Харьцаагаа тодорхой байлгах хүн болгонд амаргүй. Зарим нэг нь үл ойлголцлоос зайлсхийж ам мурийхгүй байхыг хичээхээс гадна бусдад төвөг учруулж эвгүй сэтгэгдэл үлдээхээс эмээдэг байна. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө сайн хүн гэж хэлүүлэхийг хүсдэг ажээ.
Хэрвээ та ийм байдлаас ханддаг бол хүмүүс таныг ашиглах бүрэн боломжтой гэж үздэг. Энэ нь танд ашигтай эсэх нь эргэлзээтэй. Үгүй л болов уу …
Өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд дуугүй өнгөрч болохгүй нөхцөл байдал гэж бий гэдгийг та мартаж болохгүй.
Таныг зовоож байгаа бол
Сэтгэлийн хувьд биш, чухам бие эрхтний хувьд ямар нэгэн байдлаар зовоож байгаа бол. Хэн нэгэн этгээд нийтийн унаанд явж байхад тань хөл дээр чинь гишгэж орхисон уу? Магадгүй ээ, хэнд ч тохиолдоно. Нөхөртэйгөө хөнжилдөө ороод секс хийж байхад танд эвгүй мэдрэмж төрүүлж байна уу? Та юу мэдэрч байгаагаа хэлж чадах уу? Эсвэл дуугүй тэвчээд өнгөрөөх үү?
Эрэгтэй хүн далдыг харж чадахгүй, магадгүй таныг хайрлаж яваа эр хүн танд өвчтэй байгааг гадарлаагүй, анзаараагүй байж болно. Түүнд шууд л хэлэх хэрэгтэй. Хэрвээ тэр танд үнэхээр хайртай бол хайрлах арга барилаа өөрчлөх болно. Хэрвээ хайргүй бол … хувиа хичээсэн өөдгүй эр хүн таны насны хань болохгүй нь мэдээж.
Таныг дарамтлаад байвал
Таны найз бүсгүй өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийн тулд таныг дарамталж байна уу? Энэхүү дарамтанд орсноор та өөрийгөө “доош нь хийж” байгаагаас гадна үл ойлголцлын золиос болж байгаа юм. Хэн хүссэн нь таныг ашиглаад л, та чимээгүй дотроо шаналаад л явна уу?
Таныг дарамталж байгаа хүмүүст юу бодож яваагаа та шууд хэлэх хэрэгтэй. Таны сэтгэл уужраад л ирнэ.
Таны хэрэгцээг үл тоомсорлож байгаа бол
Ажилдаа өдөржингөө илжиг шиг зүтгэж зүтгэж гэртээ нэг юм ирэхэд гэрийнхэн тань таниас элдэв зүйл шаардаж байна уу? Тэдний хүссэнээр орж ирэнгүүтээ гал тогоо руу гүйж хоол унд хийж, угаалгын өрөө рүү гүйж хүүхдийн хувцас угааж байгаа бол сайшаалын үг сонсоно гэж мөрөөдсөний гарз. Гэрийнхэн тань таныг үүрэг л хүлээсэн хүн гэж харж байгаагаас бус таныг эрх эдлэх хүн гэж бодохгүй байгаа юм. Яг л боол шиг. Танд ийм харилцаа таалагдахгүй нь мэдээж.
Таныг хууран мэхлэж байгаа бол
Өсвөр насны хүүгээс тань үнэртэх тамхины үнэрийг мэдрээгүй мэт царай гаргаж болно, эсвэл засагдсан дүнтэй дэвтэр ч байж болно. Таныг хууран мэхлэх, ялангуяа ойр дотны хүн хуурч байвал үүний цаана ямар нэгэн асуудал оршиж байгааг илтгэнэ. Тэр асуудлыг бодож хоорондоо илэн далангүй ярилцах л ёстой.
Магадгүй таны хүүхэд муу дүн авсныг мэдвэл өөрийгөө хайрлахаа болино гэж айсан байж болно.
Хууран мэхлэх нь харилцаа асуудалтай болохыг илтгэнэ. Энэ тохиолдолд дуугүй өнгөрч огт болохгүй.
Таныг хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хий гэж шаардаж байгаа бол
Хүн болгон өөрийн зарчимтай байдаг. Баримталдаг зарчмаа эвдвэл өөрөө өөрийгөө хүндлэх хүндлэлээ гээнэ гэж үзнэ. Ажилтайгаа үлдэхийн тулд даргадаа элдэв хов зөөж амьдрах нь ичгэвтэр зүйл биш гэж үү?
Магадгүй, ингэ гэж хэн нэгэн таниас шаардсан байх. Өөрийгөө хүндлэх хүндлэлээ алдахаас илүү гарз гэж байх уу? Ийм зүйлд та дуугүй өнгөрөх ёсгүй.