Хүн төрөлхтөн шинжлэх ухааны ач тусаар дэлхийн тухай бүгдийг мэдэж байгаа гэж үзэх нь бий. Үнэндээ тийм биш гэдгийг та бид мэднэ.
Дэлхий биднийг гайхашруулж дуусах болоогүйг та бүхэнд дараах сонирхол татам жишээгээр танилцуулж байна. Зарим нэг нь аймшигтай, харин зарим нэг нь үнэхээр биширмээр.
Гэгээн Эльмагийн гэрэл
Цамхагийн орой, нисдэг тэрэгний сэнс зэргээс заримдаа цэнхэр туяа цацарна. Аадар борооны өмнө уг байгалийн үзэгдэл болдог ажээ.
Дундад зууны үед Европт энэхүү байгалийн үзэгдлийг гэгээн Эльмагийн гэрэл буюу далайчдыг ивээх сахиусан тэнгэр гэдэг байжээ. Домогт өгүүлж буйгаар бол, сахиусан тэнгэр үхэхээсээ өмнө далайчдыг аврах болно гэж тангарагласан, тэдэнд аюул занал дөхөж байгааг цацрах гэрлээр дохио өгнө гэжээ.
Антарктидын галт уул ба цасан хоолой
Мөнхийн хүйтэн цас мөстэй газар ч гэсэн галт уул байна гэхээр итгэж өгөхгүй л байна уу? Эребус – Антарктидын хамгийн том галт уул бөгөөд идэвхтэйд тооцогддог. Уг галт уулаас байнга гарах уурын үр дүнд цас, мөсөн хоолой тогтжээ. Цас, мөсөн хоолойгоор уур гадагшилна.
Гэрлэн (нарны) багана
Энэхүү гайхамшигт үзэгдэл нь нар эсвэл сарны гэрэл, мөн хотын гэрэлтүүлэг нь агаарт хөөрч буй бяцхан мөсөн талст дээр ойж байгаа тохиолдолд үзэгдэнэ. Гэрлэн багана ихэвчлэн хүйтний улиралд үзэгдэх ажээ.
Финляндын нэгэн нууранд үзэгдэх цасан “пагетти”
Финляндын Хямеенлинн дүүргийн нэгэн оршин суугч нуурын ус яг л хэрчсэн гурил шиг хөлдсөн байгааг олж харжээ. Тэрээр усан завин дээрээ суугаад илүү ойроос харахаар шийдсэн бөгөөд нэг үзүүрээс нь татвал цасан бөмбөлөг хийж болохоор санагдсан байна.
Магадгүй усанд унасан цасан ширхэг гайхалтай хээ үүсгэн хөлдсөн байж болох юм гэж судлаачид үзжээ.
Бүжиглэж буй ой мод
Оросын Калининград мужид нэгэн онцгой ой мод бий – дугуйрч, далийсан моднууд. Эрдэмтэд одоогоор шалтгааныг нь тогтоож чадаагүй байгаа хэдий ч зарим нэг нь мод өсөх ид үеэр хортон шавьж ургалтад муугаар нөлөөлсөн гэж үзэж байна. Харин зарим нэг нь далайн зүгээс үлээх хүчтэй салхийг буруутгаж байна. Нутгийн ард иргэд уг ой модонд далдын хүч амьдардаг гэж үзэх бөгөөд зайгаа барьцгаадаг байна. Ийм мод мөн Дани, Казахстанд ургадаг ажээ.
Иш шидийн үзэгдэл
Улаан эсвэл цэнхэр өнгийн гэрэл маш өндөрт үзэгдэнэ. Байгалийн энэхүү үзэгдлийн талаар маш олон цуу яриа яригдаж байснаас харь гаригийн нисдэг онгоц гэж үзэх хүн олон байв. Байгалийн гайхамшигт үзэгдлийг 1989 онд эрдэмтэд тогтоосон ба энэ нь аянгын цахилгаан гүйдэл ажээ.
“Улаан татлага”
“Улаан татлага”- далайн улаан өнгийн ургамал усны гадаргуу дээр гарч ирэх тэр үе. Таатай орчинд микро биетүүд маш хурдацтай өсөж олон болцгоох бөгөөд усыг улаан өнгөтэй болгодог ажээ.
Улаан татлага нь далайн бусад амьтдад муугаар нөлөөлдөг байна, учир нь усны хүчилтөрөгч багасч аммиак зэрэг бодисын хэмжээ ихэсдэг аж. Зарим нэг сүсэг бишрэлтэй эрдэмтэд “улаан татлага”-ыг библийн сударт гардаг үйл явдалтай холбон тайлбарлах ажээ: Нил мөрний ус ув улаан болж маш олон загас үхнэ.
Брокены хий үзэгдэл
Уулан дээр нарны эсрэг зогсоод гэрэл зураг дарвал аварга том биет өөрөөсөө гэрэл цацруулж буй дүр зураг гэрэл зурагнаа буусан байх тохиолдол байдаг. Үнэндээ аварга том биет бол зургаа авахуулж байгаа хүний сүүдэр, гэхдээ манангийн ширхэг бүрт нарны гэрэл ойж гэрэл цацруулж байгаа мэтээр харагдах ажээ.
Германы Брокен уулнаа авсан гэрэл зурагт илүү их тохиолдох тул Брокены хий үзэгдэл гэх болжээ.
Нагийн галт бөмбөлгүүд
Тайландын Меконг голын гүнээс үе үе галт улаан бөмбөлөг хөөрнө. Голоос 10-20 метрийн өндөрт хөөрч байгаад замхран алга болох ажээ.
Байгалийн энэхүү үзэгдэл 10-р сард тохиох бөгөөд энэ үед тосгоныхон баярлан тэмдэглэдэг байна. Эрдэмтэд байгалийн үзэгдлийн шалтгааныг тогтоож чадаагүй байгаа хэдий ч нутгийн оршин суугчдын үзэж байгаагаар голд амьдардаг хагас хүн төрхт Наг бөмбөлгүүдийг урладаг гэсэн домог ам дамжин ярьцгаадаг ажээ.
Газар унах шувуудын хөндий
Энэтхэгт Жатинга гэх хөндий бий, зуны сүүлийн өдрүүдэд шувууд маш этгээд зан авир гаргацгаана. Шувууд хүмүүсийн толгой дээгүүр эргэлдэн нисэх бөгөөд ямар ч шалтгаангүйгээр хагас ухаантай байдлаар газар шууд унах ажээ.
Шувууд тэнгэр огторгуйн гэрэл болон Дэлхийн соронзон орноор зүг чигээ баримжаалдаг. Магадгүй байгалийн ямар нэгэн нууц үзэгдлийн улмаас тэд орон зайн баримжаагаа алдахад нөлөөлдөг байх гэж эрдэмтэд үзжээ.
Балтын тэнгисийн гүнд хэвтэх үл мэдэгдэх биет
Балтын тэнгисийн гүнээс харь гаригийн нисдэг биетийг санагдуулам объект олджээ. Маш олон эрдэмтэд юу болохыг нь судалж байгаа хэдий ч тодорхой тайлбар хэлж чадахгүй л байна. Ямартай ч бальзат материалаар хийгдсэн, харь гаригийн хөлөг онгоц мөн биш талаар ярих эрт байгаа. Гэхдээ бодит үнэнд илүү ойр болов уу гэмээр хоёр таамаг гаргажээ: хайлж байгаа мөсөн уулын үлдэгдэл эсвэл Дэлхийн 2-р дайны үеийн нууц зэвсэг – германчууд зөвлөлт болон британийн усан онгоцыг сөнөөх нууц зэвсэг.
Брайникл – мөсөн “үхлийн хуруу”
Байгалийн энэхүү үзэгдэл нь Арктикийн мөсөн доорх уснаа үзэгдэнэ – усны хөлдөх хэм адилгүй бөгөөд усны давсны агууламж өөр өөр байдагтай холбоотой ажээ. Хөндлөнгөөс маш огцом үүсэж байгаа мөсөн гол шиг харагдах бөгөөд замд таарах далайн амьтад тэр дороо хөлдөх ажээ.
Байгалийн энэхүү үзэгдэл 1974 онд таамаг төдий явсаар дөнгөж 2011 онд л батлагджээ. BBC-гийн зураглаачдын авсан дээрх зураг брайниклийг нотлох цорын ганц хувилбар юм.
Голд үүсэх мөсөн цагираг
Гайхалтай тэгшхэн гадаргуутай эдгээр цагираг хүйтэнд голын урсгалд эргэлдэн бага багаар бий болох ажээ. Эргэлдэх голын хөдөлгөөнд орсон жижигхэн мөсний хэлтэрхий ч ийм том цагираг болтлоо өсөж чадна. Скандинав, Хойд Америк, Герман, Англи болон Оросын хүйтэн нутгуудаар үзэгдэх байгалийн өвөрмөц үзэгдэл юм.