Хүн болгон л гоё эрүүл шүдтэй байхыг хүснэ. Өглөө, оройдоо шүдээ угаах нь сайхан шүдний баталгаа болж чадахгүй бололтой.
Эрүүл бас гоё шүдтэй болох зарим нэг дүрмийг танд танилцуулахаар бэлдлээ.
Шүдээ угаахдаа хэт чанга дарж угаах
Шүдний сойзоор хэт чанга дарж угаахад сойзны үс налж шүдний хогийг муу цэвэрлэхэд хүргэдэг. Мөн буйлыг ч гэмтээж болзошгүй.
Хоол ундандаа анхаардаггүй
Чихэр идвэл шүд хорхойтно гэдгийг бид сайн мэднэ. Эрүүл шүдтэй байхын тулд кальц, фосфор, фторын агууламжтай хоол хүнс хэрэглэх ёстойг тэр болгон мэддэггүй. Эдгээрээс дурьдвал:
Кальцийн агууламжтай:
- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Ногоо, жимсний хальс
- Загас
- Шош
Фосфорын агууламжтай:
- Загас
- Буудай
- Самар
- Сэвэг зарам
Фторыг бид ихэвчлэн уснаас авна, тиймээс таны амьдардаг газрын ус бага фтортой бол фторжуулсан хүнс нэмэлтээр хэрэглээрэй – сүү, давс гэх мэт.
Шүд арчилгааны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
Шүдний сойзны үсний чанар сайн хэдий ч шүдний бүх хогийг бүрэн гүйцэд цэвэрлэж чадахгүй. Тиймээс шүдний завсрын хогийг шүдний утсаар цэвэрлэнэ. Шүдний завсар том бол тусгай сойзоор угааж цэвэрлэнэ. Шүдний сойз, утас зэрэг хүрэхгүй газрын нянг ам зайлагчаар устгана.
Мөн ирригаторыг ашиглаж болно – шүд, буйлны шүршүүрийг шүдээ сойзоор угаасны дараа өдөр болгон хэрэглэх боломжтой. Усны даралтыг тохируулж хэл, буйл, шүдний завсар зэргийг сайтар угаана.
Буйлны ариун цэврийг сахидаггүй
Хэрвээ буйл сул бол цус гарч пародонтит болох эрсдэлтэй: цус ихээр гарах, үрэвсэх, хөөх, шүдний ёзоор ил гарах, шүд хөдөлгөөнтэй болж сүүлдээ унана.
Буйлыг чангалахын тулд сойзоор эсвэл хуруугаараа иллэг хийнэ. Хатуу хоол сайн зажилж иднэ. Мөн давс, ургамлын хандаар унтахаасаа өмнө амаа зайлж болно. Буйлнаас цус гарах хандлагатай бол шүдний эмчид үзүүлж буйл чангалах тусгай эмчилгээ хийлгэнэ.
Шүдний чулуугаа түүлгэхгүй байх
Шүдний чулуу – хоол хүнс болон давс, эрдэс бодисын хуримтлал юм. Шаргал-бор өнгөтэй байх бөгөөд шүдний сойзоор арилгаж чадахгүй. Шүдний чулуу нь шүд болон буйланд үүсдэг. Шүдний чулуунд микроб тааламжтай орчин болж илүү гүн суухад тусална, ингэснээр шүдийг буйланд барих эсийг сулруулахад хүргэдэг ажээ. Эцэстээ пародонтит эсвэл шүдгүй болоход хүрнэ.
Шүдний чулууг мэргэжлийн шүдний эмч л арилгана. Жилдээ нэг удаа бүрэн цэвэрлэгээ хийлгэж байгаарай. Цэвэрлэх тодорхой хугацааг эмч товлоно.
Шүдний аппарат зүүх нь оройтсон гэж үздэг
Өсвөр насандаа л шүд тэгшлэх аппарат зүүдэг гэж андуурдаг. Үнэндээ боломж бий. Магадгүй илүү их цаг л орох байх – шүдээ тэгшлэх нь зөвхөн гоё харагдаад зогсохгүй шүдний эрүүл байдлыг хадгалахад мөн нөлөөлнө. Бие биедээ хэт наалдсан, хэвтсэн шүдний завсар хорхойтсоныг анзаарахгүй өнгөрч болно шүү дээ.
Шүдэндээ төмөр зүүсэн харагдмааргүй байгаа бол үл үзэгдэгч буюу “лингваль” аппарат бий ажээ. Ямартай ч эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Нэг талаараа зажлах
Нэг талаараа зажлаад байвал тэр шүдэнд хэт их ачаалал ирж хурдан муудна. Харин “ажиллагаагүй” талын шүд суларч жагсаалаас гарах ажээ. Үүнээс гадна гавлын ясанд ч муугаар нөлөөлж мэдэх талтай, цагийн аясаар сонсголын эрхтэнд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.
Хэрвээ танд “дуртай” тал байдаг бол хоёр талаараа жигд зажлахыг хичээгээрэй. Аль болох хатуу хоол иднэ – жишээ нь ногоо, жимс – шүдийг бэхжүүлнэ шүү.
Хүүхдэдээ шүдээ цэвэрлэхийг заадаггүй
Сүүн шүдийг солигдоно хэмээн үзэж хүүхдэдээ багаас нь шүд арчилгааг тэр болгон зааж сургадаггүй. Үнэн хэрэгтээ хүүхдэдээ багаас нь сургах ёстой юм – шүд унах хэдий ч дадал зуршил үлдэнэ шүү дээ. Шүдийг 3-аас багагүй минутаар дээрээс доош чиглэлд угаана.
Анхны үндсэн шүдний эмаль нимгэн байдаг учраас эхний ээлжинд араа шүднүүдийг сайтар угааж сургана. Боломжтой бол фиссур (хорхойтохоос хамгаалах түрхлэг) түрхүүлж хүүхдийн шүдийг хамгаална.
Бонус: Хуучин шүдний сойзыг хэрхэн ашиглах вэ?
Эмч нар шүдний сойзоо 3-4 сардаа нэг удаа сольж байхыг зөвлөдөг. Хэрэггүй болсон шүдний сойзоо хогийн саванд хийхээс илүүтэй дахин өөр зориулалтаар ашиглах боломжтой ажээ.
Хуучин шүдний сойзоо хэрхэн ашиглах вэ:
- Уруулын иллэгийн сойз
- Хумс цэвэрлэх
- Хөмсөг самнах, будах
- Эрдэнэ шиш болон шинэ ургацын төмс цэвэрлэх
Гутал, компьютерийн товчлуур, зуух тавиурын завсар цэвэрлэх, мөн бариулыг нь халааж өөрт тохирох өнцгөөр нугалаад элдэв зүйл цэвэрлэж болно.