in

Хэрэв гэрт хий алдагдвал нэн яаралтай ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Онц аюултай нөхцөлд дүрэм журмын дагуу арга хэмжээ авч чадвал ганц биш олон хүний амь насыг аврах боломжтой. Минут тутмыг ашиглах ёстой тэр цаг мөчид та юу мэдэж байх ёстой вэ? Хэрвээ гэртээ хий алдагдаж байгааг мэдвэл  дараах арга хэмжээг яаралтай авах ёстойг санаж яваарай.

Хийн хоолойг яаралтай хаах

Хий хаагуур алдаж байгааг өөрөө олох гэж хайж цаг алдах хэрэггүй, шууд л хоолойг хаа. Таны үүрэг бол алдагдаж байгаа хийг яаралтай таслан зогсоох.

Алдаж байгаа хий шатаж эхэлсэн бол галыг унтраахыг эрс хориглоно – хий шатаж байхдаа дэлбэрдэггүйг анхаарна уу

Энэ тохиолдолд хийн хоолойг хаах, хэрвээ боломжгүй бол хий алдаж байгаа газраас гарч гал команд яаралтай дуудах арга хэмжээ авна. Тасалгааны бүх цонхыг нээнэ. Нэвт салхи нь өрөөнд хуримтлагдсан хийг багасгах боломжтой.

Гэрэл, цахилгаан хэрэгсэл асаах болон асаалттай байгаа цахилгаан хэрэгслээ унтраахыг эрс хориглоно.

Ямар ч тохиолдолд цахилгаанаар ажилладаг аливаа хэрэгслийг асаахгүй байх, мөн асаалттай байгаа хэрэгслийг унтраахыг хориглоно – алдагдаж байгаа хий нь багахан оч хаялтанд ч дэлбэрэх аюултай. Гэрээсээ гараад цахилгааны щитийг (цахилгааны үндсэн эх үүсвэр) салгана.

Хий алдаж байгаа газраас суурин утас болон гар утсаар бүү залгаарай.

Аврах анги дуудна, гэхдээ хөрш айлаасаа эсвэл гадаа гудамжинд гараад залгаарай. Аврах ангийнханыг иртэл аюулгүй газар буюу гадаа гудамжинд хүлээнэ. Тэднийг иртэл алдагдаж байгаа хийг зогсоох гэж огтоос оролдож болохгүй.

Орон сууцанд хий алдаж байгаа тохиолдолд мэргэжлийнхэн дараах зөвлөгөөг өгч байна:

  • Хийн зуух өөрөө дур мэдэн суурилуулах эсвэл засварлахыг хориглоно.
  • Хийн зуухны нэг ширэм нь л хий алдаж байгаа сэжиг төрвөл хийн хоолойг шууд хаана, асаах гэж дахин дахин оролдохыг хориглоно.
  • Хий хуримтлагдсан тасалгааны агаарыг сольж, зуух хүйтэн болсны дараа л асаана.
  • Тасалгааг дулаацуулах үүднээс хийн зуухыг ашиглахыг хориглоно.
  • Хийн зуух асаахад ширмийн бүх жижиг нүхээр гал гарч байгаа эсэхийг сайтар шалгана.
  • Асаж байгаа дөлийн өнгийг сайтар ажигла – тод хөх өнгөтэй байх ёстой.
  • Улаан, ногоон эсвэл улбар шар өнгөтэй байвал хий алдагдаж байгаагийн шинж болохыг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *