Эрүүл мэндээ дэмжихийн тулд холестерины хэмжээг зохих хэмжээнд байлгах ёстой. Холестерин – бидний бие махбодийн эсэд агуулагдах нэн шаардлагатай тосон хэлбэрийн бодис юм. Холестерины ихэнх хувийг элэг ялгаруулна, үлдсэн хувийг – хоол хүнснээсээ авна.
Холестерин хүний биед нэн шаардлагатай, өөрийн гүйцэтгэх үүрэгтэй: эсийн мембран болон хүйс, гормоны ялгаруулалтад оролцоно. Холестерингүйгээр бие махбодь Д амин дэмийг шингээж чадахгүй, мөн ходоодны хүчил ялгаруулалт явагдахгүй тул биед хуримтлагдсан өөх тос зохих ёсоор шингэхгүй хуримтлагдахад хүргэнэ.
Илүүдэл холестерин биед хуримтлагдахад эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлдэг. Гол аюул нь атеросклероз буюу ихэнх тохиолдолд зүрх судасны өвчлөл үүсгэдэг. Цусан дахь холестерины хэмжээ ихсэх шалтгаан маш их: удамшил, элэгний архаг өвчлөл, бамбай булчирхай, чихрийн шижин.
Холестерины хэмжээг хянах хамгийн энгийн арга бол тогтмол шинжилгээ өгөх. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол муу (ЛПНП) болон сайн (ЛПВП) холестерины хэмжээг хянах хэрэгтэй гэжээ, мөн триглицеридыг мартаж болохгүй. 20 насандаа анхны удаа холестерины хэмжээг тодорхойлуулна. Цаг тухайд нь холестерины хэмжээг мэдэж авснаар аливаа өвчин үүсэх эрсдэлийг бууруулж чадна.
Цусан дахь холестерины хэмжээ их байх зарим нэг хүчин зүйлсийг мөн тооцоолох хэрэгтэй. Зарим нэг шинж тэмдэг нь өөр өвчлөлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Цусан дахь холестерины хэмжээг зөвхөн лабораторийн шинжилгээ өгч тодорхойлохыг анхаарна уу.
Зовхин дээрх шар толбо
Зовхи шарлаад байвал холестерины хэмжээ их байгаатай холбоотой байж болно. Зовхио сайтар харна уу! Хэрвээ шар толбо анзаарсан бол эмчид үзүүлж холестерины хэмжээгээ шалгуулаарай. Мөн зүрхээ үзүүлэхэд ч илүүдэхгүй. Дээд болон доод зовхин дээр ямар ч өвчингүй шар ургацаг байна уу? Үүнийг “ксантелазм” гэдэг бөгөөд цусан дахь холестерин их байгааг илтгэнэ.
Эвэрлэг бүрхэвч сааралтаад байна уу?
Ихэнх тохиолдолд хөгширч байгаагийн шинж гэж үздэг хэдий ч хэрвээ та залуу бол холестерины хэмжээгээ заавал шалгуулаарай. Эвэрлэг бүрхэвч саарал өнгөөр бүрхэгдсэн байх нь зүрх судасны өвчлөл, зүрхний шигдээсийн анхны шинж тэмдэг байх талтай.
Гар, хөл бадайрах
Гар, хөл бадайрах нь эрүүл мэндэд асуудал байгааг илтгэнэ. Үүнийг тоохгүй орхиж огт болохгүй. Хэрвээ захын судаснууд холестериноор бөглөрсөн бол гар, хөл бадайрах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл захын мэдрэлүүд хангалттай хүчилтөрөгч, шим тэжээлтэй бодисоо авч чадахгүй байгааг илтгэж байна.
Хүзүү, толгойн араар өвдөх
Холестерины хэмжээ ихсэх тохиолдолд судасны ханыг бөглөдөг буюу цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлнө. Тиймээс үе үе биеийн байдал муудаж болзошгүй. Энэ тохиолдолд хүзүүгээр хөших, өвдөх мэдрэмж төрнө. Холестерины өндөр хэмжээ нь толгойн өвчин, ялангуяа ар дагзаар өвдөхөд хүргэдэг гэж эмч нар үзэж байна.
Зүрх хурдан цохилох
Зүрхний цохилт түргэсэх гэхээр хүмүүс зүрх нь ердийнхөөсөө хурдан цохилох тухай боддог. Ихэнх тохиолдолд зүрхний цохилт түргэсэх нь аюулгүй гэж үзнэ, ялангуяа бэлтгэл сургуулилт, стресс эсвэл ямар нэгэн эм уусны дараа бол. Зүрхний цохилт нь ямар нэгэн шалтгаангүйгээр түргэсч байгаа бол зүрх судасны өвчлөлийн шинж байж болно, энэ нь холестерины өндөр хэмжээнээс улбаатай. Холестерин судсанд хуримтлагдаж бөглөрүүлсний улмаас зүрхний цохилт цусаа шахахын тулд илүү хүчтэй цохилж эхэлдэг байна.