in

ГоёГоё

Та өөрийнхөө гэр бүлийг аз жаргал, хайр энэрлээр дүүрэн байлгахыг хүсэж байвал дараах 10 ургамлыг гэртээ тариарай

Ургамлын ертөнц таавар, нууцаар дүүрэн байдаг. Гэртээ ойм болон дөрвөн навчит хошоонгорыг ургуулдаг хүмүүст тэд аз авчирдаг гэх маш олон домог бий. Тасалгааны цэцэгс нь гэрийг хамгаалдаг амар тайван, аз жаргал, энх тайвны билэг тэмдэг юм. Хэрэв аз таныг тойрч гараад байгаа бол түүнийг өөртөө “татах” хэрэгтэй. Дараах нийтлэлээс та хэрхэн бяцхан ногоон найзуудаараа азыг өөртөө “татаж” болох тухай олж мэдэх болно:

10-р байр: Годонхой (Anthurium)

Годонхой цэцэг нь эрэгтэйчүүдэд маш сайн. Ганц бие эрчүүдэд бүсгүйгээ олоход нь тусалдаг бол гэрлэсэн эрчүүдэд гэр бүлийн аз жаргалыг авчирна.

Хэрэв та гэрлээгүй бүсгүй бол энэ ургамлыг гадаад үзэмжээс нь гадна ирээдүйн гэр бүлийн аз жаргалынхаа төлөө гэртээ байлгаарай. Энэ цэцэг нь том хар ногоон зүрхэн хэлбэртэй навчтай. Хэрэв энэ цэцгийг сайн арчилбал жил бүр цэцгээ дэлгэрүүлэх болно. Годонхойн цэцэг хөвсгөр цагаан эсвэл шар түрүүтэй, улаан ягаан өнгөтэй байдаг.

Энэхүү тасалгааны ургамал хамгийн ихдээ 80 см өндөр ургана. Навч нь 40 см хүртэл харин цэцэг нь 20 см хүртэл ургаж чаддаг. Энэ цэцэг 3 жил болоод үхдэг.

Анхаар! Годонхой цэцэг хортой учир бага насны хүүхэд болон амьтдаас хол байлгаарай.

Годонхой буюу “эрчүүдийн цэцэг” нь Төв болон Өмнөд Америкаас гаралтай. Годонхойг илүү сайн ургуулж, өнгийг нь сайжруулахыг хүсвэл өдөрт 2 удаа усаар шүршиж байгаарай. Цэцэг рүү нь шүршиж болохгүйг анхаараарай: цэцэг нь харлаад үхдэг. Өвлийн улиралд цэцгийг 7 хоногт 1 удаа, зун 2-3 удаа усалж байх хэрэгтэй.

 

9-р байр: Айргана (Oxalis)

Айргана цэцгийг харахад аз авчирдаг гэдэг нь шууд л мэдэгдэнэ. Навчны хэлбэр нь аварга хошоонгорын навчсыг санагдуулам бөгөөд гол хэсэгтээ чернилэн ягаан өнгөтэй. Баяраар энэ цэцгийг айлд бэлэглэвэл гоё бэлэг болж чаддаг. Хамгийн гол нь энэ цэцэг эзэндээ гайхалтай аз олз авчирдаг юм.

Айргана нь хүчлийн өндөр агууламжтай учир исгэлэн амттай байдаг. Цэцгийн навчнууд ногоон, ягаан, хоёр өнгөтэй байж болно. Шөнө болон бүрхэг өдөр тэд навчаа хумьдаг. Айргана цэцэг нь жилд хэд хэдэн удаа бяцхан цэцгүүдээ дэлбээлүүлдэг:

Ягаан;

Шар;

Цагаан.

Энэхүү гэр бүлийн “аз жаргалаа” долоо хоногт 1 удаа усалж 25 хэмээс дээшгүй газар байрлуулаарай. Үе үе цэцгээ бордоогоор бордож баярлуулж байгаарай.

 

8-р байр: Багцаргана (Chlorophytum)

Багцаргана цэцэг өмнө нь таны нүдэнд өртөж байсан байх: энэхүү тансаг өтгөн ургамал ногоон навчтай. Энэ ургамлыг “оргилуун дарсны цацралт”, “аалз”, “ногоон сараана” гэж дуудах нь ч бий. Гэхдээ энэ ургамлыг ихэвчлэн “гэр бүлийн аз жаргал” гэж нэрлэдэг.

Энэ цэцэг гэр бүлийн сахиус байхаас гадна гэрт ч бас багахан ач тусаа үзүүлнэ. Багцаргана нь хортой нянгийн эсрэг, агаарыг цэвэршүүлдэг болох нь батлагджээ. Цэцгийн саван дахь шороондоо ургамлын үндэсний дэргэд хоёр ширхэг идэвхжүүлсэн нүүрс хийвэл илүү сайн нөлөөлөх болно.

Өрөөндөө 2-3 савтай багцаргана тавихад маш сайн агаар цэвэршүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Түүнээс гадна түүний найрлагад эфирийн тос маш ихээр агуулагддаг. Тиймээс ургамлын үнэрийг авахад мэдрэлийн тогтолцоонд сайнаар нөлөөлж стресс тайлна. Энэ ургамлыг үргэлж усалж, арчилж, наранд тавих хэрэгтэй.

 

7-р байр: Тогосон сүүл (Calathea)

Тогосон сүүлийг анх харахад бага зэрэг ширүүн харагддаг. Энэ цэцэг арчилгаа их шаарддаггүй бөгөөд услахгүй байсан ч удаан амьдарч чаддаг. Өмнөд Америкийн овгууд түүний бат бөх навчсыг сагс сүлжихэд ашигладаг байжээ. Энэ нь тогосон сүүл цэцгийг гэр бүлийн урт удаан, бат бөх харилцааг билэгддэг мөн гэр бүлд аз жаргал авчирдгийг гайхалтай харуулж байгаа юм.

Том, далбагар навч нь гоёмсог цайвар хээгээр чимэглээстэй байдаг. Дашрамд хэлэхэд цэцгийн эрүүл эсэх нь цэцгийн нэгэн жигд өнгө болон навч дээрх тод шугамаас шалтгаалдаг.

Энэхүү тасалгааны цэцгийн өндөр 60 см хүрч болно. Навчны урт нь 30 см. Цэцгийг тогтмол бага багаар усалбал 4 жил хүртэл амьдрах чадвартай. Хэрэв энэ цэцгийг арчилж, үржүүлбэл түүний амьдрал мөнхөд үргэлжлэх болно.

 

6-р байр: Аихризон (Aichryson)

Аихризоныг бүдүүн иш, олон бөөрөнхий, зузаан навчаар нь амархан таньж болох жижиг бут юм. Ихэнх хүмүүст навч нь зүрхэн хэлбэрийг санагдуулдаг. Магадгүй ийм учраас энэ цэцгийг “хайрын мод” гэдэг байх.

Энэ цэцэг 30 см хүртэл өндөр ургаж чадна. Ургамлын өнгө цайвар ногооноос тод ногоон өнгөтэй бөгөөд улаан, хүрэн толботой байдаг. Зурган дээр Гучи аихризон байна.

Аихризоныг тохирох хугацаанд нь цэцэглүүлэхэд (хаврын хоёр дахь хагас) маш сайн хичээх хэрэгтэй. Зун 20-25 хэмд байнга усалж, өвөл 10-12 хэмийн дулаанд байлгаж 7 хоногт 1 удаа услах шаардлагатай. Мөн үүнийг цаг үргэлж бүлээн усаар шүршиж зүрхэн навчнуудыг арчих хэрэгтэй. Тэгвэл 5 сарын эхээр та гэртээ бяцхан тод шар эсвэл улаан “нарнуудыг” цэцэглэхийг харж чадна.

 

5-р байр: Мирт (Myrtus)

Сайхан үнэртэй мирт цэцгийг ихэвчлэн залуу хосуудад бэлэглэдэг. Энэ цэцэг нь энх тайван, нөхөрлөл, эхнэр нөхрийн итгэлцэлд чухал хувь нэмэр оруулдаг гэж үздэг. Мирт бут байдаг хосын гэрт хосууд үргэлж бие биенээ дэмжиж, зовлон зүдгүүрт ч бие биедээ тусална. Гэр бүлийн аз жаргал ийм гэрийг орхиж явахгүй нь мэдээж. Магадгүй ургамлын тайвшруулах үнэр нь хосуудыг нийлүүлэх шалтгаан болдог байх. Грек хэлнээс “мирт” гэдэг үг “үнэртэй давирхай” гэсэн утгатай ажээ.

Хэрэв бутыг тасалгааны ургамал шиг ургуулбал 1 метр хүртэл өндөр ургаж чадна. Арчилгаа их шаарддаг: зөвхөн нарны гэрэлд байлгана, гэхдээ гэрэл зөөлөн, сарнисан байх ёстой. Дундаж температурт дуртай: зун 17-20 хэм, өвөл 7-10 хэм. Тогтмол усалж байх ёстой бөгөөд хэзээ ч шороог нь хатааж болохгүй. Мөн энэ бутыг үргэлж шүршиж байх хэрэгтэй. Дашрамд хэлэхэд залуу миртийн навчаар ханд болон үнэртүүлэгч хийж болдог.

 

4-р байр: Эмгэн шээргэнэ (Hoya bella)

Эмгэн шээргэнэ – Азиас гаралтай. Тасалгааны эмгэн шээргэнэ нь дундаж хэмжээтэй, гоёмсог бөмбөлөг хэлбэрийн цэцэгтэй байдаг. Эмгэн шээргэнэ залуу хосуудын хайр болон үнэнч байдлын билэг тэмдэг юм. Цэцэглэх үедээ чихэрлэг шүүс ялгаруулдаг бөгөөд сэтгэл хөдөлгөм үнэртэй байдаг. Тиймээс энэ цэцгийг унтлагын өрөөндөө тавьбал хамгийн тохиромжтой.

Цэцгийг хэвийн ургуулахын тулд зун 22-25 хэмд, өвөл 10-15 хэмийн дулаанд байлгахыг зөвлөж байна. Эмгэн шээргэнэд нарны гэрэл зайлшгүй шаардлагатай бөгөөд хиймэл гэрэлтүүлэгтэй газарт ч ургуулж болно. Цэцгийг хонуулсан усаар усалж, шүршиж байгаарай. Цэцэглэж буй эмгэн шээргэнэ нь цагаан жижиг цэцэгтэй байх бөгөөд дундаа том одтой байдаг. Эмгэн шээргэнэ ургадаг гэрийг аз жаргалтайд тооцдог.

 

3-р байр: Хятад сарнай (Rosa chinensis)

Хятад сарнай нь гэрт хүсэл тачаал авчирдаг. Тиймээс та ганц бие бол хосоо маш хурдан олох болно. Хэрэв та аль хэдийн хосоо олсон бол хайр дурлал илүү хүчирхэгжих болно.

Хятад сарнайтай маш олон азийн уламжлалууд холбоотой байдаг. Том улаан, шар, цагаан цэцэгс нь азиудын хар торгомсог үсэн дээр гайхалтай харагддаг. Тиймээс сүүлийн үед хятад сарнайг гоёл чимэглэл болгон хэрэглэх нь ихсэж байгаа юм. Зүүн чихэн дээрээ цэцгээ зүүвэл шинэ харилцаа хайж байгаа. Харин баруун талдаа зүүвэл – бүсгүй аль хэдийн хүнтэй гэдгийг илтгэнэ. Харин ичгүүргүй бүсгүйчүүд хоёр чихэн дээрээ зүүж үүгээрээ өөр нэг залуутай танилцахад дуртай байгаа гэдгээ илэрхийлдэг.

Хятад сарнай 35 градусын халууныг тэвчих чадвартай. Ерөнхийдөө энэ цэцэг арчилгаа бага шаарддаг. Гэхдээ хаврын сүүлээс намрын дунд хүртэл илүү их усалж бордоогоор бордохыг зөвлөж байна.

 

2-р байр: Нилцэцэг (Saintpaulia)

Энэ цэцгийг эцэс төгсгөлгүй хайрын билэг тэмдэг гэж үздэг. Жижигхэн бутан навчтай энэхүү ургамал цэцэглэхдээ жижиг өнгө өнгийн цэцэг гаргадаг. Жижиг савтай нилцэцэг нь дуусашгүй их гэрийн дулаан, тав тухын тэмдэг юм. Бонус нь – сайхан үнэр.

Энэ цэцгийг арчлахад бага зэрэг төвөгтэй. Их гэрэл шаарддаг, зөвхөн зөөлрүүлсэн хонуулсан усаар усалдаг, бордоотой бол бүр ч сайн. Болгоомжтой услах хэрэгтэй – хэрэв зөөлөн навч дээр нь усаа асгавал амархан ялзарчихдаг. 3-4 жил тутамд нилцэцгийг суулгаж үржүүлэх хэрэгтэй. Ягаан, цагаан, чернилийн ягаан өнгийн цэцэгсээр жилд хэдэн сарын турш өөрийгөө гоёдог.

 

1-р байр: Нөмөргөнө (Spathiphyllum)

Гэрт аз жаргал авчирдаг хамгийн шилдэг 10 ургамал дундаас нэгдүгээр байранд хэн оров? Мэдээж хэрэг эмэгтэйчүүдийн цэцэг болох нөмөргөнө юм. Энэ цэцгийг “эмэгтэйчүүдийн аз жаргал” гэж нэрлэдэг. Ганц бие эмэгтэйчүүдэд хайрыг бэлэглэж, гэрлэсэн эмэгтэйчүүдэд – эрч хүчийг, хүүхэдгүй хүмүүст – жирэмслэлт, олон хүүхэдтэй хүмүүст – гэр бүлд нь амар амгалан байдлыг бэлэглэнэ.

Нөмөргөнө нарийн, уян иштэй. Иш дээрээ том, нимгэн, уян навчтай. Цагаан гөлгөр цэцэгтэй. Заримдаа энэ цэцгийг тасалгааны “сараана” ч гэж дуудах нь бий.

Годонхойтой харьцуулбал илүү энгийн, даруу үзэмжтэй. 18-23 хэмийн дулаанд ургадаг. Хэрэв илүү халуун эсвэл хүйтэн бол тэд дороо л “унжийчихна”. Зурган дээр цагаан цэцэгтэй нөмөргөнө байна. Бусад ургамлын адил нөмөргөнийг зун олон усалж харин өвөл нь эсрэгээрээ услахаа багасгах хэрэгтэй. Хавар болоход цэцгийг үржүүлэн суулгаж болно.

Leave a Reply

Your email address will not be published.