in ,

Таны гар хөлийн арьс байнга зарайх мэдрэмж төрдөг бол энэ нь маш аюултай шинж тэмдэг юм!

Булчингаар хатгуулах эсвэл биеийн бүх арьс зарайх мэдрэмж төрж байгаа бол та удаан хугацаанд тухгүй байрлалд байсны шинж юм. Энэ бол түгээмэл үзэгдэл тиймээс санаа зовох хэрэггүй.

Гэхдээ хэрэв таны гар эсвэл хөлийн арьс үргэлж зарайдаг бол эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай.

Шинжээчид энэ үзэгдлийн хамгийн түгээмэл шалтгааныг жагсаажээ:

 

Хүзүү эсвэл нурууны мэдрэл хавчигдах

Тухгүй байрлалд унтсаны улмаас эсвэл спортын гаралтай гэмтлийн улмаас нурууны мэдрэл хавчигдаж болдог.

Үүний үр дүнд гар эсвэл хөл бадайрдаг. Ямар нэг тодорхой байрлалд өвдөлт үүсэх эсвэл мөр чилж, бадайрна.

Энэ шинж тэмдгийг цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй. Учир нь ирээдүйд энэ нь илүү ноцтой өвчний шалтгаан болж болох юм.

Энэ өвдөлтийг намдаадаг тодорхой эмийн бэлдмэлүүд байдаг. Үүнээс гадна асуудалтай талбайг суллаж, хавчигдсан мэдрэлийг байранд нь оруулах физик эмчилгээ хамгийн сайн үр нөлөө үзүүлдэг.

Энэ асуудлыг иллэг эсвэл дасгал хөдөлгөөнөөр өөрөө эмчлэх гэж оролдож болохгүйг санаарай. Та асуудлыг улам хүндрүүлж болзошгүй учир хамгийн зөв арга бол эмчид хандах юм.

 

В12 амин дэмийн дутагдал

Таны гар, хөлийн арьс зарайгаад байна уу? Энэ нь бие дэх В12 амин дэмийн дутагдалтай холбоотой байж болох юм. Энэхүү амин дэмийн дутагдалд орсноор цусны улаан эс хангалттай хэмжээгээр үүсэж чадалгүй цус багадалтад хүргэдэг.

Хэрэв танд энэ шинж тэмдэг танил байгаа бол дараах шинж тэмдгүүд ч бас хавсарч илэрч болзошгүй:

  • Амархан ядрах
  • Биеийн хүчний дасгал эсвэл босох гэж оролдоход дотор муухайрах
  • Арьс цайвар болох
  • Төвлөрөх чадваргүй болох
  • Амьсгалтай холбоотой асуудал үүсэх
  • Сэтгэл санаагаар унах

Хоолны дэглэмдээ чухал ач холбогдол өгч эхэл. Эхний ээлжинд хоолондоо В12 витаминаар баялаг хүнсийг түлхүү хэрэглээрэй:

  • Шувууны мах
  • Үхрийн мах
  • Далайн бүтээгдэхүүн
  • Тараг
  • Өндөг
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Хонины мах
  • Элэг
  • Туна загас
  • Хулд загас

В12 амин дэмийн дутагдал нь ихэвчлэн хэт нарийн дэглэм барьдаг цагаан хоолтнуудад тохиолддог.

Энэ тохиолдол танд танил байна уу? Та саяханаас хоолны дэглэмээ өөрчилсөн боловч тухгүй байсаар л байна уу? Тэгвэл хоолны дэглэмдээ дараах хүнсийг нэмээрэй:

  • Үр тариан бүтээгдэхүүнүүд
  • Дүпү
  • Шар буурцаг болон түүний гаралтай бүтээгдэхүүнүүд
  • Нунтаг лактоз

 

Бугуйн сувгийн хам шинж

Та компьютерийн ард удаан хугацаагаар суудаг эсвэл утаснаасаа огт салж чаддаггүй юу? Нэг хөдөлгөөнөө байнга давтаж хийх зуршил болон гар утасны чичиргээ нь бугуйн мэдрэлийг шахаж бугуйн сувгийн хам шинжийг үүсгэж болдог.

Та юу хийж чадах вэ:

  • Гараа 30 минут тутам эсвэл цаг тутамд амрааж байя. Завсарлага бүрдээ гараа эргүүлж, гараа зангидаж суллах дасгал хий.
  • Гараа бүрэн суллахын тулд боломжтой бол мөрөө сунгах хэд хэдэн дасгалыг хийгээрэй.
  • Та зөв сууж байгаа эсэхдээ анхаараарай. Хэрэв та ширээний ард ажилладаг бол гараа зөв байрлалд байрлуулаарай. Мөн зөв өндөртэй ширээ хэрэглэ – хэт өндөр биш, хэт нам биш. Эвтэйхэн сандал ч бас чухал.

 

Чихрийн шижин

Хэрэв та чихрийн шижинтэй, чихрийн шижингийн урьдал байдалтай эсвэл инсулинд хэт мэдрэг бол цусан дахь глюкозын хэмжээгээ хянаж байгаарай. Учир нь цусан дахь глюкозын илүүдэл нь мэдрэлийн тогтолцоонд хортой нөлөө үзүүлдэг ба гар болон хөлийн арьсыг зарайхад хүргэдэг.

Мөн энэ хоруу чанар нь чихрийн шижингийн мэдрэлийн өвчнийг цаг тухайд нь эмчлээгүйн улмаас үүсэж болдог.

Хэрэв та чихрийн шижинтэй бол дараах зүйлсийг санал болгож байна:

  • Мэргэжилтнүүдэд А1С (глюкозижсон гемоглобин) шалгуулах, энэ шинжилгээ нь таны цусан дахь сүүлийн 3 сарын глюкозын түвшинг дундажлан гаргана.
  • Цусан дахь глюкозын түвшинг ихэсгэхгүйн тулд сэтгэл санаагаа хянах.
  • Эрүүл, тэнцвэртэй хооллох.
  • Булчин чангалах дасгал хийх.

 

Бамбай булчирхайн дутагдал

Бамбай булчирхайн үйл ажиллагаа саатсанаас танд булчин хатгуулж өвдөх, ядарч сульдах, хүйтэнд мэдрэг болох, жин нэмэх, арьс хуурайших, үс унах шинж тэмдгүүд илэрч болно.

Танд эдгээр шинж тэмдгүүд сүүлийн хэдэн сар анзаарагдсан уу? Хэрэв тийм бол эмчид аль болох хурдан мэдэгдээрэй. Зохих эмчилгээг хийхээс нааш энэ асуудал улам хүндрэх болно.

Эмч таниас цусны шинжилгээ авч бамбай булчирхайн байдлыг шалгана. Ирээдүйд гарч болох хүндрэлээс сэргийлэхийн тулд эмчийн зөвлөгөөг дагаарай.

 

Тархины түгээмэл хатуурал

Тархины хатуурал нь эрчүүдийг бодвол 20-40 насны эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог. Харамсалтай нь энэ үзэгдлийн шалтгааныг хэн ч өнөөг хүртэл мэдэхгүй байгаа.

Ихэвчлэн илрэх шинж тэмдгүүд (гар, хөлийн арьс зарайхаас гадна):

  • Тэнцвэр алдагдах
  • Үе мөч мэдээ алдах
  • Гар хөлийн хөдөлгөөн хязгаарлагдах
  • Хараа муудах
  • Арьс загатнах, хорсох
  • Төвлөрөлт муудах

Хэрэв гар хөлөөр хатгуулах нь тархины түгээмэл хатууралтай холбоотой бол яаралтай эмчид хандана уу. Бие зарайх нь биеийн ямар нэг эрхтний үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байдаг. Та бусад асуудлыг эмчлэхгүйгээр энэ шинж тэмдгээс салж чадахгүй.

Арьс зарайх, гар хөлийн булчин хатгах мэдрэмж аль дээрээс ажиглагдсан бол эмчид хандаж зөвлөгөө авна уу!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *