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг нэвт гэрэлтэхээр хэвлэдэг болжээ. Заримдаа цонх хэмээн нэрлэнэ. Үйлдвэрлэгчид “цонх”-ыг усан тэмдэглэгээний бас нэгэн хувилбар гэх бөгөөд дуурайлгах ямар ч боломжгүй гэж үздэг. Австрали, Канад болон Их Британийн мөнгөн дэвсгэртүүд уг технологийг ашиглажээ.
Голограмм
Гурван хэмжээст дүрс бөгөөд мөнгөлөг эсвэл өөр материал дээр лазерын туяа ашиглан гаргадаг. Голограммын харах өнцөг солигдоход өнгө нь өөрчлөгдөнө. Уг технологийг Австри 1988 оноос эхлэн ашиглаж ирснээс хойш дэлхийн улс орнууд өөрсдийн мөнгөн дэвсгэрт дээр өргөнөөр ашиглах болжээ. Дэлхийн ихэнх улс орнууд томоохон мөнгөн дэвсгэрт дээр ашигладаг бол зарим нэг улс орнууд нь жижиг мөнгөн дэвсгэрт дээр ашигладаг байна.