in ,

Сүү хүний эрүүл мэнд болон гоо сайханд хэрхэн нөлөөлдөг талаар мэдэх үү? Таны хэзээ ч сонсож байгаагүй сүүний ашиг тусын талаар хүргэе

Сүүний ашиг тус эртнээс тодорсон зүйл. Эрт дээр үеэс сүүгээр маш олон төрлийн өвчнийг анагааж байсан түүхтэй бөгөөд сүүний ашиг тусыг өнөөгийн шинжлэх ухаан батлаад байгаа билээ. Сүүг хүнсэнд хэрэглэхээс гадна өөр зориулалтаар ч хэрэглэдэг байна.

Бид юу ууж байна?

Сүүн бүтээгдэхүүн дундаас бид үнээний сүүг их хэрэглэдэг. Уг сүү нь эмэгтэй хүний сүүний бүтэцтэй ойролцоо, гэхдээ амино хүчлийн агууламж нь 3 дахин их байдаг.

Сүүний чухал орцуудаас дурьдвал – сүүний тос буюу бид цөцгий гэдэг. Бусад тосыг бодвол хүний биед шингэхдээ амархан, таатай амттай. Сүүний тосонд А, Д амин дэм, тосны хүчил, кератин гэх мэт бодисууд агуулагдана.

Сүүнд бас нэгэн ашигтай бодис агуулагддаг – энэ бол лактоз. Сахар шиг чихэрлэг, амттай бус, гэхдээ хүний биед шингэхдээ амархан. Лактозын ашиг тус – гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжинэ, ходоодны ялзрах процессийг багасгана, бие махбодийг эрч хүчээр сэлбэнэ. Чухам лактоз сүүг ээдэхэд хүргэдэг бөгөөд тараг, зөөхий, аарц болгон хувиргах чухал бодис юм.

Сүүнд агуулагдах кальци, магни, фосфор зэрэг нь зөвхөн яс бэхжүүлээд зогсохгүй, бэртэл гэмтлийн дараа нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Мөн нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлэх бодис байгааг эрдэмтэд тогтоожээ.

Тийм ч учраас сүү нь бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай хүмүүсийн хувьд нэн хэрэгтэй хүнс хэмээн үнэлэгддэг байна.

Орлуулшгүй хүнс

Сүүлийн үеийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар сүү нь алдагдсан эрч хүчийг сэргээхэд нэн чухал үүрэгтэй болохыг тогтоожээ: маш богино хугацаанд эрч хүчээр сэлбэж байв. Учир юунд оршиж байна вэ гэвэл, бие эрхтний эрч хүчийг хариуцсан гормоны ялгаруулалтыг идэвхжүүлэх амино хүчлийн агууламжинд байна. Уг гормон нь бие эрхтний хэвийн үйл ажиллагааг хангах, анхаарал хандуулах чанарт нөлөөлдөг ажээ.

Сүү нь нойргүйдлийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлнэ – энэ нь мэдрэлийн системд нөлөөлж буйн баталгаа. Зөгийн балтай аяга бүлээн сүү унтахаасаа нэг цагийн өмнө уувал та тайван нойрсох болно.

Мөн цусны өндөр даралттай хүмүүст тохиромжтой, учир нь цусны даралтыг багасгах үйлчилгээ үзүүлдэг. Гэдэсний өвчлөл, ходоодны хүчил багасгадаг болохыг ч мартаж болохгүй.

Австралийн Монаши их сургуулийн мэргэжилтнүүдийн хэд хэдэн судалгааны үр дүнгээс харахад: сүү хүний биед орсны дараа сүүний микро биетүүд нь ашиг тустай бодисуудаа шууд цусанд эсийн хэмжээнд шингээж байгааг тогтоосон байна. Сүүний системтэй хэрэглээ нь хоолны дуршил багасгаж байгааг ч мөн тогтоосон байна.

Бусад малын сүүний ашиг тус

Гүүний саам нь лактозын агууламж ихтэй бөгөөд уураг, тосны агууламж бага учраас үнээний сүүнээс амархан шингэдэг. Мөн А болон С амин дэмээр баялаг. Гүүний саамыг ходоодны шарх, дисбактериоз болон эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчлөлийн үед ууж хэрэглэнэ.

Ямааны сүү нь үнээнийхээс илүү чихэрлэг амттай, амин дэм, уургийн агууламж өндөр.

Эрт дээр үед ямааны сүүгээр нохой ундлах, ихэвчлэн өвчтэй хүүхдүүдэд өгдөг байжээ. Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар ямааны сүү нь эхийн сүүг бүрэн орлох боломжтой байна. Өөрөөр хэлбэл нэмэлт тэжээл эсвэл үндсэн тэжээл болох боломжийг эмч нар судалж байгаа ажээ. Ямааны сүү нь харшилтай хүмүүст бүрэн тохиромжтой.

Хонины сүү нь үнээний сүүг бодвол уураг, тос ихтэй. Хонь нь бруцеллёзоор өвдсөн байх магадлал өндөртэй тул уг малын сүүг уухаас өмнө заавал буцалгаж ариутгасан байна. Цус багадалт, ой санамж муудах, хоолны дуршил муудсан үед хонины сүү нэн тустай.

Сарлагийн сүү нь маш өтгөн бөгөөд тосны агууламж өндөртэй. Эрдэс бодис, уургийн агууламж их. Амьсгалын замын системийн өвчлөлийн үед өргөн хэрэглэдэг.

Үнээний сүүний бүтэцтэй тэмээний сүү дөхөж очдог. Эрэгтэй хүний бэлгийн чалх, хараа хурцлах, дархлаа бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Сүү гоо сайханд

Сүүг гоо сайханд эртнээс ашиглаж ирсэн түүхтэй, ялангуяа залуужуулах үйлчилгээтэй. Клеопатра өглөө болгон сүүгээр нүүрээ угаах, мөн тогтмол сүүнд ордог байсан. Энэхүү арчилгааны дараа арьс торго мэт зөөлөрдөг байна.

Эмэгтэйчүүдийн хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд бараг бүгд сүүн суурьтай. Үнэртэй усны ч хувьд мөн адил сүүн бүтээгдэхүүний орцтой үнэртэнгүүд их байх ажээ.

Гоо сайхны бүтээгдэхүүний орцод ихэвчлэн үнээ, ямаа, тэмээ мөн кокосын сүү хэрэглэнэ. Сүүнд агуулагдах амино хүчил нь үхэжсэн арьсыг гуужуулах, арьсны залуу төрхийг сэргээх зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Сүүн лактоферментүүд нь арьсыг чийгшүүлж уян хатан чанарыг нь сэргээхэд нөлөөлдөг байна.

Усан үзэм тариалагчдын туслах

Сүүний зүүдэнд ч оромгүй ашиг тусыг Аделаидийн их сургуулийн эрдэмтэд нээсэн юм. Сүүн протеин нь ургамлын мөөгөнцрийн өвчлөлийг химийн гаралтай фунгицид хэмээх бордооноос дутахааргүй эмчилж байгааг илрүүлжээ.

Ялангуяа усан үзмийн мөөгөнцрийн өвчлөлийн үед. Уг өвчлөл нь усан үзмийн модноос шарлаж унасан навчнаас халдварладаг байна. Мөөгөнцөр нь дарсны чанарт муугаар нөлөөлнө.

Фунгицид, мэдээж гэм хоргүй бордоо биш – зөвхөн мөөгөнцрийг устгаад зогсохгүй ашигтай шавьжийг устгах, усан үзмийн модны навчийг түлэх зэрэг гаж нөлөөтэй. Тийм учраас усан үзэм тариалагчдын хувьд сүү нь хортой химийн бордоог бүрэн орлох бүтээгдэхүүн болж чадах ажээ.

Бордоо хийх маш амархан: 30 грамм сүү эсвэл шар сүүн дээр 1 л ус хийж холино. 300 литр уг уусмал нь 1 гектар талбайд хангалттай гэж үзнэ. Хагас сард нэг удаа уусмалаар тариан талбайгаа шүршинэ. Зуны улиралд хэмжээг 500 литр болгон ихэсгэнэ. Сүүн амт нь дарсны амтанд нөлөөлөх эсэхийг одоогоор судлаагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *