in ,

Богино хугацаанд гэрээ цэмцийтэл нь цэвэрхэн болгох 8 арга. Цаг хэмнэж, биеэс их хүч шаардахгүй!

Гэр орноо сайхан цэгцлэхэд биеийн хүчнээс гадна сэтгэлийн тэнхээ бас орно. Бүтэн өдөржин цэвэрлэгээ хийхэд овоо хүч шаардагддаг шүү дээ.

Хэрхэн цаг хэмнэж, бүтэн цэвэрлэгээ хийх зөвлөгөөг та эндээс үзээрэй.

Угаалгын машинаа цэвэрлэх хялбар арга

  1. Угаалгын машиныг цэвэрлэхэд заавал үнэтэй бодис худалдаж авах хэрэггүй. Хүнсний уксус байхад л болно. Угаалгын нунтаг хийдэг хэсэгт уксус хийгээд хамгийн удаан тохиргоон дээр тавьж ажиллуулна. Эцэст нь таны угаалгын машин цэв цэвэрхэн болсон байна.
  2. Мөн хувцсаа угаахдаа угаалгын нунтаг дээрээ бага зэрэг уксус нэмээд хийвэл (1/3 орчим харьцаатай) их зүгээр. Өнгөтэй хувцас угаахад тохиромжтой. Гол нь уксусаа ихдүүлж болохгүй.
  3. Зарим материал үс ноос татаад байдаг. Цагаан уксус хийж угаавал хавийн үсийг соронздохоо болино.

Угаалгын өрөө цэвэрлэх

Угаалгын өрөөгөө яаж амархан цэвэрлэх вэ? Тун амархан! Уксусаа богино долгионы зууханд (печь) халаана. Буцлам халуун биш, дөнгөж халуун бүлээн болох ёстой. Шүршигч хошуутай сав авч, халаасан уксусыг шингэн савантай адил хэмжээгээр хольж хийнэ. Сэгсрэхгүй. Зөөлөн хутгахад л болно. Ингээд угаалгын өрөөний плита, ванн, угаалтуур зэргийг энэ хольцоор шүршиж 30 минут байлгаад зөөлөн порлоноор арчина. Үнэтэй цэвэрлэгч бодисоос ч илүү үр дүнтэй.

Хүүхдийн тоглоом угаах

Гэрээр нэг тарсан тоглоомыг яаж угаах вэ? Булан тохой, шалны хамаг тоосыг хамж байдаг тоглоомуудыг ядаж хааяа ч гэсэн угаах хэрэгтэй болдог биз дээ? Нэг бүрчлэн угааж цаг үрэхийн оронд угаалгын машиндаа хийгээрэй. Гэр ахуйн дэлгүүрт худалддаг ийм сиймхий торон уутанд тоглоомуудаа хийгээд удаан тохиргоон дээр нь тавьж угаахад л болно.

Арилгахад бэрх толбо, зураасыг яах вэ?

Танай гэрийн бяцхан зураач хана, шалан дээр маркераар уран бүтээлээ туурвиж орхив уу? Арилгах гэж бөөн ажил болно биз? Амархан аргууд зааж өгье.

  1. Шал, ширээн дээр маркераар зурсан бол шүдний оог чийгтэй алчуурт түрхэж арчаарай. Цэвэрлэгээний алчуур илүү тохирно.
  2. Мөн дезодорант, үсний лак ч маркер сайн арилгана. Шүршээд угаана.
  3. Ханан дээрх зургийг хүнсний сода, порлоноор арилгаж болдог. Порлон дээрээ бага зэрэг сода цацаж, арилгах зураасаа сайтар үрж арчсаны дараа усаар угаана. Ингээд хана чинь цэвэрхэн боллоо. Удахгүй шинэ бүтээл гарах байх даа.

Хумсны лак арилгах

Хумсны будгаа унагаад хагалчихав уу? Хамгийн дуртай өнгө чинь байсан уу? Толбо нь арилахгүй дээ гэж санаа зовж байгаа бол хоёр арга зааж өгье.

  1. Асгасан лак хатаагүй байхад дээрээс нь ацетон гоожуулаад нэг минут хүлээ. Дараа нь амны цаасаар арчиж аваад, үлдсэн толбыг баллуураар арилгаж болно. Харин лак хатчихсан бол үсний лак юм уу, хөөс цацаад савантай бүлээн усаар угаана.
  2. Хивсэн дээр асгачихсан бол? Толбо арилгагч шингэнээс бага зэрэг түрхээд чийгтэй алчуураар үрж арилгана.

Богино долгионы зуух цэвэрлэх

Ердөө 5-хан минутын дотор цэвэрлэнэ. Нимбэгээ хэрчиж аяганд хийгээд бага зэрэг шанцай (cinnamon, корица) нэмнэ. Аягаа богино долгионы зууханд (печь) хийж 5-10 минут хамгийн бага халуунаар нь тохируулж ажиллуулна. Дараа нь нойтон порлоноор арчихад гялалзтал цэвэрлэгдэж, элдэв үнэр нь арилдаг.

Гал тогоогоо гялалзуулах

Гал тогоогоо цэвэрлэхэд цаг хэмнэхийн тулд хүнсний содыг ургамлын тостой хольж өтгөн зуурмаг болгоод, хатаж хатуурсан тосон толбон дээр түрхэж 5-10 минут байлгаарай. Дараа нь савантай алчуураар арчихад л болно.

Тоосыг мартацгаая

Тоосоо байн байн арчаад байхгүйн тулд салфетканд хүүхдийн биений шингэн тос (oil) хоёр дусаагаад арчаарай. Тоос тогтохоо болино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *