in ,

Гэр ахуйн цахилгаан барааг хурдан эвдрэхэд хүргэдэг 37 алдаа. Үүнийг мэдэж авснаар та урт хугацаанд, ариг гамтай хэрэглэж чадна

Цахилгаан хэрэгслийг залхуугаасаа болж зааврыг нь дутуу унших, ашиглалтын явцад буруу арчлах эсвэл унагааснаас болж ашиглах насыг нь богиносгодог.

Цахилгаан бараа нь танд үйлчлэх ёстой хугацаанаасаа өмнө эвдэрч хэрэглээнээс хасагдахгүй байх дараах зөвлөгөөг хүргэж байна.

Угаалгын машин

Угаалгын машин дээр хүнд зүйл тавьж болохгүй, дээр нь хэн нэгнийг бүү суулга.

Хувцсаа угаахаас өмнө халаасанд байгаа бүх зүйлээ гаргаж тавих ёстойгоо бүү мартаарай.

Угаалгын машинд тохирсон угаалгын нунтаг, зайлагч л ашиглаж байгаарай. Гараар угаах зориулалттай угаалгын нунтаг их хөөсөрдөг тул угаалгын машиныг хурдан эвдрэхэд хүргэдэг.

Угаалга болгоны дараа хаалганы резинийг арчиж хатаахаас гадна угаалгын нунтаг хийх сав зэргийг цэвэрлэж хатаана. Чийгтэйгээ байгаа угаалгын машин хурдан зэвэрдэг. Боломжтой бол хоолойг ч мөн үе үе цэвэрлэх хэрэгтэй.

Угааж дуусангуут нь хувцсаа авч байгаарай. Нойтон, хүнд хувцас угаалгын машинд хэвтээд байвал барабанд муугаар нөлөөлнө.

Хэрвээ таны угаалгын машин өөрийгөө автоматаар цэвэрлэдэггүй бол сард нэг удаа хоосноор нь халуун усаар угаалга хийж байгаарай. Угаалгын нунтаг хийх хэсэгт нимбэгийн шүүс, уксус эсвэл бохир арилгах тусгай бодис хийж болно.

Хөргөгч

Таны гэрт ирэхээс өмнө хөргөгчтэй зөв харьцсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Хөргөгчийг тэгш, босоо байрлалд тээвэрлэх ёстой, үнэхээр хазайлгахаас өөр аргагүй бол 40 хэмийн өнцгөөс ихгүй байна, энэ дүрмийг баримтлахгүй бол компрессороос масло гоожиж бүх системд муугаар нөлөөлнө.

Хөргөгчийг гэрт оруулж ирснээс хойш 4 цаг, болж өгвөл 6 цагийн дараа залгаарай. Хөргөгчийг босоогоор тээвэрлэсэн бол энэ хугацаанд хөргөгчийн эд ангийн масло хэвийн хэмжээндээ очно. Харин хэрхэн тээвэрлэж ирсэн нь тодорхой бус бол 15 цагийн дараа залгаж ажиллуулсан нь дээр.

Хөргөгчинд халуун зүйл бүү хий, заавал хөрснийх нь дараа хийгээрэй.

Орчин үеийн хөргөгчийг жилд 2 удаа гэсгээж мөснөөс нь цэвэрлэх шаардлагагүй болсон. Гэхдээ хааяахан цахилгаанаас бүрэн салгаж бүтэн цэвэрлэж байвал илүү удаан ашиглах болно.

Хөргөгчний арын хэсгийг тоосноос нь цэвэрлэж байх ёстойг бүү мартаарай. Тоос сорогчоор тоосыг нь соруулж байхдаа хөргөгчийг цахилгааны тэжээлээс заавал салгасан байна.

Олон үйлдэлт будаа агшаагч

Бохир эсвэл нойтон савыг будаа агшаагчны их биед хийж болохгүй.

Будаа агшаагчны тагны дотор хэсгийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Таганд тос, чийг, хоолны үлдэгдэл их бага хэмжээгээр дандаа үлдсэн байдаг юм.

Будаа агшаагчны дотор давхаргыг гэмтээхгүйн тулд зөөлөн парлоноор угааж байгаарай.

Таны хийх хоолны орц савны хамгийн дээд хэмжээг заасан зурааснаас доогуур байгаа эсэхийг байнга шалгаж байгаарай.

Аяга угаагч машин

Угаах гэж байгаа сав суулгаа зөв байрлуулна – доош нь харуулж хөмөрч тавина.

Угаалгын машинд хийхээс өмнө үлдэгдэл хоолыг цэвэрлэсэн байна – боломжтой бол урсгал усанд нэг гүйлгээд аваарай.

Сав суулганд наалттай цаасан тэмдэг зэргийг хуулж авахгүй бол шүүлтүүрийг бөглөж болзошгүй.

Угаалгын машинд сав суулгаа байрлуулахдаа бие биед нь хүргэхгүйгээр тавиарай, ус шүрших эргэлтэнд саад болохгүй байхаар тавина.

Зөвхөн зориулалтын бодис хэрэглэнэ. Гараар угаах шингэн хийвэл бөглөрөх аюултай.

Жижиг хэмжээтэй сав суулгыг хийхдээ доош унахгүй байхаар тавина. Доош унаж эргэлтийг зогсоож машиныг эвдрэхэд хүргэж мэднэ.

Машины хэрэглэх зааврын дагуу давс болон зайлагч хийж байгаарай. Угаалгыг сайн хийгээд зогсохгүй, машины ашиглалтын хугацааг уртасгаж өгнө.

Богино долгионы зуух

Бага хэмжээний эсвэл маш хөнгөн зүйлийг богино долгионы зууханд дангаар нь халаах хэрэггүй. Аяга ус хажууд нь тавьж халааж байгаарай.

Богино долгионы зуухан дээр юу ч тавих хэрэггүй. Хэрвээ тавихаас өөр аргагүй бол агааржуулалтын хэсэг рүү огтоос ойртож болохгүй.

Хоосноор нь ажиллуулж огт болохгүй – магнетрон (богино долгион үүсгэдэг) амархан эвдрэхэд хүргэнэ.

Хэт хүнд зүйл халааж болохгүй. Тухайн богино долгионы зууханд ямар хэмжээтэй зүйл хийж болохыг зааварт дурдсан байгааг сайтар уншиж танилцаарай.

Богино долгионы зууханд зөвхөн зориулалтын сав л хийнэ, зааврын дагуу зориулалтын сав хийгээгүй бол гал түймэр гарахад хүргэнэ.

Хэт халаахаар тохируулж болохгүй.

Мэдээж үлдэгдэл хоол, тосыг байнга цэвэрлэнэ.

Талх шарагч

Талх шарагчид ус хүргэж огтоос болохгүйгээс гадна чийгтэй алчуураар цэвэрлэх хэрэггүй. Амархан шатах зүйлийг ойрхон байрлуулахыг хориглоно, жишээ нь хөшигний дэргэд тавьсан бол хурдхан шиг өөр газар тавь.

Зөвхөн хуурай л талх шарна. Цөцгийн тос, элдэв крем түрхсэн талхыг талх шарагчинд хийж болохгүй.

Хэрвээ та өдөр болгон талх шарагчаа ашигладаг бол талхны үйрмэгийг цэвэрлэж байх ёстой, цэвэрлэхдээ цахилгааны тэжээлээс заавал салгана.

Холигч

Дөнгөж буцлаад болсон хоолыг блендерт хийхгүй байвал зүгээр. Холих гэж байгаа зүйл тань ядаж 70-80 хэм хүртэл хөрсний дараа л хийгээрэй.

Мотор байгаа хэсгийг чийгээс хамгаалж байвал зохилтой. Хоолны үлдэгдлийг цэвэрлэхдээ чийгтэй алчуураар л арчина, усанд угаахгүй.

Блендерийг удаан ажиллуулахгүй, мотор нь амархан халах тул амархан эвдэрнэ.

Дан хуурай хүнс, жишээ нь шарсан талх нунтаглах хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *