Элэг нь бидний бие дэх хорт бодисыг цэвэрлэж, цус цэвэршүүлж, хорыг гадагшлуулж, “хог хаягдлыг” устгадаг. Бид эргээд хариуд нь элгээ хамгаалж үйл ажиллагааг нь дэмжихэд туслах хэрэгтэй. Үүнд танд ногооны ундаанууд туслах болно.
Хүрэн манжин – ногоонууд дундаа хамгийн шилдэг ногоо юм. Энэ ногоо нь амин дэм, антиоксидант, эслэг, органик хүчлээр баялаг бөгөөд хүрэн манжинг уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчин анагаах зорилгоор хэрэглэдэг. Харин үзэмтэй хослуулж хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжих гайхалтай байгалийн эм болдог байна.
Эхлэхийн өмнө… Тус бүрийнх нь шинж чанарыг танилцуулъя
Эхлээд хүрэн манжингийн тухай ярилцъя. Энэ ногоог эрт дээр үеэс эхлэн анагаах ухаанд хэрэглэдэг байжээ. Хүрэн манжин нь:
- Хорт хавдрын ургалтыг дарангуйлах ба түүнээс урьдчилан сэргийлнэ.
- Биеийг цэвэрлэнэ (өргөст хэмх, улаан лооль, сонгинотой адил).
- Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжинэ, сарын тэмдгийг тогтворжуулна.
- Гемоглобин, цусны улаан эсийн төлжилтийг дэмжинэ (энэ нь цусны өвчтэй болон цус багадалттай хүмүүст маш чухал).
- Хөгшрөлтийн эсрэг.
- Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
- Хумс, үсний ургалтыг хурдасгана.
- Арьсны шинж байдлыг сайжруулна.
- Допамин дааврын ялгаралтыг ихэсгэнэ (энэ даавар нэмэгдсэнээр сэтгэл гутралын байдлаас гарна).
- Яс, артерийн шинж чанарыг сайжруулна.
- Өтгөн хатахаас урьдчилан сэргийлж гэдэс цэвэрлэнэ.
- Гэдэс дүүрэх болон хүчлээр гулгихыг багасгана.
- Шээс хаагдах өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
- Жин хасахад тусална.
- Тархины үйл ажиллагааг дэмжинэ.
- Элгээр хорыг гадагшлуулна.
Харин үзэм ямар үүрэгтэй вэ? Үзмэнд ч бас маш олон сайн шинж чанарууд бий! Хамгийн чухал нь:
- Үзэм маш тэжээллэг бөгөөд энергиэр хангана (энэ нь ялангуяа тамирчид болон биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүст чухал).
- Төмрийн агууламж өндөр учир цус багадалттай хүмүүст тустай. Улаан эсийн хөгжлийг дэмждэг.
- Гиперкалорийн дэглэмийн үед калори болон жин нэмэхэд тусална.
- Биеийг энерги, уураг, амин дэмээр хангана.
- Ядаргаа, стресстэй тэмцэхэд тусална.
- Ой тогтоолт алдагдахаас сэргийлэх, оюун ухааны үйл ажиллагааг сайжруулна.
- Өтгөн хаталтыг эмчлэхэд тусална.
- Шулуун гэдэсний хавдраас урьдчилан сэргийлнэ.
- Нүдийг хамгаалж хялгасан судаснуудыг нь тэжээнэ (нүдний болор цайх өвчин, нүдний даралт, тахиан сохор мөн нүд ядарсан үед тусална).
- Ясны эрдэсжилтийг дэмжинэ, ясны сийрэгжилтээс хамгаална (үүнд кальци ихээр агуулагддаг).
- Жирэмсэн эхчүүдэд хөхний сүүг ихэсгэнэ.
- Остеоартрит болон үе мөчний үрэвслийн шинж тэмдгийг бууруулна.
- Халуун бууруулах, бактерийн эсрэг шинж чанартай.
- Хүчлийг саармагжуулах шинж чанартай бөгөөд ходоодны салстыг хамгаална.
- Хоолны дуршлыг бууруулж цатгалан мэдрэмж төрүүлнэ (сэтгэл санаагаар унасан үедээ юм их иддэг хүмүүст хамгийн тохиромжтой).
Хүрэн манжин, үзэмтэй 2 төрлийн жор
Элэг өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд эрүүл байх хэрэгтэй. Бид үүнд нь тусалж чадна. Юуны өмнө зөв хооллох хэрэгтэй, хоолны дэглэмдээ смүзи болон ундааг нэмж оруулаарай.
Цааш үргэлжлүүлэн бид танд 2 хувилбарыг санал болгох болно. Харин та өөрт таалагдсанаа сонгоорой.
1. Хүрэн манжин, үзэм, бүтэн үрийн гурилтай ханд
Биеэ цэвэрлэхээр төлөвлөсөн өдрөө бүхэл өдрийн турш энэ ундааг ууж болно.
Орц:
- 700 гр хүрэн манжин
- 2 халбага бүтэн үрийн гурил
- 200 гр бор элсэн чихэр
- 100 гр үзэм
- 2 литр ус
Өөр юу хэрэг болох вэ:
- 3 литрийн багтаамжтай шилэн сав
- Модон халбага
Бэлтгэх арга:
- Хүрэн манжингаа шоо дөрвөлжин хэрчээд шилэн савандаа хийнэ. Дээр нь гурил, элсэн чихэр, үзмээ нэмнэ.
- Дээр нь халуун ус нэмнэ. Сайтар холиод хөргөнө.
- Шилэн саванд агаар нэвтрүүлэхийн тулд маарлаар таглана. Холимог 24 цагийн хугацаанд иснэ.
- Холимгоо шүүж аваад ундаагаа ууж болно. Өдөрт ихдээ 3 халбага ууна. Ундаагаа хөргөгчинд хадгалах ёстой бөгөөд 3 сарын турш ууна.
2. Хүрэн манжин, үзэм, нимбэгний смүзи
Энэ смүзи арай зөөлөн амттай бөгөөд үүнийг өдрийн аль ч цагт ууж болно.
Орц:
- ½ аяга үзэм
- 300 гр хүрэн манжин
- 2 нимбэгний шүүс
- ½ аяга ус (625мл)
Бэлтгэх арга:
- Савтай усаа гал дээр тавь. Энэ хооронд хүрэн манжингаа жижиг шоо дөрвөлжин хэрч.
- Ус буцалмагц гал дээрээс ав.
- Дээр нь үзэм, хүрэн манжингаа нэмээд саваа тагла. 45 минут хөргө.
- Саван доторхоо блендерт хийж цохино. Нэгэн төрлийн холимог болсон байна.
- Дээр нь нимбэгний шүүсээ нэмээд сайтар хутгана.
- Энэ ундааг долоо хоногийн турш өдөр бүр хоосон ходоод дээрээ уугаарай.
Хүрэн манжин, үзмийг яаж хэрэглэвэл хамгийн тохиромжтой вэ?
Үзэм, хүрэн манжинг төрөл бүрийн амттан, салатанд хийж хэрэглэж болно.
Хүрэн манжинг түүхийгээр нь ч, чанаснаар нь ч идэж болно. Салатанд хийхдээ үрүүлээр үрж эсвэл шоо дөрвөлжин хэрчиж хийвэл тохиромжтой.
Үзэм – жүржийн шүүс, тараг эсвэл өглөөний хоолонд нэмж хэрэглэвэл тохиромжтой. Мөн өглөөний болон үдийн хоолны дундуур “амттаны” оронд хэрэглэж болно (самартай хамт хэрэглэж болно).
Ер нь эдгээр гайхалтай бүтээгдэхүүнүүдийг идэх мянга гаруй арга бий.