Чанаж шарахад бэлтгэж өдийг нь зулгааж цэвэрлэсэн тахиа ямар байдгийг мэднэ биз дээ? Гэтэл яг л тийм өдийг нь зулгаачихсан юм шиг нүцгэн арьстай мөртлөө амьд мэнд гүйж байгаа тахиа харвал та яах вэ? Төсөөлөхөд л аймшигтай санагдаж байгаа биз? Гэтэл Израйлийн Тель Авивын ойролцоох Rehovot Agronomy Institute-ийн генетикийн факультетад дэлхийн анхны өдгүй тахиаг бий болгосон байна. 2002 онд генетикч Avigdor Cahanerat-ын бүтээсэн энэ тахиа нь хүзүүндээ өдгүй махны чиглэлийн том тахианаас үүсэлтэй аж.
Энэхүү хачирхалтай тахиаг бүтээсний зорилго нь илүү үр ашигтай, хэрэглээнд илүү хялбар байлгах юм байна. Хялбар гэдгийн учир нь амьд тахиа худалдаж аваад нядласны дараа өд сөдийг зулгааж цэвэрлэх ажлыг хөнгөвчилж байгаа хэрэг аж. Халуун дулаан оронд өдтэй тахиа үржүүлэхийн тулд нэмэлт хөргөлтийн систем хэрэглэдэг нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг бол өдгүй тахиа нь халуун оронд үржүүлэхэд маш тохиромжтой гэнэ.
Амьтны эрх ашгийг хүндэтгэж үздэг хүмүүсийн зүгээс энэ төсөлд тун таагүй хандаж байгаа ба эрэгчин тахианы хувьд далавчаа дэвэн тэнцвэрээ олж, дуудлага хийх боломжгүй болсон бол эмэгчин тахианы хувьд ч ялгаагүй шимэгч болон шумуулын дайралт, арьсны өвчин, температурын янз бүрийн нөхцөл, наранд түлэгдэх гэх мэт эрсдэлтэй талууд нөлөөлнө гэж үзэж байгаа аж.
Профессор Cahaner-ын зүгээс “Энэ нь генетикийн өөрчлөлтөнд орсон тахиа биш. Энэ бол 50 шахам жилийн өмнөөс танигдсан өөрийн онцлог бүхий уугуул төрөл зүйл. Миний хувьд зөвхөн хурдан өсдөг тахиа руу шилжүүлсэн төдий. Энэ бол өдгүйгээс бусдаар жирийн л тахиа.” гэсэн хариултыг өгчээ. Мөн “Энэ шинэ үүлдэр өдөө ургуулахад зарцуулдаг нэмэлт энергийг ашиглахгүй учир хурдан өснө гэж найдаж байна. Түүнчлэн биеийн хувьд ч том хэмжээтэй байх болно.” хэмээсэн байна.