Дэлгүүрт яваа худалдан авагч бол “Труманы шоу”–ны гол баатар л гэсэн үг. Өдөр болгон худалдан авагчийн араас хэдэн зуун маркетингийн мэргэжилтнүүд ажиглаж бараа таваараа борлуулах шинэ арга заль эрэлхийлнэ.
Худалдагч нар бараагаа зарахын тулд ямар арга заль хэрэглэдгийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.
Гадаад төрх
Худалдан авагчийн хорхойг хүргэхийн тулд гэрэл зурагчид түргэн хоолонд бага зэргийн ус дусаадаг байна. Энэ аргыг мөн ногоо, жимс зардаг хүмүүс ч ашигладаг. Амттай хүнсний гэрэл зураг харсан худалдан авагч авах хүсэл төрдөг байна.
Эсрэг уриа
“Энэ цамцыг бүү худалдаж аваарай”. Хар Баасан гаригийн хямдралын үеэр Patagonia компанийхан энэ аргыг хэрэглэсэн юм. Идэвхтэй хөдөлгөөн хийдэг спортын хувцас үйлдвэрлэдэг уг брэнд байгаль орчныг хамгаалж элдэв худалдан авалт хийхгүй байхыг, тэр дундаа өөрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалжээ. Энэ рекламаас хойш Patagonia-гийн борлуулалт 40%-иар нэмэгджээ.
Өндөр үнэ
Энэ залинд худалдан авагч болгон хууртагдана. Ийм зарчмаар ажиллана. Жишээ нь эхлээд өндөр үнэтэй бараа үзүүлээд дараа нь – бага үнэтэй барааг танилцуулна. Хамгийн гол нууц нь бага үнэтэй гэж байгаа бараа нь үнэндээ бодит байх ёстой үнэнээсээ илүү өндөр үнэлэгдсэн байдаг байна. Өндөр үнийг ресторануудад амжилттай ашигладаг. Дэлгүүрт зарагдаж байгаа рашаан ресторанд өндөр үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл барааны чанарт баталгаа өгч үйлчлүүлэгч нь итгэж байгаа учраас нэг рашаан 2-3 дахин өндөр үнэтэй байдаг байна.
Дээрх танилцуулга хуудас дээр өөр өөр үнэтэй машины сард төлөх төлбөр нь адилхан байхаар хийжээ. Тэгэхээр сард төлөх мөнгөнд ялгаа байхгүй бол хямдхан машин авах хэрэг байна уу?
Үнийн урхи
Үнэтэй – юутай харьцуулж байгаагаас шалтгаална. Урхи болон амжилттай харьцуулсан бараа нь худалдан авагчийг хурдан шийдвэр гаргахад хүргэдэг байна.
Худал хямдрал
Дэлгүүрийн лангуун дээр хуучин үнийг нь дараад шинэ хямдарсан үнийг бичсэн байдаг. Хямдраагүй байсан ч худалдагчид ийм арга хэрэглэдэг. “Хуучин үнэ”-ийг 20%-иар нэмж тавих нь хуучин үнэ өндөр байсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Урьд нь ямар үнэтэй байсныг тэр болгон анзаарахгүй шүү дээ. Худал хямдрал – жишээ нь талх, кофе хоёр хямдраад 1000 төгрөгөөр санал болгоно. Үнэндээ тэр хоёрыг тусад нь 500 төгрөгөөр цаана нь зарж л байгаа. Бидний сэтгэл зүйгээр ингэж л наадаж байгаа хэрэг.
Хэмжээг нь багасгана
Алдартай брэндүүд энэхүү аргыг өргөн хэрэглэдэг. Тэд үнээ нэмэлгүйгээр хангалттай ашиг олдог ажээ.
Грюэний эффект
Архитектор Виктор Грюэн худалдааны төвийн битүү том барилгын зургийг анх гаргажээ. Урьд нь худалдааны төв гэхээр хоорондоо хоолойгоор холбогдсон нэг давхар олон барилгуудыг төсөөлдөг байв. Грюэн нэг дээвэр дор супермаркетын төөрдөг зам хийж чадсан гэж үздэг. Төгс ертөнц гэж хэлж болно – аюулгүй, ая тухтай, дулаахан, гэрэлтэй, цонхгүй, цаггүй. Худалдааны төвд орсон хүн орон зайн баримжаагаа бага зэрэг алддаг, юу авах гэж ирснээ умартах тул тэр болгон зөв шийдвэр гаргаж чаддаггүй байна. Үр дүн нь юу вэ – сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн төлөвлөгдөөгүй худалдан авалт хийж их мөнгө үрнэ.
Том тэрэг
Сагс биш түрдэг тэрэг авбал худалдан авагч төлөвлөснөөсөө 40%-иар их худалдан авалт хийнэ. Гэр бүлийн долоо хоногийн хангамж. Нэн шаардлагатай бараа – талх, сүүг дэлгүүрийн хамгийн эцсийн лангуун дээр буюу худалдааны төвийн хамгийн цаад буланд байрлуулсан байдаг. Талх, сүү рүүгээ явж байгаа худалдан авагч замдаа хэрэгтэй, хэрэггүй ганц хоёр зүйл авч л таараа. Томоохон худалдааны төвийн явах чиглэл нь цагийн зүүний эсрэг хийгдсэн байдаг, энэ нь төлөвлөгдөөгүй худалдан авалт хийхэд нөлөөлдөг байна.
Антропоморфизм буюу хүнчлэх үзэл
Антропоморфизм буюу хүнчлэх үзэл – аливаа амьтан, амьгүй юмс, үзэгдэл, бодит болон хийсвэр ойлголт зэргийг хүнчилж, хүний шинж чанарыг зөөн тайлбарлах үзэл юм. “Cars”, “Minions” болон Pixar-ын ширээний чийдэн зэрэг нь хүнчлэх үзлийн тод жишээ. Хоол хүнсний савлагаан дээрээ шүтээн болсон амьтныг өөрийн бэлгэ тэмдэг болгон тавьсан байхад худалдан авагч хайрлаж явдаг баатрынхаа зургийг хараад худалдан авах сонирхол нь шууд төрнө. Антропоморфизм нь худалдан авагчийн компанид итгэх итгэлийг төрүүлэхээс гадна өндөр үнээр худалдан авахад хүргэдэг байна
Бараа өрөх зальтай арга
Дээд эгнээнд бага танигдсан брэндүүд, дунд эгнээ – “алтан эгнээ” буюу олны танил брэндүүд, доод эгнээнд хүүхдүүдэд зориулсан бараа таваар тавигдана. “Алтан эгнээ”-ний түрээс өндөр үнэтэй, мэдээж тэр түрээс бидний худалдан авч байгаа үнэд тооцогдсон байгаа. Энэ мэхэнд хуурагдахгүйн тулд энгийн аргыг ашиглана: дунд эгнээнээс бараа авахдаа бусад барааны үнэ, чанартай харьцуулаарай.