АНУ-ын статистик тооцоогоор 73,5 сая иргэд нь холестериний ямар нэгэн эмгэгтэй ажээ. Хөрш зэргэлдээ оросуудын хувьд бол хөдөлмөрийн чадвартай иргэдийн 40% нь л холестериний хэмжээ нь хэвийн гэсэн тооцоо гарсан байна. Иргэдийн 20% нь холестериний хэт өндөр хэмжээнээс үүдэлтэй зүрх судасны өвчлөлийн өндөр эрсдэлтэйг тооцоогоор гаргажээ.
АНУ-ын өвчин судлал, хяналтын байгууллагаас хийсэн судалгаанаас харахад холестериний өндөр хэмжээнээс үүдэлтэй зүрх судасны өвчлөлтэй гэдгээ мэддэггүй хүмүүсийн хувь илүү өндөр байсан бөгөөд зүрх судасны өвчлөлтэй хүмүүсийн гуравны нэг нь холестериний хэмжээ их байгаагаа ч мэддэггүй явж байгааг гаргаж ирсэн байна.
Эдгээр хүмүүсийн хувьд байнгын тогтмол фитнес, хоолны дэглэм баримтлах, амьдралын хэв маягаа өөрчлөх замаар зүрх судасны өвчлөлийг багасгах, амьдрах насаа уртасгах боломжтой. Чикаго хот дахь Лойолийн нэрэмжит Зүрх, судасны анагаах ухааны их сургуулийн профессор Иван В. Пакольдийн баталж байгаагаар бол амьдралын хэв маяг маш чухал үүрэг гүйцэтгэнэ, “холестериний хэмжээг шууд буруулахад нөлөөлөхгүй ч гэлээ зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулна” гэжээ.
Шинэ амьдрал эхлүүлэхэд танд дараах зөвлөгөө тус болно.
Холестеринийг хянана
Юуны түрүүнд өөрийн липопротеидийн хэмжээг тодорхойлно. Дараах тоог мэдэж байх ёстой:
- Нийтлэг хэмжээ – ихэнх хүмүүсийн хувьд 5,2 ммоль/л эсвэл 200 мг/дл-ээс бага байна,
- “муу холестерин”-ий хэмжээ буюу ЛПНП/LDL – 100 мг/дл эсвэл 3,37 ммоль/л-ээс их,
- “сайн холестерин” буюу ЛПВП/HDL – эмэгтэйчүүдийн хувьд 60 мг/дл эсвэл 1,68 ммоль/л-оос доош байх ёсгүй, эрчүүдийн хувьд 1,3 ммоль/л-оос доош орохгүй.
Лабораторийн шинжилгээний хариу хэвийн гарсан ч гэсэн дараах зөвлөгөөг дагахад илүүдэхгүй. Ямар нэгэн эргэлзээ төрвөл заавал эмчид үзүүлнэ.
Фитнесээр хичээллэх
Доктор Пакольдийн үзэж байгаагаар идэвхтэй дасгал хөдөлгөөн нь ЛПВП-ийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж зүрх, судасны өвчлөлөөс хамгаална гэжээ. Фитнесээр хичээллэнгүүт үр дүн нь тэр дороо мэдэгдэхгүй нь ойлгомжтой, байнга тогтмол хичээллэх ёстойг анхаарна уу.
Биеийн эрүүл мэндийн байдал шууд фитнесээр хичээллэхэд тохиромжгүй байвал 30 минутын зөөлөн алхаанаас эхлүүлж болно.
Анхаар! Зүрх, судасны өвчлөлтэй хүмүүс биеийн тамираар хичээллэж эхлэхээсээ өмнө эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөнө.
Хоолны дэглэм зохиохын тулд орцыг сайтар унш
Биеийн тамираас гадна зөв, эрүүл хооллолт чухал – холестеринийг хэвийн хэмжээнд барих гол хүчин зүйл мөн.
Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний орцыг сайтар уншиж танилцаж эрүүл болон эрүүл бус өөх тосны харьцааг зохицуулж сурна. Дараах үзүүлэлтийг анхаарна уу:
- Калори
- Нийт өөх тос
- Ханасан тос
- Транс тос
“Тасалгааны хэмд хатуугаараа байх тосыг ханасан буюу хортой тос” гэдгийг Пакольд анхааруулж байна. Жишээ нь, цөцгийн тос, сало, кокосын тос орно. “Ургамлын гаралтай шингэн тос (чидун жимсний, рапсын зэрэг) – ханаагүй буюу эрүүл мэндэд ашигтай тос”-д тооцно гэж үзэх ажээ.
Анхаар!Хоол хүнсэндээ транс тос хэрэглэхээс эрс татгалзах хэрэгтэй. Ингэснээр бид липопротеидийн үзүүлэлтийг сайжруулж чадна.
Долоо хоногтоо хоёр удаа далайн загас иднэ
Америкийн зүрх судлалын холбооны мэдээллэснээр загас далайн хүйтэн усанд амьдардаг, омега 3-аар баялаг тул цусан дахь ЛПНП-ийг бууруулж зүрхийг хамгаална гэжээ.
“Улаан махнаас ямар ч төрлийн загас хол илүү” гэдгийг Пакольд баталж байна. Хоолны цэсэнд улаан махыг орлох загасны хэрчим болгон зүрхэнд сайнаар нөлөөлж байгааг мартаж болохгүй гэжээ.
Загас иддэггүй хүмүүсийн хувьд омега 3-ыг нэмэлт тэжээлээр эсвэл ургамлаас авч болно (маалингын үр, хушга зэрэг).
Хоолны хэмжээг багасгана
Хэвийн жингээ барих – липопротеидийг эрүүл хэмжээнд байлгах гол хүчин зүйл. Холестеринийхээ хэмжээг бууруулахыг хүсэж байгаа хүн идэх хоолныхоо хэмжээг багасгах ёстой.
Крахмаллаг нүүрс ус, жишээ нь төмс, гоймонг хагас аягаас илүү идэхгүй.
Идэх махны хэмжээ бүтэн хөзрийн хэмжээтэй байна.
Ресторанууд аймшгийн их порцоороо үйлчлүүлэгч нарыг татдаг. Гэрийн хоолны хувьд хэмжээгээ нарийн чанд тохируулах боломжтойгоос гадна эрүүл орцоор хоолоо хийнэ.
Жимс, ногоо, шош хэрэглэнэ
Нүүрс ус болон амьтны гаралтай уургийн хэмжээг багасгасан орон зайг бид жимс, ногоогоор нөхөх боломжтой. Хоолны цэсэнд 4-5 төрлийн ногоо, жимс заавал байна. Амин дэм, эрдэс бодисоор баялаг, ширхэглэгийн сайн эх үүсвэр болно.
“Шошийг мартаж болохгүй. “Муу” холестеринийг багасгах бодис агуулагддаг юм” гэж Пакольд онцолж байна.
Тамxиа хая
Тамxи наснаасаа эрт нас барах том шалтгаан болдог. Холестериний хэмжээ ихтэйн дээрээс нь никoтины xордлоготой хүний амь нас дээсэн дөрөөн дээр л байна гэсэн үг. Муу зуршлаасаа салж чадвал липопрoтеиний хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болохыг судалгаагаар баталжээ.
Никoтин нь зүрхэнд сөрөг нөлөө үзүүлэх тул зүрхний өвчлөлийн эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлэх ажээ.