Гал тогоондоо орж хоол хийх нь заримдаа там мэт болдгийг үгүйсгэхгүй байх: тос нь буцалж үсрэнэ, сүү нь дэврээд гараад ирнэ, түлэгдсэн хайруулын тавгийн түлэнхий нь арилахгүй, бас сонгиноос болж урсах тэр нулимсыг яалтай билээ.
Та бүхэнд хоол хийхэд хэрэг болох зөвлөгөөнүүдийг нэгтгэн хүргэж байна. Мөн гал тогоогоо илүү зайтай болгоход санаа авах зөвлөгөө ч багтсан.
Хоол хийхэд өгөх зөвлөгөө
1. Ногооны үрийг хурдан цэвэрлэх арга
Хаш зэрэг ногооны үрийг салгахын тулд зайрмагны халбага ашиглаарай. Зайрмагны халбаганы хурц ирмэг нь ямар ч төвөггүй гулсана. Бас гоёмсог хэлбэртэй салат хийх гэж байгаа бол уг халбагыг ашиглаарай.
2. Шөлний тосыг авах
Таны чанаж байгаа шөл их тостой болвол хэдхэн ширхэг дөрвөлжин мөс болон цаасан алчуур ашиглаарай. Мөсөө цаасан алчуурандаа ороогоод шөлний дээгүүр явуулахад хүйтэн мөсөнд тос яг л соронз мэт наалдана.
3. Хүнсний скочтой яг л ахлах тогооч шиг харьцаарай
Хүнсний скоч салахгүй байна уу? Энэ дэлхийн бүх ахлах тогооч хүнсний скочоо хөргөгчинд хадгалдаг гэдгийг мэдэх үү? Хүйтэн скочийг хэрэглэхэд тун хялбар болно.
4. Цитрусын төрлийн жимс цэвэрлэх
Жүрж, нимбэг эсвэл мандарин арилгах дургүй хүмүүст өгөх зөвлөгөө: богино долгионы зууханд 20 секунд хийхэд хальсыг амархан арилгана.
5. Чанасан өндөг арилгах
Өндгөө чанахдаа сод эсвэл уксус хийнэ. Энэ хоёр бодис хальсанд нэвчиж арилгахад амар болгоно.
6. Цитрусын төрлийн жимснээс их шүүс шахах
Эхлээд жимсээ хүйтэн болгосны дараа богино долгионы зууханд 15-20 секунд хийнэ.
7. Зөөлөн бяслагийг хэрхэн үрэх вэ?
Үрэхээсээ өмнө 30 минут хөлдөөгчинд хийнэ. Хагас хөлдсөн бяслаг үрүүл болон гарт наалдахгүй.
8. Сонгино хэрчихдээ яаж уйлахгүй байх вэ?
Хэрчихээсээ өмнө хөлдөөгчинд 30 минут тавина. Энэхүү арга нь хэрчсэн сонгиноо чанах эсвэл шарахад л тохирно. Хэрвээ та салатанд хийх гэж байгаа бол энэ аргыг бүү ашиглаарай.
9. Гоймон хэрхэн чанах вэ?
Буцалж байгаа гоймонгийн хөөсийг дэврээхгүйн тулд савны дээр модон хутгуур хөндлөн тавиарай.
10. Бүхэл шувууны махыг хэрхэн болгох вэ?
Бүхэл тахианы мах (эсвэл өөр шувууны мах байж болно) болгох гэж байгаа бол цээжээр нь тавиарай. Яагаад гэвэл цээжинд их мах байдаг тул халууны эх үүсвэрт хэр их ойр байна төдий чинээ сайн болно.
11. Кексэнд пергамент цаас хэрэглэнэ
Хэрвээ танд кексний хэв байхгүй бол пергамент цаас ашиглаарай. Дээрээс нь таны кексийн хэлбэр бусдаас онцгой болох болно.
12. Нүдэлж шарсан өндөг
Хайруулын тавгийн захаар халбага ус хийнэ. Тагийг нь тавихад усны уур өндөгний дээд хэсгийг болгоно. Ингээд л та бүрмэл гэхдээ нүдэлж шарсан өндөгтэй боллоо.
Хоол хүнс хадгалахад өгөх зөвлөгөө
1. Ногоон навчит ногоо хадгалах арга
Ногооны амт, чанарыг алдагдуулахгүйн тулд мөсний хэвэнд устай эсвэл оливийн тостой хөлдөөнө.
2. Арилгасан самар хадгалах арга
Хальсалсан самрыг хөлдөөвөл амт, чанараа алдахгүй. Хүнсний зориулалттай саванд хийж таглаад хөлдөөгчиндөө хийгээрэй. Хөлдөөсөн самрыг халаах хэрэггүй өөрөөр нь гэсгээнэ. Тасалгааны хэмд хадгалсан самар гашуурдаг бол хөлдөөгчинд хадгалсан самар гашуун болдоггүй байна.
Цэвэрлэгээний талаар өгөх зөвлөгөө
1. Ширмэн хайруулын таваг цэвэрлэх арга
Ширмэн хайруулын тавганд үе үе үүсэх зэвийг тусгай бодисоор арилгах хэрэггүй. Жирийн давс байхад л хангалттай. Цэвэрлээд зогсохгүй эвгүй үнэрийг ч арилгана.
2. Гараас үнэртэх эвгүй үнэр арилгах
Гараас үнэртэх эвгүй үнэрийг нимбэг эсвэл хүнсний содоор арилгана. Гараа сайтар арчаад усаар угаагаарай.
3. Сав суулгаа шинэ мэт гялалзуулах арга
Уксустай усаар угаагаарай. Илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл уксустай усанд хонуулсан ч болно.
4. Модон хутгуур, халбаганы өнгө сэргээх
Удаан хэрэглэсэн модон хутгуур нь өөрийн өнгөө алдаж эвгүй үнэртэж эхэлдэг. Хаяхаас өөр аргагүй мэт санагдах нь бий. Хайртай хутгуураасаа салмааргүй байвал танд нэг арга бий: модон хутгуураа усанд буцалгаад наранд хатаана. Өнгө нь сэргээд эвгүй үнэр нь ч арилна.
5. Махны мод цэвэрлэх арга
Том ширхэгтэй давсаар үрээд 10-15 минут давстай нь орхино. Дараа нь талласан нимбэгээр арчихад та шинэ махны модтой болсон л гэсэн үг.
6. Хоолны номыг хэрхэн цэвэрхэн хэрэглэх вэ?
Бид хоолны ном харж хоол хийх тохиолдол гардаг. Хоол хийж байгаа ширээн дээрээ тавихаар тос үсрэх, хоолтой холилдох гээд байдаг. Энэ үед өмдний хавчдаг өлгүүр таны аминд орно. Өөрт хэрэгтэй хуудсыг гаргаж хавчаад л гал тогооны савны бариулаас дүүжлээрэй.