Айл бүрийн гал тогоонд байдаг нимбэг нь олон төрлийн ашиг тустай. Төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг учир дархлааг дэмжиж, хоол боловсруулах системийг сайжруулахын зэрэгцээ үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Харин та үүнийг хэрхэн хоол хүнсэндээ хэрэглэж, биедээ шингээдэг вэ? Ихэнх хүмүүс нимбэгийг нимгэн хэрчиж, усанд хийж уудаг. Энэ нь мэдээж турах явцад том тус хүргэх төдийгүй биеийг хэрэгцээтэй амин дэмээр нь хангаж байдаг.
Тэгвэл нимбэгтэй ус уухын тулд худалдан авсан нимбэгээ багагүй удаан хугацаанд хадгалах хэрэгтэй болно. Нимбэг хадгалах нь бага зэрэг асуудалтай. Учир нь нимбэгийг хэдхэн хонуулахад л амархан хорчийж, хамаг ашигтай чанараа алдаж эхэлдэг байна. Тиймээс тусгай хадгалах аргыг мэдэж байх хэрэгтэй. Ингэснээр та хэрчээд орхисон тал нимбэг маань хэрэглэж боломгүй муухай болчих вий хэмээн айх хэрэггүй болох юм.
Нимбэгийг хөргөгчинд хадгалж болдоггүй. Харин тасалгааны температурт хадгалахад 5 өдрийн дараа хугацаа нь дуусч, хорчийдог. Ингэснээр нимбэг нь амт болон ашигт чанараа алдаж, ердөө л шар өнгөтэй жимс болж хувирна. С витамин нь гэрэл болон халуунд харшламтгай учир нимбэгийг ямартай ч харанхуй, сэрүүн газар хадгалах хэрэгтэй.
Одоо харин нимбэгээ хэрхэн зөв хадгалахыг мэдэж авъя. Нимбэгээ амыг нь нааж болдог пластик уутанд хийгээрэй. Дараа нь амыг нь таглаад, хөргөгчинд хийж хадгалах хэрэгтэй. Ингэснээр нимбэгний хадгалах хугацааг уртасгах бөгөөд нэг ёсондоо нимбэгний муудах явцыг удаашруулна. Та нимбэгээ ингэж хадгаласнаар 4 долоо хоног ямар ч санаа зовох зүйлгүй байж болно. Таны нимбэг шинэ хэвээрээ л байх аж.