Таныг үнэтэй ресторанд урьсан уу? Тэнд хэрхэн биеэ зөв авч явахаа сайн мэдэхгүй байна уу? Гол нь тайван байж бүү сандраарай. Гэхдээ ёс зүйн энгийн дүрмүүдийг бүү март. Дараах энгийн дүрмүүдийг хүн бүр мэддэг байвал зүйтэй.
Өөрийн сонирхолд бус харин рестораны онцлогт анхаарлаа хандуул
Хэрэв таныг загасны ресторанд урьсан бол махан хоол захиалах хэрэггүй. Эсвэл та том стейкээрээ алдартай ресторанд очсон бол салатаар өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Үгүй бол та тухайн рестораны онцлогийг ойлгож чадахгүй.
Зөв хувцасла
Ресторан руу явахдаа хувцаслалтдаа анхаарах хэрэгтэй. Биеийн тамир эсвэл өдөр тутмын хувцастайгаа очно гэдэг тэнэглэл юм. Гэхдээ хэт гоёж гоодож бас болохгүй, хүн бүрийн анхаарлыг өөр дээрээ татах болно. Өвдөг татсан даашинзыг классик шаахайтай хослуулбал тохиромжтой.
Асуулт асуухаас бүү ай
Тансаг рестораны хоолны цэсэд ихэвчлэн ойлгомжгүй нэрүүд байдаг. Тиймээс хэрэв танд ямар нэг зүйл ойлгомжгүй байгаа бол тогооч болон зөөгчөөс санаа зоволгүй асуугаарай. Тухайн хоолонд ямар бүтээгдэхүүн орсныг асууснаар харшилтай хүмүүс гарч болох хүндрэлээс сэргийлж чадна.
Дарсыг хэрхэн зөв амтлах вэ?
Энэ бол анх харахад хамгийн хэцүү зүйлүүдийн нэг юм. Гэхдээ эхлээд тайвшир. Амьсгаа аваад дараа нь балга. Амссаныхаа дараа дэлхий тэр чигтээ зогсчихсон юм шиг царай гаргах хэрэггүй. Хэрэв танд дарс таалагдсан бол толгойгоо дохиход л хангалттай.
Хундагаа хэрхэн зөв барих вэ?
Энэ бол цорын ганц чухал ач холбогдолтой дүрэм юм.
- Дарстай хундагыг үргэлж шилбэнээс нь барьж байгаарай.
- Дарсыг 3, 4 эсвэл 5 хуруугаараа барьж болно.
- Хундагыг хэзээ ч зөвхөн эрхий болон долоовор хоёр хуруугаараа барьж болохгүй.
- Хундаганы өргөн хэсгийг алгаараа бүү барь.
- Чигчий эсвэл ямар нэг хуруугаа бүү гозойлго.
- Хундаганы сууриас бүү барь.
Хоолны үнийг асууж цайны мөнгө үлдээ
Үнийн тухай асуух нь ичгэвтэр хэрэг биш юм. Зөөгч танд рестораны алдартай эсвэл тусгай хоолыг санал болгож болох юм. Хэрэв үнэ өртөг нь таны санааг зовоож байгаа бол үнийг нь үргэлж тодруулж байгаарай. Харин зөөгч танд сайн үйлчилж танд ч таалагдсан байхад цайны мөнгө үлдээхгүй байна гэдэг бол ичгэвтэр хэрэг юм шүү.