in ,

Та эдгээр амтат ногоог гэртээ хүссэнээрээ тарьж ургуулах бүрэн боломжтой – Амин дэмээр баялаг, эрүүл цэвэр бүтээгдэхүүн

Гал тогооныхоо цонхны тавцан дээр ногоо тарих нь өнөөдрийн эзэгтэй нарын дуртай ажлын нэг болоод байгаа билээ. Таны ургуулахыг хүссэн хүнсний ногоо одоо ч гар доор тань бэлэн байна. Ямар ч химийн бордоогүй өөрийн гараар ургуулсан ногоо иднэ гэхэд хэн бүхэнд сайхан байх нь ойлгомжтой.

Гэртээ амархан ургуулж болох ногоонуудыг танд танилцуулж байна.

Салатны навч

Салатны навч тарихад таниас хөдөлмөр шаардахгүй. Навчнаас үлдсэн цагаан үндсийг далд ортол нь усанд хийнэ. Ургамлыг наранд тавьж зүссэн хэсгийг хатаахгүйн тулд ус шүршиж байхаа бүү мартаарай. Хэдхэн хоногийн дараа та шинэ үндэс, навч гарч ирэхийг үзэх болно. Долоо хоногийн дараа ургамлыг хөрсөнд суулгана, навчийг хөрсөөр бүрхсэн байхыг анхаарна уу. Хэдэн долоо хоногийн дараа ургац ургана.

Бас өөр арга бий – ургамлыг шууд хөрсөнд суулгах, энэ тохиолдолд эхний долоо хоног байнгын усалгаа шаардана. Эхний навч ургатал хөрсийг сайтар чийгтэй байлгаарай.

 

Цагаан гаа

Цагаан гааг тарихад маш хялбархан. Үндэстэй цагаан гааг хөрсөнд суулгаад шууд нарны тусгалгүй газар тавина. Сайтар услахаа мартаж болохгүй, тун удалгүй шинэ үндэс гарч ургаж эхэлнэ. Гүйцэд ургаад эхлэхээр нь хөрснөөс сугалан авч өөрийн ашиглах гэж байгаа хэсгийг тайран авч буцаагаад хөрсөнд суулгана.

Цагаан гааны хэлбэр нь маш этгээд учраас таны ургамлын санд шинэ төрхийг нэмж өгнө шүү.

 

Нимбэгийн ургамал (lemongrass)

Бусад энгийн өвс шиг л ургана – стакан ус, нарны гэрэл байхад л үндэслээд ирнэ. Долоо хоног орчмын дараагаар ургаж эхлэх бөгөөд энэ үед хөрсөнд суулгана. Өвс дээш 30 см орчим өндөр ургаж эхлэхэд дээрээс нь тайрч авч хэрэглээрэй. Өвс ургасаар л байх болно.

 

Ногоон сонгино

Шинээр ногоон сонгино ургуулахын тулд хүнсэндээ хэрэглэсэн сонгины хаягдал үндсийг ашиглана. Үндсийг аяга усанд хийж нартай газар тавиарай (цонхны тавцан тохиромжтой). Өвлийн улиралд бол хүйтэн газраас хол байлгасан нь дээр. Ногоон сонгино ургах маш дуртай, идэх хэсгээ тайрч аваад байхад ургаад л байна. Усыг долоо хоногт нэг удаа солино. Өөр элдэв арчилгаа таниас огт шаардахгүй дээ.

 

Руккола

Хөрсний нарийн шаардлага хэрэггүй, хөвсгөр бөгөөд чийгтэй байхад л болно. Рукколагийн үрийг хөрсөндөө 1-1,5 см гүнд суулгаад бүлээн усаар шүршиж усална. Гялгар уутаар хөрсийг бүтээж дулаан газар тавина. 3-7 хоногийн дараанаас ургаж эхлэх бөгөөд гялгар бүрхүүлийг авч байнгын ургах байрандаа сэлгэж тавиарай. Навч 10 см орчим өндөртэй болонгуут анхилуун үнэрт навчаар хоолоо амтлан идэж болно.

 

Гоньд

Хоёр аргаар ургуулж болно. Гоньдны цагаан үндэс – устай шилэн саванд хийж гэрэлтэй газар тавина. Хэд хоногийн дараа хоолондоо хэрэглэж болох шинэ ургац гарна. Нөгөө хувилбар – үрийг хөрсөнд суулгана, ургаж эхлэхэд нилээдгүй хугацаа шаардана.

 

Редиск

Цонхны тавцан дээр ургуулахад маш тохиромжтой. Үрийг хөрсөнд суулгахаас хоёр хоногийн өмнө бүлээн усанд дэвтээнэ. Хөрсөнд 2 см гүнд суулгана. Гялгар цаасаар битүүлж болно, байнга услаарай, дааруулж болохгүй шүү. Навч ургаж эхлэхэд нилээд анхаарах хэрэгтэй, навч их ургаад эхлэвэл редискний хэмжээ багасах тул навчийг түүж байгаарай. Тэр хөрсөндөө дараагийн удаа суулгаж болно.

 

Гаа

Үрээр тарьж болно. Хөрсөнд 5 см гүнд суулгавал тохиромжтой, шүршигчээр услаарай. Гаа усанд нэг их дуртай биш гэдгийг анхаараарай. Хоёр долоо хоногоос эхэлж ургаж эхлэх бөгөөд хагас сарын дараа та сэнгэнэсэн гааны навчтай цай уугаад сууж байх болно. Нэг анхаарах зүйл бий: нарны шууд тусгалд дургүй, сүүдэр талдаа байх дуртай ургамал шүү.

 

Ананас

Туршилт хийх дуртай бас тэвчээртэй хүмүүст зориулж байна. Энэ жимсийг тарихад дээд хэсгийн навч хэрэгтэй. Навчийг жимснээс нямбай гэгч нь салгаж авна (үндсийг нь авч үлдэхийн тулд ногоон навчийг угаар нь салгаарай). Үндэснээс ургасан навчийг 2-3 см урттай байхаар тайрч авна. Ананасаа бүлээн хөрсөнд суулгаарай. Эхний ээлжинд ургамал хэлбэрээ олтол байнга услах шаардлагатай. Дараа нь долоо хоногт нэг удаа услана. Эхний сараасаа л ургаж эхлэх бөгөөд 2-3 жилийн дараагаас үр жимсээ өгч эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *