Үг сэтгэлийг эмчилнэ бас хугална – ялангуяа хайртай хүнийхээ сэтгэлд сэв суулгаж болохгүй. Хайртай хүндээ огт хэлж болохгүй үгс гэж байх ажээ.
“Үүнд чи л буруутай”
Хуруугаа чичлээд буруутгах – ингэлээ гээд ямар ч ашиг гарахгүй, танд ч, таны хайртай хүнд ч тэр. Тэр үнэхээр буруутай байсан ч хамаагүй. Ухаантай, гал дээр тос нэмэхгүй байхыг хичээ. Сэтгэл санаа тайвширсан хойно асуудлыг ярилцаж, алдаа оноогоо олох хэрэгтэй.
“Тэр миний төлөө үүнийг байнга хийдэг байсан”
Урьд өмнө найзалж, ханилж байсан хүний тухай хэзээ ч бүү дурс. Сайнаар ч тэр, муугаар ч тэр. Хайртай хүнд тань эргэлзээ төрж магадгүй: хуучнаа байнга дурсаад байвал одооны харилцаагаа үргэлжлүүлэх шаардлага байна уу? Байнгын “төгс” хүнтэй өөрийгөө зүйрлүүлэхийг хэн ч хүсэхгүй. Ингэж хайртай хүнээ мухардалд оруулах хүсэл танд үнэхээр байна гэж үү? Энэ нь таны хувьд хайр мөн үү?
Хэрвээ та хайртай хүнээ өөрчлөхийг хүсэж байгаа бол хүмүүжлийн өөр арга барил ашиглаарай, жишээ нь сэтгэлээ нээж ярилцаж болно.
“Үүнээс тэнэг зүйл урьд өмнө нь сонсож байсангүй”
Хайртай хүнээ таниж мэдэж эхлэх цагаас л түүний оюуны чадварыг ойлгож эхэлсэн байгаа. Тиймээс таны хувьд тэнэг санагдах түүний үзэл бодол, санааг муулах огт хэрэггүй. Байнга ийм үйлдэл гаргаад байвал хайртай хүн тань таньтай чин сэтгэлээсээ харилцахаа болж сэтгэлээ дотогшоо нууж эхэлнэ.
Хэрвээ таны хань зарим нэг зүйлийн талаар буруу ойлголттой яваа бол та ухамсартайгаар засаж залруулж болно. Жишээ нь, өөрийгөө оюутан байхдаа тийм бодолтой яваад буруу гэдгээ ойлгосон гэдгээ хэлээд инээмсэглэнэ биз.
“Зүгээр хийчихэж чадахгүй байна уу?”
Ингэж чангаар хэлэх нь бүү хэл бодох ч хориотой. Оролдож үзсэнийг нь сайшааж урамшуул. Хийсэн зүйл нь амжилтгүй болбол – цугтаа хийж асуудлыг шийдэж болох талаар ярилцаарай.
Танд юу илүү үнэтэй вэ: гэр бүлийн тайван уур амьсгал уу эсвэл гал тогооны хананд гайхалтай тогтсон тавиур уу?
Түүнийг хийж чадахгүй гэдгийг нь мэдэж байсан бол түүнд яагаад ийм даалгавар өгсөн юм бэ? Хэн хэндээ хэцүү биз дээ?
“Би чамд хэлсэн биз дээ”
Ийм үг байдаг гэдгийг ч март. Өөрийн тань зөв байсан гэдгийг заавал хэлэх ёстой юм гэж үү? Ямар ч сайн зүйлд хүргэхгүй.
Ямар нэгэн зүйл хийж байгаа хүн алдаа гаргадаг юм, харин юу ч хийгээгүй хүн ямар ч алдаа гаргахгүй.
Таны хань алдаа гаргаг, алдаанаасаа суралцаж байгаа. Таны зорилго – ямар ч нөхцөлд түүнийг дэмжих үүрэгтэй. Инээгээд хайртай хүндээ дараа удаа бүх зүйл амжилттай болно гэдгийг хэлээрэй.
“Надад хайртай байсан бол хэзээ ч …”
Хэзээ ч, ямар ч нөхцөлд болзол бүү тавьж бай. Бүү дарангуйл, түүнийг сонголт хийхээс өөр аргагүй байдалд бүү хүргэ: та эсвэл өөр бусад зүйл. Байнгын дарамт харилцаанд ан цав гаргадаг. Хүн нэг удаа дэлбэрч таныг чөтгөр шулам руугаа тонил гэж хэлж чадна шүү. Буулт хийх арга замыг эрэлхийл, түүний хүсэл сонирхол чухал гэдгийг байнга санаж яваарай. Таны хэрэгцээг хүндэтгэн үзэхэд танд таатай байдаг биз дээ?
“Үүнийг битгий өмс”
Бусдын хувцасны сонголтонд нөлөөлөх амаргүй.
Та хувцаснаасаа салах хэрэгтэй эсвэл харилцаагаа хэвийн байлгахын тулд өөр ямар нэгэн арга зам олох хэрэгтэй. Жишээ нь, нөхрийнхөө өмсөх дуртай сунасан футболкны оронд шинийг аваад тавьж болно. Эмэгтэйчүүдийн хувьд бүр ч амар: хайртай хүнтэйгээ цуг дэлгүүр яваад л таалагдсан зүйлээ цугтаа авах.
Ямар ч тохиолдолд өөрийн сонирхлыг илэрхийлж, буулт хийхэд бэлэн байгаарай. Хэт богино банзал өмсөөд байгаа нь танд таалагдахгүй байна уу? Тэгвэл долоо хоногийн нэг л өдөр өмсөг л дээ.
“Миний ээж өөрөөр хийдэг байсан”
Энэ үгийг эрчүүд их хэлдэг. Хайртай бүсгүй тань сэтгэл санаа тааруу байхад энэ үгийг бодоод ч хэрэггүй. Хариуд нь хувцсаа аваад ээж рүү яв гэсэн үг сонсох биз. Энэ хувилбар харилцаанд сэв суулгана.
Эхнэр эсвэл найз бүсгүй таны ээж шиг хэзээ ч байж чадахгүй.
Тэгэх шаардлага ч байхгүй. Харин бага багаар эхнэртээ ээжийнхээ хоолны жорыг “танилцуул”, цамцаа яаж индүүдэж байсныг нь өөрөө харуул.
“Хөнжилдөө ч чи ёстой муу юм аа”
Өчигдрийн гал халуун янаг өнөөдөр нэг л идэвхгүй байвал түүнийг буруутгах гэж бүү яар. Нөхцөл байдал байнга өөрчлөгддөг, ажил дээрээ ядарсан байхыг үгүйсгэхгүй. Өөртөө ч шүүмжлэлтэй хандаж болно. Бие галбиртаа анхаарал тавь, шар айрагны гүзээгээ тат эсвэл сэрэл хөдөлгөх дотуур хувцас авч өмс.
Хайртай хүнээ хайр дурлалын ажилд тийм ч идэвхтэй биш гэдгийг мэдэж байсан бөгөөд яваандаа өөрчлөгдөнө гэж найдаж байсан гэж бүү хэлээрэй. Та өөрөө үлгэр жишээ болох ёстой – бэлгийн амьдралаа сонирхолтой болгох санааг та сэд. Түүнээс шаардаж, дарамтлах нь хагацахын цондон.
“Танай гэрийнхэн гэж дан бүтэлгүйчүүд”
Гэр бүл – ариун зүйл. Таны хайртай хүн гэр бүлийнхнийгээ муулж байсан ч хамаагүй, та муулах ёсгүй. Энэ тал дээр дуугүй байх байр суурь эзэлсэн нь хавгүй дээр. Цуг муулаад эхэлбэл танд хортойгоор эргэж болзошгүй хэзээ ч бүү март, төрсөн ах дүүс өөрсдийнхөө хэдийг л өмөөрч хамгаалдаг юм шүү дээ.