Манла бурханы ариун орны төвд маш үзэсгэлэнтэй олон эрдэнэсээс бүтсэн сайхан орд харш буй. Орд харшийн дотор их эрдэнээр бүтсэн өнгө өнгийн гэрэл цацарсан их арслант ширээний сарны хот мандлын дээр гурван мянган ертөнц хийгээд цөвийн цагийн амьтдын гагцхүү итгэл болсон зовлон бүгдийн аюулаас аврагч дээд авралт, нисваанис, гурван хорын өвчнийг арилгагч Ялж төгс нөхцсөн түүнчлэн заларсан дайснаа дарсан үнэхээр туулсан эмчийн хаан Манла бурхан бээр очир завилгаагаар заларсан байна.
Манла бурханы баруун мутар нь дээд өглөгийн чагжатай, өвчний холын шалтгаан болох үйл нисваанис, хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхагийн гурван хороор үүссэн хий, шар, бадганы өвчнийг амарлиулах эдгэрүүлэх эмийн дээд намжал ар үр барьсан.
Зүүн мутар нь тэгш агуулсан чагжатай, үхэшгүй мөнхийн номыг илтэд бүтээсэн рашаан дүүргэсэн бадар аяга барьсан. Манла бурханы лагшин нь их эрдэнэ бэндэрьяа адил хөх өнгөтэй. Гадна, дотор хир үгүй машид огоот ариун, цог жавхлан бадарсан гучин хоёр лагшин, наян найраг төгөлдөр бөгөөд торгон шамтав, номын хувцсыг таалсан. Манлын лагшингаас нар, сарнаас үлэмж их гэрлийн цацраг зүг бүхэнд цацарна. Тэрхүү гэрлийн цацраг нь амьтан хийгээд орон алинд ч туссан төдийгээр шалтгаан, үрийн өвчин бүгдийг хоцроолгүй арилгах чадалтай.
Манла бурханы мөргөл ба тарни
Нигүүлслээр бүхнээ тэгш төгс ялж нөхцсөн Нэрийг нь дуулах төдийд муу заяааг арилгагч, Хорт сэтгэлийн өвчинг арилгагч эмийн манлай, Бэндүряан гэрэлт хаан түүнээ мөргөн тахимой. Дадаята ум бэхаанзэ бэхаанзэ маха бэхаанзэ бэхаанзэ раза самудгадэ суухаа.Түгжээ гүнлаа нонбий жомдаан дай. Цанзам тойви андоояи дугнал сэл Дүйсүм надсэл санжай манжий лаа. Бэндүр райеи одлаа чанцалалоо.