Бидний эргэн тойрон байгаа эд зүйлс зүгээр нэг тохиолдлоор бий болоогүй. Тавилга, сав суулга, хувцас, техник – бүгд дизайнеруудын гараар бий болсон бүтээлүүд. Спортын хэрэгслүүд ч мөн адил.
Дэлхийн спортын хэрэгслүүдийг чухам хэн гэгч дизайнер зохион бүтээснийг мэдмээр байна уу?
Хөлбөмбөг
Хөлбөмбөг та бидний төсөөлж байсан шиг өөгүй бөөрөнхий биш, харин икосаэдр хэлбэртэй. Зөөлөн резинэн бөмбөгийг 32 өөдсөөр бүрсэн – 20 цагаан зургаан талт, 12 хар олон талт. 32 өөдсөөр бүрэх санааг америкийн архитектор, дизайнер Ричард Бакминстер Фуллер анх санаачилсан юм. Хэлбэр дүрсийн хувьд төгс болгох тал дээр тэрээр он удаан жил ажиллажээ. Энэхүү хөлбөмбөгийн бөмбөгийг анх 1970 онд Adidas компани үйлдвэрлэжээ.
Шатрын дүрс
1849 оны 3-р сарын 1-нд Натаниэль Кук анх шатрын одоогийн дүрсийг бүртгүүлжээ. Тэр жилийн 9-р сарын 8-нд The Illustrated London News сэтгүүлд шатрын дүрсийг үйлдвэрлэх ажилд английн шатарчин Говард Стаунтон оролцсон тухай мэдээлсэн байна. Шатрын шинэ дизайн ийнхүү түүний нэрийг зүүжээ. “Стаунтон” дизайны шатрыг өнөө үед дэлхийн олон улсын шатрын тэмцээнд ашигласаар байна.
Гольфын бөмбөг
1905 онд английн инженер Уильям Тейлор нэгэн этгээд дизайнтай бөмбөгийн патент авчээ – бөмбөгийн гадаргуу жижиг жижиг хонхорхойтой. Тейлор нэгэн зүйлийг анзаарсан байна: бөмбөгийн аэродинимик чадварыг дээшлүүлэхийн тулд гольфчид бөмбөгөндөө хонхорхой гаргаж байжээ. Тэрээр туршилт хийж бөмбөгөнд хэдий хэр гүн хонхорхой гаргахыг тогтоожээ.
Өнөөдөр гөлгөр гадаргуутай гольфийн бөмбөг бараг ашиглахаа больсон. Хонхорхой нь 250-450 болтлоо нэмэгдсэн, зарим нэг загварууд нь бүр 1000 давсан байх ажээ.
Коньки
Орчин үеийн конькины загварыг Жексон Хейнс 1860-аад онд гаргасан гэж үздэг – үзүүр нь эргэсэн өргөн иртэй, шүдгүй байжээ. Харин Хейнс конькийг гутлын уланд залгасан байна.
Конькины үзүүрт байрлах шүдийг шведийн уран гулгагч Карл Ульрих 20-р зууны эхээр гаргаж ирсэн. Уран гулгалтын үед үсрэх, нугарахад зайлшгүй шаардлагатай байжээ. Төд удалгүй конькины уралдааны тамирчин Николай Панин-Коломенкин загварыг төгс болгов – бат бөх байлгахын тулд 3 тулгуурт болгов. Тэр цагаас хойш конькинд онцын өөрчлөлт гараагүй, ирний зузаан, шүдэнд л бага зэрэг өөрчлөлт хийжээ.
Ролик
Уран гулгалтын бэлтгэл хийх зорилгоор 1960-аад оноос эхлэн роликийн анхны загварууд гарч эхэлжээ. Дугуйт конькийг анх харсан хоккейчин Скотт Олсон олзуурхаж Бреннан болон Жим ах нартайгаа нийлж өөрсдийн роликийг хийхээр шийджээ. Тэд дизайнд анхаарал хандуулав: тэнцвэртэй зогсохын тулд хагас уретан тэнцвэржүүлэгчтэй, хагас уретан дугуй нэмж, уланд 2 төмөр рам хийж гутлын үзүүрт тормоз хийжээ.
1980 онд ах дүү Олсон нар Rollerblade Inc компанийг байгуулж роликийн үйлдвэрийн тэргүүлэгч болж чаджээ.
Теннисийн цохиур
1874 онд английн иргэн Уолтер Уингфилд “сферист” гэх тоглоомын нэр дээр патент авчээ – энэ цагаас хойш их теннисийн түүх эхэлнэ.
1976 онд инженер Ховард Хед Prince Classic цохиурыг зохион бүтээв: алюменээр хийсэн том цохиур. Уг цохиурын ачаар “тоглоомын толбо”–ын хэмжээ томорсон буюу цохиур нь илүү эвтэйхэн болжээ.
Орчин үеийн цохиурыг графитаар хийдэг. Анхлан 1974 онд Cannon нэр дор америкийн Aldila компани үйлдвэрлэж эхэлжээ.
Уулын цана
Теннисээс гадна Ховард Хед уулын спортын хөгжилд хувь нэмрээ оруулжээ. 1940-өөд оны сүүлээр тэрээр уулын цанын шинэ загварыг танилцуулсан байна. Бат бөх, гулгахад хялбар пластик гадаргуутай, нүүрс уснаас гаргаж авсан төмрөн канттай – эргэлтэнд хурдан манёвр хийх, цас зүсэхэд хялбар байх тийм загвар байв. Ингэж HEAD «Standart». цуврал гарсан түүхтэй.
Nike-ийн пүүз
1985 онд Тинкер Хэтфилд тус компанид дизайнерын ажилд оржээ. Хэдэн арван жилийн хугацаанд тэрээр Nike-ийн одоо ч сонгодог байгаа хэд хэдэн загварыг гаргасан юм: Air Max 1, Air Trainer 1, Air Tech Challenge, Huarache, Air Raid.
Чухам Тинкер л Майкл Жорданыг Nike-тай гэрээ хийхийг ятгаж чадсан юм. Үүний үр дүнд домогт Air Jordan брэнд гарч ирсэн бөгөөд өнөөдөр энэ брэндийн пүүзийг боксчид, мэргэжлийн тулаанч, америкийн хөлбөмбөгчдөд зориулан гаргаж байна. Үүнээс гадна “Back to the Future Part II”-ийн Nike Mag загварыг Тинкер Хэтфилд гаргасан юм.