in ,

Яг зөвЯг зөв

Эцэг эхчүүдээ анхаараарай: Эмээ, өвөө нар дараах үйлдлийг гаргадаг учраас хүүхэд буруу хүмүүжилтэй болдог!

Эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд уян, зөөлөн болж төлөвшдөг хэмээдэг. Гэхдээ аав ээж дээрээ, мөн өвөө эмээ дээрээ хэмээн ээлжилж амьдардаг эсвэл бүгдэнтэй нь хамт амьдардаг хүүхдийн зан аашинд өөрчлөлт орж, дур зоргоороо нэгэн болох нь бий. Мэдээж хүүхдийг нь харж өгч байгаа аав ээждээ талархаж, ажлыг нь тайван хийх нөхцөл бололцоо олгож байгаад нь баярлах хэрэгтэй ч, энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг аж. Өнөөдөр та бүхэндээ ач зээгээ буруу хүмүүжилд хөтөлдөг эмээ нарын үйлдлүүдийг хүргэж байна.

Аав ээжийнх нь хэлсэн үгийг шүүмжлэх

Аав ээжийнх нь хэлсэн үг, захиасыг эмээ нар үгүйсгэж, шүүмжлэх үед хүүхэд эцэг эхийнхээ үгэнд орохоо болих, тэдний хэлэх үгсийг ч чихнийхээ хажуугаар өнгөрөөж эхэлнэ. Үүнээс улбаалж, гэр бүлийн харилцаанд асуудал үүсч, тэдний дундах итгэлцэл гээч зүйл үгүй болж мэдэх юм. Иймд эмээ нар хэзээ ч аав ээжийнх нь хэлсэн үг, үйлдэл зэргийг үгүйсгэж, хүүхдийн хажууд эцэг эхийг нь муулж болохгүй.

 

Хэрэгцээгүй тоглоом худалдан авч өгөх

Хүүхэд багаасаа мөнгө үнэ цэнийг мэддэг, энэ амархан олдоггүй гэдгийг мэддэг болох хэрэгтэй. Тэр ч үүднээс аав ээж нь хүүхдээ зөв хүмүүжилд сургах гэж хичээн, хэт их тоглоом авч өгөхгүй байхыг чухалчилдаг. Гэтэл эмээ өвөө нар ач зээгийнхээ хүссэн бүхнийг авч өгөн, тэднийг улам бүр даврааж, хэт зоргоороо, дураараа болгох хандлагатай байдаг. Мэдээж энэ нь эмээ өвөө нарын хүүхдээ гэх хайр ч гэлээ, тэднийг хэт эрхлүүлж, хүссэн бүхнийг нь биелүүлэхгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс бяцхан үр тань хэний ч үгийг сонсдоггүй, том толгойтой, дураараа нэгэн болчих нь шүү дээ.

 

Жижиг зүйл дээр ч магтана

Хүүхдийг мэдээж магтаж, сайшааж урамшуулж байх хэрэгтэй. Гэхдээ хэтэрсэн магтаал нь тэдэнд эргээд сөргөөр нөлөөлж болох юм. Хэний ч хийж чадах энгийн зүйлийг хийсний төлөө дайнд ялалт байгуулсан мэт магтаж, шүтэн мөргөх нь хүүхдийг өөртөө сэтгэл ханах, цааш ахихгүй байхад хүргэнэ. Мөн өөртөө хэт бардаж, эго өндөртэй болох төдийгүй бусадтай ч дээд өнгөөр харьцах хэмжээний таагүй зан авиртай болох юм. Тиймээс үргэлж хошуу дэвсэж, хэтэрхий эрхлүүлэх хэрэггүй.

 

Өөрийнхөө дүрмийг гаргах

Аав ээж нь нэг юм хэлсэн байхад, эмээ өвөө нь тэрнээс зөрүүлж өөр нэг юм хэлэх нь хүүхдийг үнэхээр төвөгтэй байдалд оруулдаг. Ээж нь болохгүй гэсэн зүйлийг, эмээ нь болно гэх үед хүүхэд алийг нь зөв гэж үзэн, хэнийг нь дагахаа мэдэхгүй төөрөгдөлд ордог.

 

Нууцаар чихэр өгдөг

Хүүхэд л юм чинь чихэр идэж болно, идэх ёстой гэх үзэл бодол эмээ нарын толгойд хадаатай байдаг. Гэтэл үүнийг аав ээж нь хориглож, хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжилд санаагаа чилээж суудаг. Чихэр идэх нь сэтгэл санааг дэмжиж, тэднийг аз жаргалтай болгох ч гэлээ, эргээд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө гэдгийг эмээ өвөө нар минь санаж яваарай.

 

Ач зээ нарынхаа тухай найзууддаа ярьна

Гэртээ суух болсон эмээ нарт найзууддаа хуваалцах сонин содон гэвэл үр хүүхдүүдийнх нь амьдрал байх биз. Гэхдээ хүүхдүүдийнхээ тухай нэг нэгэнгүй, бүхнийг дэлгэж, бусдад ярих нь тийм ч зөв санаа биш юм. Таны хүүхэд бусдын хэл амны бай, амны зугаа болж, энэ тэнд яригдаж явах сайхан санагдана гэж үү?

 

Хоцрогдсон загварын хувцас худалдан авч өгөх

Өдөр ирэх тусам хувцас загварын трэнд өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад хүүхдүүд ч мөн илүү загварлаг хувцаслаж, бүр өөрийн өмсөх хувцсаа сонгох хэмжээнд хүрчихээд байгаа билээ. Гэтэл өөрийн мэдрэмжээр ач зээ нартаа хоцрогдсон загварын, тааламжгүй хувцас сонгон авч, өмс гэж хүчлэх нь үнэхээр буруу үйлдэл юм. Хүүхдүүд эмээ өвөөгөө гомдоохгүй гэсэндээ авчирсан хувцсыг нь өмсөх ч дотроо тийм ч таатай хүлээж авахгүй л байгаа болов уу. Иймд хүүхдэдээ хувцас худалдан авч өгөхийн оронд хамт дэлгүүр явж, өөрөөр нь сонголт хийлгээрэй.

 

Унтлагын цагийг умартдаг

Ач зээ нартаа илүү их хайрлуулж, тэдэнд таалагдахын тулд эмээ өвөө нар хүссэн бүхнийг нь хийдэг. Бага насны хүүхэд өдөрт 10-13 цаг, өсвөр насны хүүхэд өдөрт 8 цаг унтсанаар өсөлт хөгжил нь зөв явагдана. Харин хүүхэд унтахгүй тоглоно гэсний зоргоор хамт тоглож, хэлсэн үг бүрийг нь хааны тушаал мэтээр дагах нь тун ч буруу.

 

Бүхэл өдрийн турш зурагт үзэхийг зөвшөөрөх

Өнөөдөр телевиз бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдүүдийн хувьд энэ нь зугаа цэнгэлийн хэрэгсэл төдийгүй дэлхий ертөнцийг танин мэдэх арга юм. Гэхдээ өвөө, эмээ нар тэдний хүслээр бүхэл өдрийн турш зурагт үзэхийг зөвшөөрдөг бөгөөд энэ нь тэдний эрүүл мэнд, сэтгэхүй зэрэгт сөргөөр нөлөөлж байгааг умартдаг. Өдөрт 2-оос дээш цаг телевиз үзэх нь хүүхдийн цусны даралт ихсэхэд хүргэдэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *